Австрали таван жилийн өмнө “Барракуда” ангиллын далайн ангиллын шумбагч завь 12 ширхгийг бариулах 66 тэрбум долларын гэрээг Францын “Naval Group” компанитай сүр дуулиантай байгуулж, нэлээд дуулиан тарьж байлаа. Австралийн тэнгисийн цэргийн хүчинд зориулсан эдгээр “Барракуда” шумбагч нь Францын цөмийн хөдөлгүүртэй “Барракуда” шумбагчийн дизель хөдөлгүүртэй хувилбар байх ёстой байв.
Гэтэл өчигдөр Австралийн Ерөнхий сайд гэнэтийн мэдэгдэл хийж, АНУ ба Их Британитай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах салбарын технологи солилцох “AUUKUS” нэртэй гурван талт гэрээнд нэгдсэн гээд энэ хамтын ажиллагааны хүрээнд цөмийн Америк ба Их Британийн технологиор цөмийн шумбагч барихаар болсон тул Францтай байгуулаад байсан гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ. Уг нь Францын тал 2016 оны гэрээ ёсоор 12 шумбагчаас гадна, шумбагч хүлээн авах зогсоол болон бусад дэд бүтэц барьж байгуулах, техник үйлчилгээг хийх гээд нийт 50 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой байж. Энэ бол Францын хувьд цэргийн аж үйлдвэрлэлээ найдвартай захиалга, ажлаар хангасан тун таатай гэрээ. Гэвч АНУ ба Их Британи нь Хятадын аюулаар далайлгаж сүрдүүлсээр байгаад Австралид дизель бус харин цөмийн шумбагч хэрэгтэй гэж ятгаж дөнгөсөн тухай шинжээчид ярьж байна. Одоо Австрали нь 66 тэрбум доллароор хамгийн цөөндөө 8 ширхэг цөмийн шумбагч барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг Ерөнхий сайд Моррисон дурджээ. Цөмийн шумбагчийн барихдаа АНУ ба Их Британийн технологиор Аделаида дах усан онгоцны үйлдвэр дээр барих юм байна. Зэвсэглэлийн тухайд гэвэл АНУ-ын технологиор угсарч байгаа шумбагчид энэ улсын зэвсэглэл л тохирох нь мэдээж. Иймд Австрали нь АНУ-ын шумбагч дээр байрлах пуужингийн технологийг мөн ашиглах боломжтой болж байгаа аж. Ерөнхий сайд Моррисоны хэлж байгаагаар Австрали нь АНУ-ын “Tomahawk” далавчит пуужинг зэвсэглэлдээ авахаар болжээ. Гэхдээ Австрали нь АНУ-аас цөмийн пуужингийн технологи авахгүй, цаашдаа ч цөмийн зэвсэггүй улс хэвээр байх бодолтойгоо онцолсон.
Зүйрлэвэл АНУ ба Их Британийн батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар нь 66 тэрбум долларын олзыг Францын батлан хамгаалах аж үйлдвэрийн амнаас булааж аваад залгиж орхисон хэрэг. Ингэснээр олон арван мянган францчууд бус харин англи, америк ажилчид хамгийн багаар бодож 50 жил найдвартай ажлын байртай болов. АНУ, Их Британи, Франц нь хэдий НАТО-ийн гишүүн гэдгээрээ сайн түншүүд хэдий ч хэрэг дээрээ тулахаар хэн хэн нь өөрийн батлан хамгаалах салбарыг мөн өөрийн аюулгүй байдлыг л нэн тэргүүнд тавьж, хамгаалдаг нь эндээс сайн харагдаж байна гэж шинжээчид онцолжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ нь ойрын ирээдүйд Хятадыг тогтоон барихад дан ганц өөрийн хүчээр дийлэхгүй гэж тооцсон бололтой. Тусламж болгож Их Британийн тэнгисийн цэргийн хүчийг хавсаргасан ч хүч нь, хамгийн гол нь санхүү нь хүрэлцэхгүй гэж үзсэн учраас Австралийг “уруу татах”-аар шийдэж, түүнээ ч хэрэгжүүлж чадсан энэ аж. Австрали урд нь цөмийн шумбагч ашиглаж байгаагүй учраас боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай тулгарна. Үүний тулд Батлан хамгаалах салбарт АНУ-тай хэзээ ч байгаагүй нягт харилцаа үүсгэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл АНУ-ын сургагч нарт шавь орно. Цаашлаад цөмийн шумбагчтай, тив алгасдаг далавчит пуужинтай болоод ирэхээр батлан хамгаалах номлол, үзэл баримтлалд нь өөрчлөлт орно. АНУ нь цэрэг дайны зориулалттай, тэр дундаа цөмийн технологио хэзээ ч зүгээр нэг өгдөггүй, байнгын хараа хяналтад байлгаж, шилжүүлсэн улсдаа янз бүрийн шаардлага тавьж байдгийг бодолцож үзвэл Австралийн Батлан хамгаалах үзэл баримтлал нь үнэн хэрэг дээрээ АНУ-ын батлан хамгаалан концепцийн нэг хэсэг болж хувирна гэж шинжээчид үзсэн байна. Энэ бүхэн ойрын ирээдүйд манай урд хөршийг тогтоон барих гэсэн ганц л зорилготой аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна