Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улсад анх удаа тэмдэглэхээр болсон. Үүнтэй холбоотой Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй албаныхан мэдээлэл хийв.
Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх хүрээнд энэ сарын 13-ны өдөр 07:00-10:30 цагт олон улсын морин уралдаан зохион байгуулна. Тус уралдаанд дөрвөн орны оролцогчид оролцох бөгөөд Монгол Улсаас морь түрээслэн өөрсдийн нэрээр уралдуулах зохицуулалттай. Олон улсын уралдааны дараа 11:40-13:40 цагт “Түмэн морины жагсаал” зохион байгуулахаар төлөвлөсөн. Ойролцоогоор 10 мянга орчим морь оролцуулахаар аймаг, орон нутгийн болон төрийн бус байгууллагууд саналаа илэрхийлсэн” хэмээн ярилаа.
Энэхүү жагсаалд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд “Морин парад-2026” цахим системээр бүртгүүлэх бөгөөд хэрэв бүртүүлж амжаагүй бол гарааны цэгээс дөрвөн километрийн зайд байршуулсан отоглох цэгт нэгдсэнээр энэ сарын 13-ны өдөр парадад оролцох боломжтой ажээ. Зохион байгуулагчдид морин жагсаалд оролцсон хүн бүрд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг гардуулна гэдгийг онцоллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь морины соёл, адууны эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид 5-10 жилийн хугацаанд гадаадын оролцогчдын тоо нэмэгдэж, дэлхийн хэмжээнд Монголд төвлөрсөн адууны баяр болон өргөжинө гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Мөн монгол адууны соёлыг сурталчилсан айргийн фестиваль, жороо морины уралдаан, адуучин, морьт харваа зэрэг тэмцээн зохион байгуулах бөгөөд хаалтын ёслолд Монголын урлаг соёлын одод оролцсон шоу тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна