Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж төв талбайд цэргийн жагсаал зохион байгуулна

Н.Мижидмаа
2021/06/16

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаан 11 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Тэрбээр, Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд уг журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг журамд зарим өөрчлөлт оруулах саналаа Төрийн ёслолын хэлтсээс Ажлын хэсэгт ирүүлсэн. Энэ үндсэн дээр журамд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэнийг дурдав.

Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийоөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагджээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолыг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: parliament.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 8 минутын өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 14 минутын өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 19 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08