Дутерте маягийн тэмцэл ямар үр дүнд хүргэсэн бэ?


Хар тамхи, мансууруулах бодис сүүлийн үед манай улсын хувьд тун ноцтой асуудал болж хувираад байгаа тухай их яригддаг. Цагдаа, тагнуулын байгууллага нь шуурхай ажиллаад мансууруулах бодистой холбоотой хэрэгтнүүдийг илрүүлэхээр шүүхээс толгойг илээд, ёс төдий шийтгэл ногдуулаад өнгөрч байна гэж шүүмжилдэг. Тэгвэл дэлхийн бусад улс оронд хар тамхи, мансууруулах бодис наймаалагчид, мансуурагчидтай хэрхэн тэмцдэг юм бэ?

 

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн сонгосон тэмцлийн арга барилыг жишээ болгон татаж болох юм. Дутерте нь 2016 онд Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Германд Адольф Гитлер гурван сая еврейг устгасан. Харин Филиппинд гурван сая хар тамхичин байна. Би тэднийг устгахыг хүсэж байна. Хэрэв Германд Гитлер байсан юм бол Филиппинд би байж байя” гэж хэлээд бөөн дуулиан дэгдээж байсан юм.

 

Улмаар хар тамхи мансууруулах бодис наймаалсан хүмүүсийг гудамжид шууд буудах эрхийг өгсөн. Үүнээс хойш гурван жил гаруй, бараг дөрвөн жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ? Ер нь яагаад ийм харгис аргаар асуудлыг шийдэхээр болов?

 

Эхлээд үр дүнгийн талаар Филиппиний сонин хэвлэлүүд юу гэж байсан талаар тодруулъя. Филиппиний “Manila Bulletin” сонины мэдээлснээр хар тамхины эсрэг дээд зэргийн хатуу тэмцэл хийсэн 2016 оны долоодугаар сарын 1-ээс 2019 оны тавдугаар сарын 31-ий хугацаанд 6,6 мянган сэжигтнийг цагдаагийнхан болон сайн дурынхан гудамж талбайд буудан хөнөөж, 240.5 мянган хүн баривчлагдсан бол хар тамхинд донтсоны улмаас жижиг гарын түгээгч хийдэг байсан 1.28 сая хүн эрх баригчдад бууж өгч, ахин хар тамхи хэрэглэхгүй, мансууруулах бодис наймаалахгүй гэсэн ам тангараг өгсөн байна.

Мөн Филиппиний 42 мянган барангай /захиргааны хамгийн бага нэгж/ -аас 12,2 мянга нь хар тамхи, мансууруулах бодисоос бүрэн ангид болсоноо зарласан байна. Цагдаагийн газар нь 2019 оны эхний хагасын байдлаар 625 сая долларын өртөг бүхий хар тамхи ба түүнийг үйлдвэрлэх тоног хэрэгслийг хураан авч устгажээ.

 

100 сая гаруй хүнтэй, хүн амынх нь ихэнх нь нэн ядуу гэж тооцогддог улсын хувьд энэ их тоо юу бага тоо юу? Хүн бүр л өөрийнхөөрөө дүгнэх байх.

 

Хамгийн гол нь яагаад хар тамхинд донтсон хүмүүс болон мансууруулах бодис наймаалагчидтай ийм харгис аргаар тэмцэх болов? Судлаачдын бичсэнээс үзвэл Филиппин дэх мансууруулах бодисын хэрэглэгч, мансууруулах бодисын үнэтэй холбоотой өөрчлөлт гарсан нь ингэж харгисаар тэмцэх үндсэн шалтгаан болсон аж.

 

Нэгдүгээрт, Филиппиний хувьд хар тамхи, мансууруулах бодис нь эхэндээ байгалийн гаралтай, өндөр үнэтэй бүтээгдэхүүн байж. Иймд анхандаа Филиппиний мансуурагчдийн дийлэнх нь баян, чинээлэг давхаргын төлөөлөл болсон хүмүүс байв. Тэд нийгмийн ялихгүй бага хувийг эзэлдгээс гадна нэр хүндийг эрхэмлэдэг, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээхээс болгоомжилдог давхаргынхан тул хар тамхины эсрэг эмчилгээнд хамрагдах гэх мэт тусламж авахад гар татахгүй байж чадах хүмүүс байв. Гэтэл “шабу” гэж нэрлэгдсэн метамфетамины төрлийн синтетик буюу нийлэг аргаар гаргаж авсан хар тамхи бий болсноор байдал эрс өөрчлөгджээ.

Энэ “шабу” нь түүхий эд нь байвал гадаа гудамжны буланд, ядуусын картонон амбар дотор гээд хаана л бол хаана хийж болдог, хамгийн гол нь туйлын хямд эд байв. Нэг удаад мансуурах тунгийн үнэ нь аяга кофений үнэтэй дүйцэхүйц хямд болсон байна. Үүнийг ууж мансуурсан хүн хэдэн өдрөөр юм идэж уухгүй, ядархыг үл мэдэн явдаг болно. Иймээс Филиппиний тэр олон сая ядуусын дунд маш богино хугацаанд асар хурдацтай түгэх болжээ. Улмаар 2016 онд буюу Дутертег Ерөнхийлөгчөөр сонгогдох үед хамгийн багасгасан мэдээгээр Филиппиний  100 сая гаруй хүн амынх нь 16-64 насны 10 хувь нь “шабу”-ны донтон болж хувираад байж. Тэгэхээр Дутертегийн дээр яриад байсаг 3 сая гэдэг нь тун ойролцоо багц тоо. Ажиллах чадвар хамгийн өндөртэй, ид хийж бүтээдэг насны тэр олон сая хүн мансуурахын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болно гэдэг ямар ч улсын хувьд тун ноцтой асуудал. Тэд үндсэндээ төрийн мэдлээс, хуулийн хяналтаас гараад тэдэнд хар тамхи эсвэл хар тамхи хийх түүхий эд зардаг мафийн бүлэглэлүүдийн дуулгавартай зарц, тэдний хөлсний арми нь боллоо гэсэн үг юм.

 

АНУ-ын Төрийн департаментаас гаргасан мэдээгээр Филиппин дэх “шабу” үйлдвэрлэх бизнесийн үндсэн ханган нийлүүлэгч нь Хятад гаралтай гэмт бүлэглүүд байдаг. Тэгвэл энэ мансуурагчдын 3 сая эсвэл 10 сая хүн тэдний дуулгавартай зарц байж, тэднийг баяжуулахын төлөө ажилладаг байж. Улмаар ийм хүчирхэг, олон сая дагагчидтай болсон хар тамхины мафи нь цагдаа, орон нутгийн удирдлагаас эхлээд бага багаар дээшлэн төрийн бүх л давхаргад шургалан худалдан авч, эгнээндээ элсүүлэх болсон байна. Ийм учраас эрс шийдэмгий, харгис гэмээр арга хэмжээ авахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй гэж Дутерте үзсэн бололтой.

 

Тэмцлийн энэ аргыг шүүмжлэгчид их байхад дэмждэг хүмүүс их байна. Тэдд мансуурагчдыг зэрлэг араатан аятай агнах аян ид явах үед “Хуучин үед гэмт хэрэгтнүүд өдөрт 47 хүний аминд хүрдэг байсан бол одоо манай Засгийн газар өдөрт 35 гэмт хэрэгтнийг устгаж байна” гэж ярьж байв.

 

Харин шүүмжлэгчид нь Дутертегийн харгислал ямар ч бодит үр дүнд хүрээгүй гэж үзэж байна. Мансууруулагчдын эсрэг дайныг хар тамхины том мафинхан өрсөлдөгчдөө устгах аятайхан далим болгож, нэгнийхээ жижиг гарын борлуулагчдыг түүж буудахдаа халхавч болгосон. Үүний үр дүнд Филиппин дэх хар тамхины мафи нь улам төвлөрсөн, илүү нууц бөгөөд нөлөөтэй боллоо гэж мэдэгдэж байсан юм.

 

Харин манайд хар тамхи  мансууруулах бодистой тэмцэх талаар ямар бодлого баримтлавал зохистой вэ? Сүүлийн үед Монгол дах илчлэгдэн хураагдсан мансууруулах бодисын дунд метамфетамин төрлийн хар тамхи хамгийн их нэр дурдагдаж байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 3 минутын өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 55 минутын өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 1 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 4 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 4 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 4 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 5 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 5 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 5 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 20 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 20 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 20 цагийн өмнө