Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхантай бүсийн хөгжлийн асуудал болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар сүүлийн жилүүдэд бүсчилсэн хөгжил гэж ярих болжээ. Бүсчилж хөгжүүлэхийн тулд юуг анхаарах талаар мэргэжлийн эдийн засагчийн байр суурийг сонсохыг хүслээ?
-Миний хувьд 1994 онд МУИС-ийн Завхан аймаг дахь салбарын багшаар ажиллах хугацаандаа баруун бүс нутгийн бүсчилсэн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байлаа. Тэр үеэс эхлээд бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа. Чухам яагаад бүсчилж хөгжүүлэх ёстой талаар эхлээд ярих нь зөв байх. Монгол Улс үйлдвэрлэгч гэхээс илүүтэй хэрэглэгч орон болчихсон. Эдийн засгийн 78 хувь нь иргэндээ хүрдэггүй, бүс нутагтаа очдоггүй. Ганцхан салбараас хамааралтай эдийн засагтай болчихсон гэсэн үг. Энэ бүхнийг арилгахын тулд суурь тулгуурыг олон болгож, солонгоруулах хэрэгтэй юм. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ярьж эхэлж байгаа.
Бүс нутгаараа амь нэгтэй, тус дэмтэй байж, нэгнээ дэмжих замаар хөгжих нь бүсчилсэн хөгжлийн үндсэн үзэл баримтлал. Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих хэрэгтэй байна. Эдийн засгаа эрүүл хөгжүүлье гэвэл үйлдвэрлэгч орон болох ёстой учраас бүсчилсэн хөгжлийн тухай ярих цаг нь болсон. Тухайлбал, баруун бүсийн хувьд аймаг болгон нь өөрсдийн онцлогтой баялаг нөөц, дэд бүтэц, эрчим хүчний боломжтой. Тухайн аймаг ямар нөөцтэй байна вэ гэдгээс хамаарч ямар салбарт үйлдвэрлэгч байж болохыг нь тодорхойлж, аймаг бүрийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг бий болгох боломжтой гэж харж байгаа. Бусад аймаг өрсөлдөгч нь биш хамтрагч болж харилцан нөхөхийг л бүсчилсэн хөгжлийн концепци гэж нэрлээд байгаа юм.
Тухайлбал, Ховд аймаг цемент үйлдвэрлэж байгаа бол бусад нь тэндээс цементээ авчих. Говь-Алтай аймгийн Гуулин тосгон, Чандмань сум, Увсын Зүүнхангай, Баруунтуруунд, Завханы Тэс, Баянтэс, Асгатын бүс нутагт газар тариалан хөгжих, усалгаатай тариалан эрхлэх боломжтой. Үүндээ тулгуурлаад Говь-Алтай малын тэжээл, Завхан нь гурилын үйлдвэртэй гэх мэтээр төрөлжүүлж, өөр өөрийн онцлогт тохирсон үйлдвэрлэл эрхлээд харилцан бие, биедээ худалдан борлуулдаг болъё.-Энэ асуудлыг улстөрчид олон жил ярьсан ч ажил хэрэг болсон нь үгүй. Амьдрал дээр яаж буулгах ёстой юм бэ?
-Энэ нь эргээд системтэй хөгжлийн асуудал. Урдаас төлөвлөсөн төлөвлөлт, загварын дагуу бүсчлэх асуудлыг ярих ёстой гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь нэг хэрэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бүс нутагтаа борлуулах уу, эсвэл гадаад зах зээл бусад бүс нутагт борлуулах уу гэдэг нь өөр асуудал. Баруун бүсээ хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол таван аймгийнхаа алинд ч байж болно. Гадаад зах зээлд гаргах, төвийн бүс рүү борлуулах бол орон зайн хувьд хэрэглэгчтэйгээ ойролцоо бүс нутагт үйлдвэрлэлээ байгуулах шаардлагатай болно. Малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулъя гэвэл зах зээлтэйгээ ойрхон орон зай буюу Говь-Алтай, Завхан аймагт төлөвлөвөл илүү дөхөмтэй. Орц, гарцын ойлголтод тулгуурласан буюу бүтээгдэхүүн түүхий эдээ хаанаас авах, хаана борлуулах вэ гэдэгт нийцсэн байдлаар аль аймагт байгуулах шийдлээ гаргаж явах нь зөв. Баруун бүс нутагт хөгжүүлж болох нэг том шийдэл нь аялал жуулчлал. Хөгжүүлэхийн тулд тодорхой дэд бүтцүүд хэрэгтэй болно оо доо.
Тиймээс аялал жуулчлалын бага болон их тойргийг бий болгох боломжтой гэж үзэж байгаа. Жишээлбэл, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан орох чиглэлийг их тойрог гэж нэрлэж болно. Их тойргийг байгуулахын тулд дээрх аймгуудын зам харилцаа, дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байна. Увс-Ховд, Баян-Өлгий-Увс чиглэлийн замыг барьснаар их тойргийг бий болгоно. Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай гэсэн жижиг тойрог байж болно. Үүний тулд Говь-Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьснаар дэд бүтцийн хөгжлүүд нь аялал жуулчлал, үйлдвэрлэлийн бусад салбараа тэтгэнэ. Нэмээд эрчим хүчний дэд бүтцийг бий болгох шаардлагатай.
-Эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж та харж байна вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх нь маш чухал. Зөв шийдэл гэж харж байгаа. Нөгөөтээгүүр, Тэлмэний дулааны станцын төслийн ажлыг ч эхлүүлэх шаардлагатай. Ингэснээр “Могойн гол”-ын нүүрсийг түшиглэж эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүс нутгаа хангахаас гадна экспортод гаргах боломж байгаа. Эрчим хүч байнга өсөн нэмэгдэж байдаг учраас багтаамжийг өндөр тооцож, байгуулах нь зөв болов уу. Үйлдвэрлэл байгуулъя гэвэл эрчим хүч нэн чухал хэрэгтэй учраас үндсэн гол суурь буюу эрчим хүчний хараат байдлаас л нэн тэргүүнд гарах хэрэгтэй байна даа.
-Аймаг тус бүрийн онцлогт таарсан ямар үйлдвэрлэл байх ёстой гэж харж байгаа вэ?
-Аймаг бүр онцлогтой, өөрийн гэсэн түүхий эдийн нөөцтэй, дэд бүтэц, орон зайтай. Эдгээрт тулгуурлаад тухайн аймагт ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн хэрхэн бий болгох вэ гэдгээ сайн бодох ёстой юм. Ингэхийн тулд ТЭЗҮ-г маш сайн боловсруулах шаардлагатай болно. Бид гадаад зах зээлд гарах хэрэгтэй байгаа шүү дээ. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулах ямар боломж байна вэ гэдгээ харах ёстой гэсэн үг. Манай баруун бүс нутаг Улаанбаатар хотоос алслагдсан, тээврийн зардал өндөртэй.
Гэсэн хэдий ч ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэнтэй ойр зайд оршдог. Тэгэхээр Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридорыг баруун бүс нутагт байгуулж болно. Бүр хоёр төрлийн коридор байгуулах боломж бий. Арцсуурь-Нарансэвстэйн боомтыг холбосон, Говь-Алтай, Завханы төвүүдийг хамарсан ойрын зайн коридор бий болгох явдал. Анхны торгоны замын чиглэл шүү дээ. Энэ орон зайг бий болгохын тулд Арцсуурийн боомтоос Түдэвтэй хүртэлх, Алтай-Улиастай, Улиастайгаас Нарансэвстэйн боомт хүртэлх хатуу хучилттай замыг барих, яг энэ маршрутын дагуу төмөр замаа ч баръя. Ингэснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хоёр хөршид борлуулахаас гадна хоёр улсыг холбосон коридороо ашиглан транзит тээврийн төв болох боломж бий. Нөгөө талаар Боршоо-Булганы боомтыг холбосон коридорыг парлелаар байгуулж чадвал баруун бүс маань таранзит тээврийн төв болохоос гадна өөрсдөө ч импорт, экспортын гарц, орцтой болох бүрэн боломж нээгдэнэ.
-Дэд бүтэц, үйлдвэржүүлэлтээ ингээд хөгжүүлчихдэг юм байж. Хүн рүүгээ чиглэсэн ямар ажлууд хийх юм бол. Чин үнэнийг хэлэхэд бүс нутгийн хөгжлөөс илүүтэй хүний хөгжил маань хаа, хаанаа хаягдчихаж?
-Манай баруун бүс нутаг хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй. Хүн амын 60-70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай учраас зуд их болно. Зуд болсны дараа маш олон айл нүүж, хот суурин газрыг барааддаг. Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн аймгууд руу шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг юм. Шилжилт хөдөлгөөнийг багасгах, хүн амын тоог нэмэхийн тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг яриад байгаа юм. Хүмүүс яагаад шилжээд байна вэ гэхээр гурван шалтгаан байна гэж би хараад байгаа. Нэгдүгээрт, амьдрах орчин муу байна. Гэртээ орж ирээд дуртай үедээ усанд орчихдог хэрэгцээ байхгүй. Хоёрдугаарт, ажлын байргүй. Гуравдугаарт, нийгмийн орчин нь орхигдчихсон. Эдгээрийг шийдчихвэл хүн тэндээ л үлдэнэ.
Хотын утаа, түгжрэлийг багасгая гэвэл орон нутагт дээрх гурван орчин нөхцлийг бий болгож өгөх хэрэгтэй юм. Хүний амьдрах орчныг сайжруулахын тулд хамгийн эхэнд дэд бүтцийг сайжруулах ёстой болно оо доо. Намайг Завхан аймгийн Засаг даргаар томилогдоод 2016 онд очиход гурван сум л төвийн халаалттай байлаа. Өнөөдөр харин 24 сум төвийн халаалттай болж, цэвэр, бохир усны сүлжээгээ шийдчихсэн байгаа. Цэвэрлэх байгууламжийн асуудал л үлдчихсэн. Тэгэхээр бүс нутгийн бүх сумдыг нэгдсэн халаалттай болгох, цэвэр ус, бохирын шугам сүлжээнээс гадна цэвэрлэх байгууламжийг нь шийдчихвэл орон нутгийн иргэд хаусаа бариад халуун, хүйтэн устай, халаалттай орчинд амьдрах нөхцөл бүрдчихнэ. Ингэж байж иргэд хөдөөг зорьж, тэнд амьдарна. Орон нутагт ажлын байр бий болгохын тулд татварын зөв бүсчилсэн бодлогыг хийе.
Тухайлбал, ААНОАТ-ыг Улаанбаатар хотод 20 хувь, аймагт 5-10 хувь, суманд 1-3 хувь болгочихвол үйлдвэрүүд хөдөө рүү нүүгээд ирнэ. Дагаад хүмүүс ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Мөн НӨАТ нь алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүст хамгийн их дарамт болж байна. Нийслэлд 10 хувь байгаа НӨАТ-ыг аймагт тав, суманд гурав гээд тогтоогоод өгчих. Ингэснээр амьдрах орчин сайжраад ирнэ.
Нөгөөтээгүүр, нийгмийн салбарын бүсчлэл гэдгийг ор тас орхиод байгаа. Орон нутагт амьдарч байгаа иргэд нийслэлчүүдээс илүү өндөр зардлаар амьдраад байгаа атлаа цалин нь маш бага. Тэгэхээр нэн тэргүүнд цалинг бүсчилж тогтоогоод өгчихье. Улаанбаатарт амьдарч байгаа нэг эмч гурван сая төгрөгийн цалин авч байгаа гэвэл энэ бүс нутагт амьдарч байгаа нь таван сая төгрөгийн цалинтай байна гэдэг ч юм уу. Ингэж бүсчлэх нь маш чухал шүү. Бүсийн нэмэгдэл гэдгийг маш буруу тогтоочихсон юм билээ. Суманд амьдарч байгаа бол 40 хувь, аймагт амьдарч байгаа бол 20 гээд тогтоочихсон. Гэтэл Улаанбаатар хотоос 20 км зайнд амьдарч байгаа сумын багш 40 хувийн нэмэгдэлтэй, 2000 км-ын зайтай аймгийн төвд амьдарч байгаа багш 20 хувийн нэмэгдэлтэй байх жишээний.
Үнэхээр сайн ажиллаж байгаа багшид 10 сая төгрөгийн урамшуулал олгодог болсон. Сайн ажиллаж байгаа багшийг эцэг, эх дэмждэг. Сайн ажиллаж байгаа багшийг хүүхэд дагаад хөгждөг. Тэгэхээр хүний хөгжлийн үндсэн суурь бол багшийн хөгжил, цалин урамшууллын систем юм. Энэ асуудлыг шийдэж өгснөөр хөдөө ирж ажиллах хүмүүсийн урам зориг нэмэгддэг. Говь-Алтай аймаг боловсролын шинэчлэлийн хүрээнд 50 сая төгрөгөөр багш нараа урамшуулдаг болсон байна билээ. Тэгэхээр Солонгос явж олдог мөнгийг Говь-Алтайд очиж олох бололцоо бүрдсэн гэсэн үг. Энэ мэтээр системийн өөрчлөлтийг хийх замаар орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд гаргах бололцоо байгаа.
-Хөдөө орон нутгийг мал аж ахуйгаас салгаж ойлгох боломжгүй. Уламжлалт мал аж ахуйг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм бол?
-Бид дэлхийд ховордож байгаа нүүдэлчдийн өв соёлыг хадгалж яваа ард түмэн. Тэгэхээр аялал жуулчлалын гол брэнд бүтээгдэхүүн болох боломж бий. Нүүдэлчдийн соёлыг үзэх гэж дэлхий нийт Монголыг зорьдог цаг удахгүй ирэх байх аа. Монголчууд харин өв соёлоороо онцгойрохоос гадна орлого олдог бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн, нүүдэлчдийн өв соёлоо баяжуулах замаар мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх бололцоо ч бий. Мал аж ахуйн салбарт байгаа технологийг өөрчилж, өвлийн гурван сард тэжээдэг, бусад үед нь бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг байдлаар уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлье.
Булган аймагт л гэхэд Канадаас ирсэн малчин яг энэ зарчмаар ажиллаад ашиг шимээ хүртээд явж байгаа бодит жишээ бий шүү. Үүнээс гадна мал аж ахуйн гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлыг Завхан аймагт хийсэн ч хэрэглээ байхгүй учир төдийлөн хөгжихгүй байгаа юм.
-Хэрэглээ яагаад байхгүй гэж. Харин ч сайд нь хүртэл үхрээ ээмэгжүүлэх талаар яриад байгаа биз дээ?
-Малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг хийж болно оо. Хэрэглээ гэж юуг хэлээд байгаа вэ гэхээр наад зах нь хот руу орох товчоодод төхөөрөмжийг нь суулгаад чип уншуулдаг болчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл эсрэгээрээ гарал үүслийн бичиг нэхэж байгаа болохоор малчид бар кодтой чип авч малаа ээмэгжүүлэх шаардлагагүй болчихоод байгаа юм. Хэрэв түрүүн хэлсэн шиг бар код уншуулж, тээврийн товчоодоор нэвтэрдэг болчихвол аяндаа малчид зах зээл рүү гаргах гэж байгаа мах, малаа цахим бүртгэлийн системд бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүснэ. Нөгөө талаар ченжийн гар дамжилгүй зах зээлд шууд гаргаж борлуулах бололцоотой болно. Өөрөөр хэлбэл, малын гарал үүсэл, эрүүл мэнд нь чипээрээ тодорхой болчихвол малчин хүн дуртай цагтаа, ямар нэгэн бичиг шаардахгүйгээр лангуун дээр суугаад махаа борлуулах бололцоо бүрдэх юм. Үр дүнд нь үйлдвэрлэгч хэрэглэгчтэйгээ нүүр тулан уулзаж, хэрэглэгч хямд мах, малчид ахиу орлого олно гэсэн үг. Өнөөдөр малчдын гар дээр кг мах 5000-6000 төгрөг байгаа. Улаанбаатарт ирэхээрээ 15 мянган төгрөг болчихдог. Ченжийн систем байгаа учир ийм асуудал үүсэж байна. Энэхүү системийг төр өөрөө бий болгож, тасалбар тасалдаг болчихсон. Тэгэхээр харилцан бие биедээ хэрэгтэй системийг төр дунд нь хаалт хийхгүйгээр нээж өгөх хэрэгтэй гэж үзэж байна.
-Малчдын орлогыг нэмэгдүүлэх өөр ямар боломж харагдаж байна. Ер нь малчдын зүгээс эдийн засгийн гарц гаргалгаа, түүхий эдээ үнэд оруулах талаар олон янзын санал хэлдэг. Эдийн засагчийн хувьд үүнийг сонсоод дүгнэлт хийж суусан байх?
-Өнөөдөр Монгол Улсад малын гаралтай түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл байхгүй. Үйлдвэр байхгүй атлаа малын түүхий эдийг түүхийгээр нь гаргах эрх нь бас хаагдмал. Хонины нэхий сумын жалганд үнэгүй хэвтэж байгаа атлаа хил гарангуут 200 мянган төгрөг, АНУ-д бүр 200 ам. долларын үнэтэй болчихоод байна. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийг системтэйгээр хөгжүүлье. Тэрхүү боловсруулах үйлдвэрээ бий болгох хугацаандаа малын гаралтай түүхий эдийг түүхийгээр нь гаргах эрхийг нээчихмээр байгаа юм. Нэгэн цагт арьс, ширний ченжүүд олон байсан ч одоо хилээр гарахыг нь хаачихсан учраас ченжүүд байхгүй болж, малчид ч орлогогүй болчихлоо.
Төр малчдыг орлоготой байх, түүхий эд нь үнэтэй байх боломжоор хангаж өгөхийн тулд эхний ээлжид эрхийг нээгээд, дараа нь үйлдвэрээ барьж байгуулъя. Төр бодлогоор хаалга л нээж өгөх ёстой байхгүй юу. Гэтэл манайд эсэргээрээ хаалгыг нь хаачхаад үүдэн дээр нь билет тасалдаг, зөвшөөрөл өгдөг болчихоод байна.
-Малчдын түүхий эдийг үнэд оруулж, үйлдвэрлэл бий болгохын тулд Засгийн газар “Чинээлэг малчин-Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж буйг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үр дүн нь гараагүй байхад шүүмжлэлтэй хандмааргүй байгаа ч түүхээ эргэн санах хэрэгтэй болов уу. Нэгдэлжих хөдөлгөөнөөр яг энэ схемийг хийсэн ч мухардалд ороод “Зүүний завхрал” байж гэдэг тайлбартайгаар больсон. 1990 онд ардчилал гараад нийгэмчлэх нь буруу хувьчлах нь зөв гээд хувьчилсан ч 1996 онд дахиад “Хоршицгооё” гэдэг хөдөлгөөн үүсэж, баахан хоршоо байгуулсан ч нурсан. Хоршоолно гэдгийг Монгол Улсын түүхэнд гурван удаа хийгээд бүтэлгүйтсэн байгаа биз. Одоо дөрөвдэх удаагаа хийж байна шүү дээ. Хоршиж ажиллах нь зөв ч энэ үйл явцыг хүмүүс өөрсдөө санаачилга гаргаж, эвээ олж хийдэг болохоос дээрээс нь схемчилж өгдөг зүйл биш.
Тиймээс энийг нэг их хол явна гэж бодохгүй байгаа. Энэ удаа “Малчид үйлдвэрлэгч болох нь зөв юм байна” гэж үзээд зээл олгож буй санаа нь зөв ч загвар нь буруу. Зүгээр л зээл олгоод үйлдвэр байгуулчихдаг юм биш шүү дээ. Үйлдвэр байгуулна гэдэг чинь таван үе шатны ажлын дараа бий болдог зүйл. Хамгийн түрүүнд техник эдийн засгийн үндэслэл гаргана.
Хоёрдугаарт, төсөв. Ямар хэмжээний зардал гаргаад ямар тоног төхөөрөмжөөр юу хийгээд хаана борлуулаад, ямар орлого олох вэ гэдгээ тодорхойлох учиртай.
Гуравдугаарт, технологи. Ямар технологиор тэр үйлдвэр явах юм. Бидний оруулж ирэх гээд байгаа технологи магадгүй дэлхийн зах зээлээс шахагдчихсан ч юм бил үү, мэдэхгүй шүү дээ.
Дөрөвдүгээрт, менежмент чухал. Тэр үйлдвэрийг авч явах мэргэжлийн удирдлага, менежментийн баг байна уу.
Тавдугаарт, миний өмнө ярьсан орц, гарцын тухай асуудал. Ийм таван зүйлийг тодорхой болгож байж зээл, мөнгөний тухай асуудал ярих болохоос шууд мөнгө ярина гэдэг байж болохгүй. Мөнгө өглөө малчин нэг тоног төхөөрөмж авчраад нэхий элдлээ, тэр нь стандартын шаардлага хангахгүй бол тэгээд л унана шүү дээ. Манайд ийм жишээ маш олон.
Тухайлбал, Дарханы нэхий, ширний үйлдвэр хаанаас нэхийгээ авч байгаа юм бэ. Монголоос авахгүй байгаа шүү дээ. Монголын нэхий технологийнх нь стандартыг хангадаггүй. Тиймээс энэ асуудлаар эрдэмтэд нь суугаад яаж нэхийгээ стандарт хангуулах вэ гэдэг технологийг л олж ирэх хэрэгтэй. Үүний дараа нэхийгээ дэлхийн стандартад нийлүүлнэ гэж ярихгүй бол болохгүй байна аа. Бид дотоодод захиргааны аргаар юуг ч хийж болно. Гадагшаа харин юу ч хийж чадахгүй, зах зээлийн хуулийг зөрчсөн захиргааны арга гэж байхгүй.
-Та сая “Төр хаалга нээж өгдөг байх байтал билет тасалдаг ажилтай байна” гэлээ. Хувийн хэвшлийнхний хувьд өнөөдөр нөхцөл байдал үүнээс ч дор байна гэдэг шүүмжлэл гарч байна шүү дээ?
-Өнөөдөр Монгол Улсад хувийн хэвшил маш хүнд нөхцөлд байгаа. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг л байгаа юм. Хамгийн эхний дарамт бол зөвшөөрөл авах. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарах ёстой атал цаас үйлдвэрлэж, төрөөс зөвшөөрөл авах гэж явсаар хугацаа алддаг. Ганцхан худаг гаргахын тулд яг адилхан зөвшөөрлийг Байгаль орчны газар, Усны газар, Орон нутгийн захиргаа гэсэн гурван газраас авч байгаа.
Хоёр дахь нь татвар, төлбөр, шимтгэл хураамж, торгуультай холбоотой асуудал. ААНОАТ 10 хувь, ХАОАТ, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь, НӨАТ гээд энэ олон дарамт дор ажиллахад үнэхээр хүндрэлтэй. Гурав дахь нь манай төр хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд төрийн өмчит компани байгуулж алдагдалтай ч хамаагүй ажиллуулаад, хувийн хэвшлээ татан унагачихаад байна. Хувийн хэвшилд эрх чөлөө, амьсгалах агаар, ажиллах орчин хэрэгтэй юм. Өрсөлдөгч нь төр байж болохгүй. Зөвшөөрөл, дарамт, бичиг цаасны ажлыг нь багасгаад татвар төлбөр хураамжаа бууруулж өгснөөр хувийн хэвшил ажиллах орон зайтай болно.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл (9)