Наймдугаар сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын автомашин 5000 төгрөг, том оврын автомашин 20 мянган төгрөг төлдөг болно. Өөрөөр хэлбэл, улсын чанартай авто зам дагуу ойролцоогоор 220 км тутамд байрлах төлбөр хураах цэгээр нэвтрэх бүрдээ жолооч нар дээрх хэмжээгээр төлбөр төлөх юм.
Төлбөр нэмэгдсэн гэхээр жолооч нарын хамгийн түрүүнд "Дахиад л мөнгө нэмлээ" гэсэн бухимдал төрдөг. Харин тэр мөнгөөр улсын чанартай замыг арчилж, засварлаж байдаг хүмүүс ямар нөхцөлд ажиллаж, салбар нь ямар санхүүжилттэй явдгийг тэр бүр мэддэггүй байна
13.7 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна
2026 оны эхний зургаан сарын байдлаар зам ашигласны төлбөрөөс 13.7 тэрбум төгрөгийн авлага үүсжээ. Өөрөөр хэлбэл, замаар зорчсон ч төлбөрөө төлөөгүй жолооч нарын өр энэ хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Шинэ журмаар зам ашигласны төлбөрөө 20 удаа дараалан төлөхгүй бол 21 дэх удаагаа төлбөр хураах цэгээр нэвтрэх боломжгүй болно. Энэ тохиолдолд суудлын автомашин 100 мянга, том оврын автомашин 400 мянган төгрөг төлж байж хөдөлгөөнд оролцох эрхээ сэргээх юм.
724 хүн улсын чанартай замын арчлалтыг хариуцдаг
Улсын хэмжээнд авто замын төлбөр хураах цэг болон зам арчлалтын байгууллагад нийт 724 хүн ажилладаг. Үүнээс 230 нь инженер, техникийн ажилтан, үлдсэн 500 гаруй нь замчин, тусгай машин механизмын оператор, жолооч юм.
Нэг салбар дунджаар 160-240 км замыг хариуцдаг бол Завхан аймгийн салбар хамгийн урт зам 1200 км дангаараа арчилдаг. Харин хамгийн богино хариуцлагатай нь Сэлэнгэ аймаг бөгөөд 98 км замыг хариуцдаг байна.
Нэг нүх бөглөх зардал гурав дахин өсжээ
Арван жилийн өмнө нэг метр квадрат нүхийг 35 мянган төгрөгөөр нөхдөг байсан бол өнөөдөр энэ зардал 115 мянган төгрөг болж өсжээ.
Материал, шатахуун, хөдөлмөрийн зардал өссөн ч зам арчлалтын төсөв төдийлөн нэмэгдээгүй хэвээр байгааг салбарынхан хэлж байна.
Замчид 160 хэмийн асфальт, 40 хэмийн халуун дунд ажилладаг
Зам ашигласны төлбөр нэмэгдэхтэй зэрэгцэн замчдын ажиллах нөхцөл, тулгамдсан асуудал ч анхаарал татав. Хэсэг л ажил хаяна гэж шуурсан тэдний ажиллах нөхцөл тйим ч таатай биш аж. Замын ажилчдын ажил зөвхөн нүх нөхөхөөр хязгаарлагддаггүй. Тэд замын эвдрэл засах, тэмдэг тэмдэглэгээ сэргээх, осол аваараас урьдчилан сэргийлэх зэрэг олон ажлыг өдөр, шөнөгүй гүйцэтгэдэг. Асфальт үйлдвэрээс 120-160 хэмийн халуунтай гардаг бол зуны улиралд замын гадаргын температур 38-40 хэм хүрдэг. Ийм халуун орчинд өдөр шөнөгүй ажилладаг байна.
Гэсэн ч ажилчдын өдрийн хоёр удаагийн хоолны мөнгө нийлээд ердөө 9000 төгрөг. Түүнчлэн ажилчдын сүүлийн хоёр сарын нийгмийн даатгалын шимтгэл хүртэл төлөгдөөгүй байгаа талаар тэд ярьсан юм. Үүнээс гадна зам дээр ажиллаж байх үедээ хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй жолооч нарт мөргүүлэх эрсдэлтэй нүүр тулдаг нь энэ ажлын бас нэг бодит эрсдэл болж байна.
"Цагаан хуудас" гэж юу вэ?
Зам ашигласны төлбөр нэмэгдэж байгаа ч бүх хүн заавал төлөхгүй гэнэ. Журмаараа хөгжлийн бэрхшээлтэй гээд зохих хүмүүсийг чөлөөлнө. Мөн дээрээс нь хот хөдөө хооронд холхидог, ажил амьдралаа зохицуулдаг иргэдийг энэ журмаар дөмөгхөн ивийлэх аж.
Төлбөр хураах цэгийн гадна талд оршин суудаг, эсвэл тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдэд "Цагаан хуудас" олгоно.
Энэ нь зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх зөвшөөрөл бөгөөд иргэд E-Mongolia-гаар хүсэлт гаргаж, баталгаажуулсны дараа тухайн төлбөр хураах цэгээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.
Өөрөөр хэлбэл, төлбөр нэмэгдсэн ч иргэдийн амьдралын онцлогийг харгалзан үзсэн зохицуулалт давхар хэрэгжиж байгаа юм.
Замын мөнгө замдаа хүрдэг үү?
Эндээс хамгийн том асуулт гарч ирнэ.
Жолооч нар зам ашигласны төлбөрөө төлдөг. Гэвч уг орлогын 70 хувь нь улсын төсөвт төвлөрч, зам арчлалтын байгууллагууд шууд захиран зарцуулдаггүй тогтолцоотой. ЗТЯ жилийн 10 тэрбумаар төсөв хүсдэг ч Сангийн яамнаас 1 тэрбумыг л баталдаг гэх. Нөгөө талаар иргэдийн төлөөгүй 13.7 тэрбум төгрөгийн авлага салбарын орлогыг улам багасгаж буй.
Өөрөөр хэлбэл, нэг талд төсвийн хуваарилалт, нөгөө талд төлөгдөөгүй төлбөр нийлээд зам арчлалтын санхүүжилтийг хязгаарлаж буйг салбарынхан хэлж байлаа.
Наадмын өмнөх "нүд хуурсан" засвар
"Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг шиг...
Өөрөөр хэлбэл, асуудлыг бүрэн шийдсэн биш, түр хугацаанд аргацаасан гэсэн үг.
Замын нүхийг хараад бид хамгийн түрүүнд замчдыг буруутгадаг. Төлбөр нэмэгдэхээр төрийг буруутгадаг.
Гэвч энэ хоёрын дунд нэг бодит дүр зураг байна. Нэг талд нь 13.7 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй төлбөр, нөгөө талд нь шаардлагад хүрдэггүй төсөв, дээрээс нь зам арчлалтын байгууллагуудын шууд зарцуулж чаддаггүй орлогын тогтолцоо алдагдснаас өнөөдрийн дүр зураг үүсээд буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна