Н.Бэгз: Монголчууд одоогийн байгаа түвшнээрээ хоёр хөрш болон хөгжилтэй бусад оронтой зэрэгцэн оршиход хүндхэн сорилт тулгарч байна


-Та яагаад багшийн мэргэжил сонгосон юм бэ?

-Миний удамд дээдсүүдийн маань дунд номтой улс олон байсан. Миний өвөг эцгийн ах дүү дөрвөн хүн хүрээнд сууж ном үзээд дөрвүүл гавжийн дамжаа барьснаас 1930-аад оны хядлаганаар хоёр дүү нь баригдаж, нэг нь цаазлуулж, нөгөө нь 10 жилээр таслуулж, оноосон ялыг нь шоронд эдлээд гарсан байдаг. Тэдний минь нөлөө байсан уу, би багаасаа ном үзэж, хүнд юм зааж тоглодог хүүхэд байсан гэдэг. Хожим хувь заяаны төөргөөр үү, тохиолдлоор уу, Улсын багшийн дээд сургуульд орж сураад  онцсайн дүнтэй төгссөн тул сургуульдаа багшаар үлдэж, хоёр жил багшлаад тэр үеийн дээд боловсролын яаманд томилогдож ажилласан. ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалж, дараа нь хүрээлэнгийн захирлаар ажиллах болсон үеэс их, дээд сургуулиудад магистр, докторын сургалтад багшилж, шинжлэх ухааны дөрвөн доктор, боловсрол судлалын 39 докторын ажил удирдаж хамгаалуулаад байна. Монголд боловсрол судлаачдыг бэлтгэх ажлаа цаашид ч үргэлжүүлнэ.

-Таныг багш болох цаг үеийн багш нар яагаад одоогийнхоос хавьгүй чадварлаг хүмүүс байсан юм бол. Багшийн нэр хүнд өндөр, тэдэнд итгэх, даган дуурайх нийгмийн хандлага хүчтэй байсны шалтгааныг Та юу гэж боддог вэ. Одоо багшид шүтэх хандлага олон жилийн өмнөхөөс буурсаар буйтай хамт монголчуудын өөр ямар чанар өөрчлөгдөж байгаа бол?

-Академич П.Хорлоо гуайн дурсамжид өгүүлдэг юм даа, мөнгө хатуу байхад сумын дарга сарын 50 төгрөгийн цалинтай, тэгтэл бага сургуулийн багш сард 75 төгрөг авдаг байлаа гэж. Бүр хожим, намайг оюутан байхад, багш болсон хойно ч багш нар сайн цалинтай, мэргэжлийн нэр хүнд өндөртэй байсан. Тэр үед Багшийн сургууль, Улсын багшийн дээд сургуульд сурлага сайтай хүүхдүүд элсдэг, энэ сургуулиудад Монголын хамгийн анхны шилдэг сэхээтнүүд багшилдаг уламжлалтай байсан. Монголын төр ч багш нарын хөдөлмөр, нийгмийн үүргийг нь өндрөөр үнэлдэг, салбарын гавьяат цолыг боловсролын салбарт анх буй болгож, шилдэг багш нарыг шагнаж урамшуулдаг байлаа. Энэ хэрээрээ багшийн статус, нэр хүнд өндөр, багш нар ч нийгэм, төрийн энэ хүндэтгэлийг нэр төртэй авч явдаг байв. Ялангуяа хөдөөд хамгийн өндөр боловсролтой, хот газрын соёлыг түгээдэг хүмүүс нь багш нар л байж. Иймээс багш нар нийгэмд дуурайлтай хүмүүс байсан юм. Харин сүүлийн 30-аад жилд Монголд боловсрол, шинжлэх ухааны нийгмийн үнэлгээ унаж, наймаа хийдэг, ашиг хөөдөг хүмүүс үнэд орсноор багш мэргэжлийн статус дордож, хүн татах чадваргүй болсон нь үнэний ортой. Мөнгө их олдог мэргэжилд хүүхдүүд татагдаж, элсэлтийн шалгалтаар ахуй амьдрал, сурлага тааруухан нь багш мэргэжил дээр тунаж үлдэх болсон гэдэг. Ямар сайндаа хүүхэд элсүүлэхийн тулд багшийн ангийн сургалтын төлбөрийг хямд байлгадаг байв. Энэ байдлыг засах шийдмэг арга хэмжээ авахгүй бол цаашид ч үргэлжилнэ.

Ухаалаг, хэрсүү ард түмнүүд багш мэргэжлийг их үнэлдэг, нийгмийн үүргийг нь өндөрт тавьж байна. Боловсролоо дээдэлбэл улс үндэстэн хөгжинө гэж тэд үзэж байна. Биеийн хүчээс илүү оюун ухааныг үнэлж, боловсрол хөгжлийн үндэс гэж үзвэл бид багш нараа сайн бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн оюун санааны болон эдийн засаг, эрхзүй, нийгмийн шинжтэй бүхий л механизмыг ашигламаар байгаа юм. Ингэж чадвал сайн хүүхэд багш болдог, сайн багш нь хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг сайн сургана гэсэн зүй тогтол үйлчилнэ. Тэгээд нийгэм маань оюунжиж, эрдэмжиж, хөгжлийн хурд, далайц нэмэгдэнэ. Би ингэж боддог. Гадаад орнуудын практик ч үүнийг нотолсоор л байна.

Багшийн нэр хүнд сайн, нийгмийн статус өндөр байх нь багш нараас маань өөрсдөөс нь ихээхэн шалтгаалдаг юм. Багш нар мэргэжлийнхээ ёсзүйг сахиж, нийгмийн үүрэг, хариуцлагаа сайтар ухамсарлаж ажиллах нь тэдний нийгмийн үнэлэмж өсөх гол нөхцөл болно.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ багшаас мэдлэг боловсролоос гадна шударга ёс, сайхан сэтгэл гэхчлэн тэр бүр их, дээд сургуульд сурах боломжгүй хүн чанарыг бас хүсдэг. Та орчин цагт ямар багшийг сайн гэх вэ?

-Гаднаас орж ирж нутагшсан “багш” гэдэг гүн хүндэтгэлт үгийн монгол агуулга нь лав л орос, англи, герман хэлээрх заагч, сургагч, дамжуулагч гэсэн утгаас хавьгүй өргөн, их хүндэтгэл бишрэл, найдвар агуулсан байдгаараа ялгаатай. Энэ талаас нь харвал монгол багш зөвхөн мэдээлэл дамжуулагч, ямар нэгэн юманд сургагч биш, шавьдаа бүх талын мэдлэг, амьдрах чадвар, нийгмийн харилцаа, хүний ёсны хэм хэмжээг эзэмшүүлж, түүнийг амьдралд бэлтгэхэд эцэг, эхэд нь туслагч, нэр хүндтэй, өндөр их итгэл хүлээсэн, эрдэм чадал бүхий хамтран ажиллагч байх ёстой. Миний 1-р ангийн багш хоёр жилийн өмнө бурхан болсон доо. Одоо дунд ангийн багш минь 82 настай, Завхан аймагтаа энх тунх, намайг “сургасан” чигээрээ л байж байна. Миний аз болоход, үе үеийн багш нар минь ийм л хүмүүс байсан. Багш гэхээр миний санаанд тэд минь л буудаг. Өнөө үед сайн багш гэж мэргэжлийнхээ шинжлэх ухааны мэдлэг, чадвар өндөртэй, тэр мэдлэгээ суралцагчдад зааж зөвлөж эзэмшүүлэх аргазүйг сайн эзэмшсэн хүнийг хэлнэ. Багш нар өөрийгөө байнга хөгжүүлж, суралцагчид, тэдний эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж, сургалтынхаа үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, үйл ажиллагаандаа хяналт тавьж, гарсан үр дүнг нь өөрийнхөө үйл ажиллагаатай холбон авч үзэж байх шаардлагатай болсон. Сайн багш мэргэжил нэгтэн, ажил олгогч, нийгэмтэйгээ ухамсартайгаар хамтран ажилаж, мэргэжлийн нэр хүндээ хамгаалж явах үүрэгтэй юм. Олон улсын багш нарын мэргэжлийн ёсзүйн Хартид ингэж заасан байдаг.

-Та 2001 онд “Дэлхий дахинд хүний хөгжлийн шинэ үе ирж байгаа ба түүний өрнөлийн хурд, далайцаас харахад уг үйл явцыг одооноос бодлоготойгоор зохицуулахгүй бол алсдаа хүний мэдлээс гарч, жолоодлогогүй болж мэдэх юм” хэмээн бичиж анхааруулж байжээ. Одоо 20 жилийн дараа эргээд харахад таны эл байр суурийн дагуу улсаас хийсэн ажил юу байв?

-Одоогийн бидний амьдарч буй болон ирээдүй цаг үе нь дэлхийн уур амьсгалын доройтол, глобаль хөгжлийн түрэлт, аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал, хиймэл оюуны үе гэсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрс өөрчлөлт оруулах хүчин зүйлүүдийн огтлолцолд орсноороо онцлог юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн хүн амын өсөлт, байгаль орчны бохирдол, агаар дахь хүлэмжийн хийн хэмжээ хурдтай нэмэгдсэнээс глобаль дулаарал гэдэг үзэгдэл шинээр буй болж, дэлхийн бөмбөрцгийн хоёр туйлын мөс хурдтай хайлж байна. Үүнээс үүдээд манай оронд ган зудын давтамж нэмэгдэж, бэлчээрийн монгол өвсний ургац хумигдан, лууль шарилж голлосон талбай нэмэгдэж, нүүдлийн мал ахуйд том сорилт тулгарч эхэллээ.

Та бид өнөөдөр Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи урд өмнө байгаагүй хурдтайгаар хөгжиж, хүн олон сая жилийн хөгжлийнхөө явцад олж авсан оюун ухааныхаа “бүтээлийн хохирогч” ч болж магадгүй он цагийн босгон дээр ирээд байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр тэргүүлж яваа өндөр хөгжилтэй зарим оронд хүний оюун ухаанаар бүтсэн робот техник хүний хэр хэмжээнээс давсан ухаалаг үйлдэл хийж, нэлээд тохиолдолд хүн “гарцаагүй ялагдагчийн байранд” байгаагаа хүлээн зөвшөөрдөг болоод байна. Үүний заримыг нь бид нүдээрээ харж, түрүүчээс нь биеэрээ мэдэрч эхэлж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр тэргүүлж яваа өндөр хөгжилтэй зарим оронд хүний оюун ухаанаар бүтсэн робот техник хүний хэр хэмжээнээс давсан ухаалаг үйлдэл хийж, нилээд тохиолдолд хүн “гарцаагүй ялагдагчийн байранд” байгаагаа хүлээн зөвшөөрөөд байна. Үүний заримыг нь бид нүдээрээ харж, түрүүчээс нь биеээрээ мэдэрч эхэлж байна.

Дэлхий дахинд хөгжлийн эдгээр сорилтыг угтаж, төрийн бодлогынхоо түвшинд хөгжлийн төлөвлөлтдөө засал даял оруулаад, хэрэгжүүлээд эхэлчихэж. Харин бидний хувьд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гээд л тоолбол хөгжлийн бодлогын олон баримт бичиг боловсруулаад мөрдөж л байна. Өмнөх социалист нийгэмд үйлчилж байсан боловсролын тогтолцоогоо өнөөгийн зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх хэд хэдэн удаагийн шинэчлэл, хөгжлийн барьцтай арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд монголчуудын ертөнцийг үзэх үзэл, хөгжилд хандах хандлага өөрчлөгдөж, глобаль хөгжлийн үйл явцыг ухамсартайгаар хүлээн авч, улс орныхоо ирээдүйд санаа тавьдаг болсон байна. Энэ л хамгийн том, нааштай өөрчлөлт гэж харагдаж байна. Гэвч гутранги сонсогдож магадгүй ч бидний хувьд дорвитой дэвшил багахан л байгаа даа.

-Одоо та орчин цагийн монгол хүний хөгжилд боловсролын ямар бодлого хэрэгтэй гэж анхааруулах бол?

-Хиймэл оюуны эриний хөгжлийн сорилтод бид бэлэн биш байгаа. Зэргэлдээх өндөр хөгжилтэй хүчирхэг гүрнүүд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын дуудлагад бэлтгэж, боловсролын бодлого, хэрэгжүүлэх төлөвлөлтөө шинэчилж байна. Зөвхөн зүүн хойт Азийн хувьд л гэхэд Япон, Хятадад боловсролын агуулгаа 2017-2018 онд шинэчиллээ. БНСУ, Сингапурт ч боловсролын шинэчлэл хийгдэж байна. Монголчууд бидэнд ч боловсрол, шинжлэх ухааныхаа хөгжлийн бодлогыг өөр түвшинд, өөр өнцгөөс харж төлөвлөх шаардлага нэгэнт тулгамдлаа.

Зэрэгцэн амьдарч байгаа бидний хөрш орнууд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн дэвшил, нийгэм, эдийн засгийн хөгжлөө асар хурдтайгаар өндөр түвшинд хүргэчихлээ. Түүнчлэн тэдний цэрэг, улс төр, соёлын нөлөөний тэлэлт нь цөөн тоот монголчууд бидэнд цаашид үндэстний хувьд тэдэнтэй мөр зэрэгцэн одоогийн байдлаараа оршин тогтноход нэн хүндрэлтэй сорилт болж тавигдаад байна шүү дээ. Энэ нь цаг улирах тутам улам тод мэдрэгдэх боллоо. Иймээс юуны өмнө улс орныхоо хөгжлийн тодорхойлогч хүчин зүйл болох хүн амаа зэргэлдээх хүчирхэг гүрнүүдийн иргэдээс дутахааргүй хэмжээнд сургаж боловсруулах шаардлагатай.

Нөгөө талаар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль, цаг агаарын доройтол, түүний зарим сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүн амын эрчимтэй хотжих үйл явц нь дэлхий нийтийн шинжтэй үзэгдэл ч манай оронд түүний нөлөө бүр хүчтэй тусаж, нүүдлийн мал ахуйд тулгуурласан манай уламжлалт соёл, амьдралын хэв маягт эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулж байгааг ч бид харсаар л байна. Иймд нэгдүгээрт, байгаль, нийгэмд гарч буй өөрчлөлтийг соргог мэдрэх, хоёрдугаарт, өөрчлөлтөөс үүдэн гарч болох сөрөг үр дагавруудыг сааруулах оновчтой шийдвэрийг хурдтай гаргах, гуравдугаарт, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадваруудтай байх нь бидэнд онц чухал болж, Монголын сургалтын бодлого, агуулга, аргазүйд тусгалаа түргэн олох ёстой гэж би үздэг. Тиймээс манай улсын хувьд иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх, үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах, цаашлаад Дэлхийн олон улсын дундаж жишигт ойртож хөгжих гол арга зам нь нийт хүн амдаа шинэ зуун, хиймэл оюуны эринд амьдрахад шаардагдах боловсролыг өндөр түвшинд эзэмшүүлэх явдал юм. Улмаар иргэдийнхээ мэргэжлийн ур чадварыг хэлбэрэлтгүй байнга дээшлүүлэх, хүн бүрийн эзэмшсэн чанартай боловсролын үр дүнд нийгмийн оюуны болон ахуйн хэрэглээ, хөдөлмөрийн мөн чанарыг ойрын хугацаанд шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ололт шингэсэн оюунлаг шинжтэй болгон төлөвшүүлэх шаардлагатай байна.


-Монголын боловсролын салбарт өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам юу бол?

-Манай боловсролыг монголчуудаа хөгжүүлэн гэгээрүүлэх сүрлэг сайхан эрдмийн ордноор төсөөлбөл түүнийг анхнаас нь гоё сайхан барьж, сүндэрлүүлэхийн тулд юуны өмнө техникийн нарийн зураг, барилгын үйл явцын график, төлөвлөгөөг баримталж ажиллах хэрэгтэй байж. Өмнөх үеийн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой социалист гэх нийгмийн үед үүнийг ямар нэг байдлаар хэрэгжүүлж, нийгэмдээ тохирсон боловсролын тогтолцоог бий болгосон байв. Харин нийгмийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал өөрчлөгдөж, боловсролын эрэлт, хэрэгцээ ялгаатай болсон сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ч гарсангүй, түүнд үйлчилдэг боловсрол нь эрэлт, нийлүүлэлтийн баримжаагүй боллоо. Нөгөө шинэ нийгэмд шаардлагатай боловсролын сүрлэг сайхан барилгын зураг ч үгүй, салбар удирдаж буй хүмүүс энд тэндхийн сонин содон болгоныг хуулж нэвтрүүлэх гэсээр эрдмийн ордон болохооргүй, хоорондоо эвлэх боломжгүй хаалга, цонх, түгжээний цуглуулга маягтай болсон гэж гаднын нэр хүндтэй эрдэмтэд шүүмжилсэн. Үүнийг засах, яаралтай шийдэх арга зам нь Монгол Улсын боловсролын хөгжлийн философитой болох явдал юм.

Монгол үндэстний оршин тогтнох, хөгжин дэвших гол эх сурвалж нь монгол хүний тасралтгүй хөгжиж байх бие, сэтгэл, оюуны чадавх, түүнийг байнга тэтгэх боловсрол учир шинэ зуунд Монгол Улсад бүх нийтээрээ, насан туршдаа, тасралтгүй боловсрох тогтолцоог буй болгож, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг үндсэн зарчмуудад тулгуурлан хөгжүүлэх асуудал чухал болов. Монголчууд бидний хувьд глобаль соёлын орчны техник, технологийн дэвшлийг бүтээлчээр хэрэглэх, энэ чиглэлд бусадтай хамтран ажиллаж амьдрах, бусдын санаа бодолд хүндэтгэлтэй хандаж, харилцан ашигтай байдлаар хамтын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх, бэрхшээлийг тууштай сөрөн тэмцэх хөдөлмөрч, бүтээлч, хатуужилт чанарыг эзэмших явдал тулгамдаж байна.

Үүний тулд  XXI зууны Монголын боловсролын зорилгыг нэгдүгээрт, нийт хүн амаа аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үед ажиллаж, амьдрах чадвартай, дэлхийн иргэн болгон хөгжүүлэх, хоёрдугаарт, глобаль соёлын нөхцөл, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, технологийн шинэ орчинд үндэсний технологио хөгжүүлэн, хиймэл оюуны технологийг хүлээн авч, нийгэм, эдийн засаг, соёлын үйлдвэрлэлээ хөтлөн явуулах чадвартай үндэсний мэргэжилтэн, сэхээтнээ сургаж бэлтгэх, гуравдугаарт, улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийн бодлогыг нэгж хамт олон, салбар, орон нутаг, үндэснийхээ хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж, хүн амаа манлайлан хөтлөх лидерүүдийг төлөвшүүлэх гэсэн агуулгаар гурван түвшинтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Ярилцлага авсан: Б.Энхцэцэг


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 3 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 3 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 3 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 5 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 5 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 5 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 6 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 7 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 8 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 9 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 9 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 9 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 10 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 10 цагийн өмнө