Д.Сумъяабазар: Нийслэлийн түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана

Ш.АДЪЯАМАА
2021/08/20

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:2019-2020 онд 11,8 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Хэрэв жил бүр автомашины тоо 80 мянгаар нэмэгдээд байвал хэтдээ 24,3 их наяд төгрөгийн алдагдалтай байх тооцоолол байна. Хууль эрх зүйн чадамжгүй, санхүү төсвийн хангалтгүй байдлын улмаас сүүлийн 30 жилд нийслэлд гажуудал үүссэн.  Сүүлийн 20 жилд батлуулж чадаагүй нийслэлийн эрх зүйн тухай хуулийг сая баталлаа. Улаанбаатар хотод өөрийн гэсэн дүрэм, стандарт байх ёстой. Цаашид хотын түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана.

Нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг Сангийн яаманд хүргүүлсэн байгаа.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотын төв хэсэгт төр захиргааны 14 яам, 37 харьяа байгууллага, агентлаг, нутгийн захиргааны 34 агентлаг, 35 төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 75 сургууль, 4500 гаруй худалдаа үйлчилгээ, оффис болон орон сууц төвлөрч, хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн төв рүү чиглэж нэг төвт хотын тогтолцоог задалж, олон төв бий болгох төлөвлөгөө гаргасан.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөлтийн хүрээнд нийт 26 дэд төв байгуулахаар тусгагдсан бөгөөд үүнээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 16 дэд төвийг 2025 он гэхэд барьж байгуулахаар төлөвлөсөн.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр 3 үе шаттай 2014 оноос эхэлсэн төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалт 90 хувьтай хийгдэж байгаа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг 4 олон нийтийн төвүүдийн зураг төсөл энэ онд дуусна, бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү гадаадын зээлийн эх үүсвэртэй 6 дэд төв барих ажил 2024 он гэхэд дууссанаар нийт 33,400 өрхийн орон сууц, 55 мянган шинэ ажлын байр, төрийн үйлчилгээний 22 сургууль, 55 цэцэрлэг, спортын ордон зэргийг барих суурь дэд бүтэц бий болж, ногоон байгууламж, төр захиргааны барилга байгууламжийн зориулалттай талбай одоогийнхоос 1,5 дахин нэмэгдэж, төрийн үйлчлгээний 12500 ажлын байр бий болно. Мөн хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай талбай 4 дахин нэмэгдэж 27360 ажлын байр бий болгох нийгэм, эдийн засгийн нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.

Өнгөрсөн сарын хугацаанд шинэ хөгжлийн чиг хандлага, ерөнхий төлөвлөгөөний дагуу нэмэлтээр 3 дэд төв, 7 олон нийтийн төвийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж, худалдан авалт хийлгэхээр мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн. Ирэх жилийн мөн үе гэхэд 10 дэд төвийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Шинээр байгуулах 3 дэд төв, 7 олон нийтийн төвүүдийг байгуулах ажил нь нийт 198.7 га газрыг хамрах бөгөөд 19,823 өрхийн 82,734 хүн суурьшихаар төлөвлөсөн ба 4,300 гэр хорооллын янданг буулгах тооцоолол гарсан. Мөн 16,547 хүүхдийн 17 сургууль, 8,273 хүүхдийн 34 цэцэрлэг байгуулж, 16,903 ажлын байрыг бий болгосноор хотын төв рүү чиглэх авто замын хөдөлгөөнийг бууруулна. Дээрх 16 дэд төв ашиглалтанд орсноор 20 гаран хувиар хотын төв рүү чиглэх авто замын хөдөлгөөн болон төвлөрөл буурна.

-АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тэргүүний ач холбогдолтой авто зам, замын байгууламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамжийг ашиглан хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээнүүдийг эрэмбэлж, тооцоолол хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод шинээр 1500 орчим км зам барих шаардлага байгаагаас нэн шаардлагатай 432 км авто зам, замын байгууламж хийх тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд автозамын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км зам, 4 төрлийн замын байгууламжийг нийт 7 төрлөөр ангилсан. Энэ ажлыг ирэх 3 жилд барьж байгуулснаар авто замын түгжрэлийг 20 гаран хувиар буулгана гэж тодорхойлж байна.

Дээрх авто замын сүлжээний цогц шинэчлэлийн хүрээнд 71,5 км урттай шинэ тойрог зам болон хөгжлийн Алтан тойрог 77,8 км замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр тодорхойлсон. Бусад гол ба туслах зам 73 км, хороолол доторхи холбоос зам 70,26 км замын шинэчлэлийн ажлыг улс, нийслэлийн төсвөөр санхжүүлэх нь зүйтэй гэж тодорхорйлж байна.

Дэлхийн банк зээлийн санхүүжилтээр 35,3 км авто зам, замын байгууламжийг шинэчлэх, өргөтгөх бол 2015 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын ЭКСИМ банкны 1,0 тэрбум ам.долларын зээлээс санхүүжүүлэх “Сэлбэ, Туул голыг сайжруулах төсөл”-өөр Сэлбэ голын дагуу хойд чиглэлд 8,2км замыг барихаар хуваарилсан болно. Авто замын сүлжээний шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дуусгаснаар хөдөлгөөний эрчмын нягтрал 50 гаруй хувиар саарч, авто замын түгжрэлийн 20 орчим хувиар буурна гэж тодорхойлж байна.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 620 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагаас өдөрт 400 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгсэл, авто замын хөдөлгөөний хэт их ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID системийг нэвтрүүлэн авто замын ангилал тус бүрээр хөдөлгөөний эрчмийн тооллого, дундаж хурдны бодит цагийн мэдээллийг цуглууах программ хангамж, 16 байршилд 34ш мэдрэгч уншигч байрлуулсан зэргийг хүлээн авах ажлын зохион байгуулсан. Энэ систем нь авто замын сүлжээн дэх хөдөлгөөний эхлэл төгсгөлийн цэг, авто зогсоолыг оновчтой зохион байгуулах, авто зогсоолын ашиглалтын болон төлбөрийн нэгдсэн системд шилжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.

Цаашид замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн системийн программ хангамж бэлэн болсон хэдий ч уг системийн мэдээллийн баазыг бэлтгэх, авто зам дагуу мэдрэгч уншигчийн тоог 400-500 байрлалд төхөөрөмжийг нэмж байршуулах болон авто машин тус бүр дээр суурилуулах мэдрэгчийн суурь баазыг бүрдүүлэх шаардлагатай байна. Авто зам дагуу байрлах уншигч нэмж суурилуулах, авто замын сүлжээ, түүний холбоосын эрэмбийг тогтоох ажилд ойролцоогоор 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм. Автомашин дээр байрлуулах мэдрэгчийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хариуцаж байгаа ажлыг энэ онд багтаан шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 45% буюу 524 нь 2021 онд, 2022-2023 онд 30% буюу 348 нь үйлчилгээнээс хасагдахаар байна. Өөрөөр хэлбэл ойрын 3 жилд нийт паркийн 75% үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжид яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай болоод байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк нь 1500 орчим автобус, троллейбустай болж, ажлын өдөрт 1200-1300 автобус, троллейбус үйлчилгээнд ажилласнаар иргэдийн зорчих эрэлтийг бүрэн хангах боломжтой юм. Энэ хүрээнд 2021 онд 106, 2022 онд 250, 2023 онд 150 автобус авснаар нийт 506 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

Олон улсад тээвэрлэлтийн хүчин чадал, техник технологийн шийдэл, газар нутгийн онцлогоос хамаарч олон төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлүүд ашиглаж байгаа бөгөөд манай орны хувьд нэн тохиромжтой багтаамж ихтэй нийтийн тээврийн нэг төрөл болох LRT-ийг 2022 оноос эхлэн төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 4 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байна.

-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг зохистой хэрэглэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах эрх зүйн зохицуулалтын ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:

-Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах;

-Татвар, хураамжийг бүсчлэн тогтоох;

-Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын олголтод хязгаар тогтоох;

-Зогсоолын төлбөр, түүнийг зохицуулах, удирдах;

-Тээврийн хэрэгслийн техникийн хяналт, оношилгоог бүртгэлийн системтэй уялдуулан оновчтой болгох.

Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, ухаалаг авто замын системийг нэвтрүүлэх, эрх зүйн давхар зохицуулалтыг иж бүрдлээр авч хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг одоогийн түвшинг 10 орчим хувиар бууруулна гэж тодорхойлж байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах нэгдсэн цогц төсөл, арга хэмжээний хүрээнд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг энэ онд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна.

Техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв нь батлагдсан 14 төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгуулан батлуулж, 2022 онд ажлыг эхлүүлэхээр төлөвлөн Сангийн яаманд саналаа хүргүүлсэн. Нийт цогц төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хуваарилалтыг хийсэн, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ажлыг хөөцөлдөж байна. Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах цогц төсөл, арга хэмжээний 5 үндсэн чиглэлийн хүрээнд 4 үндсэн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжих бөгөөд энэхүү ажлыг төвлөрүүлэн хяналт, удирдлагаар хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан ажиллуулах шаардлага зүй ёсоор бий болсон. Учир нь, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй цогц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх олон нэгж байгуулагдах нь нэгдсэн удирдлагаар хангагдаж чадахгүй байх, ажлын давхардал үүсэх, мэдээллийн уялдаа холбоогүй байх зэрэг олон сөрөг олон талтай байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 13 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 14 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 15 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 16 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 17 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 17 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 18 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 18 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 19 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 21 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 21 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 23 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 23 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 23 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр