ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ЭЗЭМШИГЧИЙН ЛАВЛАГААГ ТҮЦ МАШИНААС ОЛГОНО


Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олгох явц иргэдэд хардлага төрүүлдэг. Азын гэх зарим дугаарыг өндөр үнээр худалддаг хэмээн үеийн үед л хэл ам дагуулж байдаг билээ. Гэвч тус байгууллагынхан төрийн зарим албаныхан шиг хэрүүл, зарга хийгээд байдаггүй, өмнөх ажлаа л хийсээр ирсэн. Сүүлийн үед Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийнхэн иргэд рүү хандсан, төрийн үйлчилгээг тэдэнд чирэгдэл багатай үзүүлэхэд чиглэсэн ажлууд хийж хэрэгжүүлж буй аж.

Жил бүр импортоор орж ирж буй автомашины тоо нэмэгдсээр байгаа. Гаалийн татвар нэмлээ гэж дуулиан шуугиан болсон ч хилээр оруулсан машины тоо 30-аад хувиар өссөн нь үүнийг илтгэнэ. 2016 онд 44.257 автомашинд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс улсын дугаар олгож байсан бол энэ оны аравдугаар сарын 27-ны байдлаар 56.530-ийг шинээр бүртгэснээс өсөлтийг харж болох юм. Улсын дугаар авчихаад иргэд хоорондоо наймаалцан автомашинаа шилжүүлэх явдал өдөр бүр байдаг. 2016 онд 203.532 машиныг нэг эзэмшигчээс нөгөө хүнд, хотоос хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжүүлж байж. Харин энэ оны аравдугаар сарын 27-ны байдлаар 249.345 тээврийн хэрэгсэл нааш цааш нь шилжүүлсэн байх юм. Тус хэлтсийн харьяа зургаан салбарт өдөрт дунджаар 1000-1200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар авдаг гэсэн үг. Эндээс тус хэлтсийнхний ачаалал ямар байгааг, иргэдийн дараалал, хүлээлтийг гадарлаж болно. Тиймээс энэ хэлтсийнхэн иргэдийн ачааллыг бууруулахын тулд цахим технологийн дэвшлийг ашиглах гэнэ. Ирэх сараас Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас иргэд тээврийн хэрэгслийн лавлагааг авах боломжтой болох нь. Ингэснээр өдөрт лавлагаа авахаар хандаж буй иргэд, байгууллагын ажлыг хөнгөвчлөх юм.

Түүнээс гадна 1900-1234, 70070018 дугаар утсаар машиныг нь хаагаад тавьсан тээврийн хэрэгслийн жолооч нарыг холбож өгөх үйлчилгээ ч нэвтрүүлээд байна. Дээрх утсуудад хандан зарим хүн машиных нь улсын дугаараар жолоочийнх нь гар утасны дугаарыг авахыг санаархдаг ч, операторууд нь ямар нэг дугаар өгөх эрхгүй, харин хооронд нь зуучилж буй гэнэ.

Энэ мэтчилэн иргэд, жолооч нарт чиглэсэн ажлуудаас хамгийн чухал нь төмрийн хог болчихсон атлаа улсын дугаараа хасуулдаггүй, татварт өр үүсгээд байж буй машинуудыг бүртгэлээс хасаж эхэлсэн явдал. Татварын ерөнхий газар, АТҮТ хамтран сүүлийн дөрвөн жилд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татвар, хураамжаа төлөөгүй 95 777 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгааг тогтоожээ. Хэрэв таны тээврийн хэрэгсэл энэ 95 777-д орсон, эсэхийг мэдэхийг хүсвэл transdep.mn хаягаар орж шалгаад жагсаалтад байвал Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Цирк дэх салбарт ирж татварын тодорхойлолтгүйгээр хасуулж болох юм байна. Өнгөрсөн онд ийм 2500-гаад машин хассан бол, энэ онд 10.000 орчим буюу аравдугаар сарын 27-ны байдлаар 9181-ийг хассаныг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон мэдээллээ. Замын хөдөлгөөнд огт оролцохгүй байгаа тэдгээр тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулаагүй тохиолдолд тухайн эзэмшигчид татварын өр, хүү, алданги, торгууль нэмэгдээд л байх эрсдэлтэйг тэрбээр нэмж хэлсэн юм. Татварын байгууллагатай тус хэлтсийнхэн сүлжээгээ холбож, бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээллээ солилцдог болсноор дээрх 95.777 автомашины тоог гаргасан аж. Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийгээ нотариатаар батлуулаад авсан, өгсөн хэн хэн нь хууль журмын дагуу бүртгэлээ хийлгэдэггүйгээс хуучин эзэмшигчийнх нь нэр дээр татварын өр үүссээр байгаа юм билээ. Тиймээс нотариатаар худалдах, худалдан авах гэрээгээ батлуулсан ч өөрсдөө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн аль нэг салбарт очиж нэрээ шилжүүлж байх нь чухал гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Дээрх 95.777 машиныг бүртгэлээс хасвал улсын дугаар нь ч нөхөгдөн гарч ирэх юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 2 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 2025/07/04
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 2025/07/04
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 2025/07/04
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03