С.Ганбаатар: Монголчууд эрх ашгаа хамгаалах чадвартайг харуулж, сөрөг нэхэмжлэл заавал гарган ялах ёстой

М.Төгөлдөр
2021/04/23

“Оюу Толгой” ХХК Татварын ерөнхий газрын тавьсан татварын акттай холбоотой асуудлыг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа. Тус компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан уг маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацаа энэ сарын 30-нд дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргах чиглэлийг “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооноос гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Эдгээр асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, тус Түр хорооны гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Арбитрын шүүхийн маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа учир заавал сөрөг нэхэмжлэл гаргах ёстой гэж Түр хорооны хуралдааны үеэр Та хэлж байсан. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаснаар Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхийн маргаанд ялна гэж харж байна уу?
-Сөрөг нэхэмжлэл гаргах нь Монгол Улсын эрх ашгийн асуудал. “Оюу Толгой” ХХК, “Рио Тинто” ямар ч шаардлагагүй байхад манай Засгийн газрыг өөрсдөө арбитрын шүүхэд өгсөн. Гэсэн ч энэ маргаанд Монгол Улсын Засгийн газар гарцаагүй ялах шаардлагатай байгаа учраас нөхцөл байдлыг үнэлж, сөрөг нэхэмжлэлийг заавал гаргах ёстой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол гарцаагүй ялах байсан асуудал дээр сайн дураараа ялагдаж байна гэсэн үг болно.
Ялна гэж харж байгаа үндэслэл мэдээж бий. Өнөөдөр таван улсын зургаан шүүх дээр Монголын “Оюу Толгой” ордын баялгийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулах үйл явцад хөрөнгө оруулагч тал буюу тухайн үеийн “Айвенхоу Майнз”, одоогийн “Рио Тинто” авлига өгөх замаар дүрмийн бус тоглолт хийж, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчин, энэ гэрээг байгуулсан гэсэн дүгнэлт, баримт материал, шийдвэр тодорхой болчихоод байна. Нью-Йорк, Лондон, Сингапур, Хонконг, Британийн Виржинийн шүүх дээр ийм шийдвэрүүд гарсан. Энэ утгаараа манай Засгийн газар Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээр гарцаагүй ялах магадлалтай гэж үзэж байгаа юм.
Тиймээс асуудлыг эх орныхоо эрх ашигт нийцүүлж шийдүүлэхийн тулд бид нэг байр суурьтай байх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар Монголын ард түмний эрх ашгийн төлөө энэ асуудлаар нэгдсэн ойлголттой, хатуу байр суурь барьж байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа. “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байгаа Улсын Их Хурлын Түр хороо ч энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлж, Олон улсын арбитрын шүүх дээр байгаа асуудлыг үргэлжлүүлэх, сөрөг нэхэмжлэлийг нэн яаралтай монголын талд ашигтай байдлаар гаргуулах үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа сөрөг нэхэмжлэл гаргах асуудлыг хэлэлцэж дэмжсэн гэж ойлгож байгаа.
-Сөрөг нэхэмжлэл гаргаснаар асуудал сунжрах болов уу?
-Сөрөг нэхэмжлэл гаргаснаар асуудал нааштайгаар шийдэгдэнэ, гэхдээ мэдээж сунжрана. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол асуудал сунжрахгүй, монголчууд “бид ялагдъя” гээд шууд бууж өгч байна гэсэн үг. Баялгаа гадныхантай хамтарч ашиглаж байгаагийн хувьд анх удаа монголчууд байр сууриа хүчтэй илэрхийлж, асуудлыг хүчтэй тавьж, бас баялгийн эзэн гэдгээ хүчтэй ойлгуулж буй цаг хугацаа бол өнөөдөр.
Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд чамгүй ажилласан. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, АТГ, шүүх, прокурорын байгууллагууд, ҮАБЗ-ийг толгойлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд бүгдээрээ эх орныхоо төлөө нэгдэж ажилласны үр дүн гарч байгаа нь энэ юм. Өмнө нь монголчууд бид улс орныхоо эрх ашгийг урьтал болгон хамгаалж, намчирхал, талцалгүйгээр нэгдэж чаддаг нь ховор байсан. Тиймээс өнөөдрийн энэ цаг хугацаа бол дахиж олдохгүй ч байж мэдэх, урд өмнө байгаагүй таатай нөхцөл бүрдсэн үе. Энэ алхмаасаа цааргалах, урвах, ямар нэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллах юм бол харамсаад ч барахгүйд хүрнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хөлсөлсөн, одоо Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа “Кинг энд Спалдинг” гэдэг мэргэжлийн өндөр ёс зүйтэй өмгөөллийн компанитай нягт хамтарч ажиллах, сөрөг нэхэмжлэлээ яаралтай гаргах хэрэгтэй юм. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Сөрөг нэхэмжлэлийн үндсэн санаа нь юу байх вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээ гэгч нь авлига өгч, авч байж байгуулагдсан байх өндөр магадлалтай учир цоо шинээр эргэж харъя гэдэг нэхэмжлэл гаргая гэж байгаа юм. Гэрээг зайлшгүй эргэж харахгүй бол монголчуудад ашиггүй, өртэй үлдэх бодит нөхцөл байдал нэгэнт үүссэн. Ийм байхад яагаад монголчууд эрх ашгаа хамгаалахгүй гэж. Улс орныхоо эрх ашгийг ч хамгаалах чадваргүй гэж дэлхийд харагдах, үнэлэгдэх ёсгүй, үр хойчдоо ч өр үлдээх ёсгүй.
-Түр хорооны гишүүд энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Түр хорооны гишүүд маш өндөр итгэл үнэмшилтэй байна гэж харж байгаа. Энэ саналыг Түр хорооны хуралдаанаар олонхоороо дэмжсэн, эсрэг санал өгсөн гишүүн байхгүй. Ер нь үүнийг эсэргүүцэх гишүүн байхгүй дээ. Ямар нэг байдлаар Оюу Толгойд бараа бүтээгдэхүүн шахдаг, авлигын далд хэлбэрээр санхүүждэг улстөрчид, бүлэглэлүүд манайд байдаг. Тийм бүлэглэлийн төлөөний хүн л энэ асуудалд эсрэг хандах байх. Гэхдээ улс эх орон, ард түмний эрх ашгийн эсрэг байх, үнэнээс гажиж явахаасаа айх учиртай юм.
Уул уурхайн баялгаараа л Монголын ард түмэн сургууль, цэцэрлэгтэй, ажлын байртай, үйлдвэртэй болно. Нарантуулынхан сайн татвар төлөөд, түүгээр нь сургууль, цэцэрлэг, үйлдвэр барина гэдэг боломжгүй, амиа л аргацааж явна гэсэн үг. Төрийн албан хаагчид, компанийн ажилчид, малчид өндөр цалин хөлс аваад, их татвар төлөөд, ажлын байр, үйлдвэр бий болгоно гэдэг хэцүү.
Монгол Улс 30 гаруй тэрбум ам.долларын өртэй. Ажлын байр, үйлдвэржилт, орон сууцаар хангагдахад дахиад хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт нэн даруй хэрэгтэй байна. Энэ мөнгийг хаанаас олох вэ, малчдаас, тэтгэврийнхнээс, төрийн албан хаагчдаас авах уу. Уул уурхайн баялгийг улс төр, эдийн засгийн хэдхэн бүлэглэл хувааж баяжаад, ард иргэдийнх нь олонх нь ядруу тарчиг амьдарч байгааг зогсоох ёстой гэдэг итгэл үнэмшил л надад бий.
-Оюу Толгойн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн. Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүд нь хоорондоо ойлголцоогүй байна, Засгийн газар, Улсын Их Хурлын байр суурь нэгдмэл биш байна гэх зэрэг мэдээлэл гарах боллоо. Үнэхээр Ажлын хэсгийнхэн ойлголцоогүй, байр суурь зөрсөн асуудал байна уу?
-Анхны уулзалтаар бид монголын талын эрх ашиг хаягдаж байгаа талаар болон шударга бус байдлаар хандаж буйг баримттайгаар хэлж ярьсан. Анх удаа монголын тал ийм өндөр ач холбогдолтойгоор, бодит баримттайгаар, нэгдсэн байр суурьтайгаар байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэг байр суурьтай байгаа. Бид улсынхаа эрх ашгийн үүднээс л асуудалд хандаж, байр сууриа илэрхийлж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 6 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 8 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 8 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 9 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 9 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 10 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 14 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 15 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр