Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргалаа

О.Шүрэнцэцэг
2020/11/11

Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа.

Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ.

Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна.

Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.

Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.

Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР:

“Хүндэт иргэд ээ,

2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.

Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.

Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 2 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 7 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 7 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 9 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 10 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 10 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 10 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр