Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой болгон зорилтот бүлэгт чиглүүлж хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмжийг хүн амын бодлогын арга хэмжээ гэж үзэж, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж хуулийн төсөлд оруулсан гэлээ.
Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд:
-Мөнгөн дэмжлэг олгох
-Орон сууцны дэмжлэг үзүүлэх
-Ажил, амьдралын тэнцвэрийг хангах
-Гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих
-Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна.
Тодруулбал, хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан байна.
Мөн ажил олгогч ажилтанд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү хүргэж өгөх, авахад нь зориулж өдрийн ажлын цагийг богиносгох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох, байгууллага цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна