Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар түүнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос мөрдөгчийн гаргасан “сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан” шийдвэрийг хүчинтэйд тооцуулах санал ирүүлснийг шүүх 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.
Прокурорын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 болон 3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдэд тулгуурласан байв. Гэвч шүүх хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
- Сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах болон шүүхийн зөвшөөрлөөр баривчлуулах гэсэн хоёр өөр агуулгатай үндэслэлийг хольж дурдсан,
- Баривчилсан хугацааг зөрүүтэй тэмдэглэсэн,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байсан. Иймд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэж, хүсэлтийг буцаасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна