2021 оны улс төрийн онцлох үйл явдал

Ш.АДЪЯАМАА
2021/12/31

Zarig.mn улс төрийн амьдралд өрнөсөн 2021 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, шинэ Засгийн газар, МАН-ын Их хурал, Цар тахлыг вакцинаар амжилттай даван туулсан, Оюутолгойн төслийг урагшлуулав гээд олон үйл явдлыг ардаа орхижээ.

                                                   АН-ын дотоод маргаан  эцэс төгсгөлгүй үргэлжилсээр...

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН дотроо учир зүгээ олохгүй байсаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож мөн 2022 онтой золгож байна. Хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагдсан АН-ынхан ялагдлын шалтгаанаа С.Эрдэнэтэй холбон тайлбарлаж, түүнийг намын даргаас нь буулгахаар хоёр хэсэг хуваагдсан цагаас хойш намын тамга, тэмдгийн маргаан эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал,  АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ  2020 оны  арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон. Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.

Энэ үеэр буюу өнгөрөгч гуравдугаар сард хоёр талд хуваагдсан АН тус тусдаа намын даргаа сонгох сонгуулиа цахим болон уламжлалт санал хураалтаар тус тусдаа явуулсан. Тухайн үед АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны тал уламжлалт аргаар санал өгөх даргын сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын гишүүдийнхээ олонхийн саналыг авч, ялалт байгуулсан.Тус сонгуульд 70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн санал авч байв. Харин АН-ын дарга С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан.

Ийн хоёр талд зохион байгуулсан АН-ын даргын сонгуулийн хэнийх нь жинхэнэ, хэнийх хуурамч эсэхийг  дэнслэх Дээд шүүхийн шийдвэртэй  зэрэгцэн 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэээд шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс  дээрх шийдвэр гарсан хэдий ч тамганы маргаан үүгээр дуусаагүй.

 Нөгөө талд хоёр даргын хэнийг нь намын жинхэнэ даргаар томилох уу гэдэг нь Дээд шүүхийн хурлаас шийдэх учир Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 25-ны өдөр  болж Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг аль алиныг нь АН-ын даргаар бүртгээгүй. Асуудал ийн сунжирсан учир О.Цогтгэрэлийн талаас Онц Их хурлаа арванэгдүгээр сарын 5-нд хуралдуулж, энэ хурлаар О.Цогтгэрэлийг намын даргаар батламжласан. Онц Их хуралд Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар, УИХ-ын гишүүдийн хамт ирсэн бол С.Эрдэнийн талынхнаас гадна, Х.Баттулгынхан бас очоогүй. 2020 оны зургадугаар сараас  оноос хойш үргэлжилж буй АН-ын зөрчил, тэмцэл энэ хурлаар эцэс төгсгөл болно  гэсэн хүлээлт байсан боловч мөн л асуудал шийдэгдээгүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны арванхоёрдугаар 20-ны өдөр болж, хуралдаанаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгээгүй гэсэн үг. Ингэснээр АН-ын даргын маргаан эцэслэгдэхгүй байсаар 2022 онтой ийнхүү золгож байна.

Уг нь АН-ыг өндийгөөсэй, дотроо учраа олоод хүчтэй сөрөг хүчин болж ажиллаасай гэж хэн хүнгүй хүсч байгаа юм. 

                       Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөө анх удаа зургаан жилээр сонгов

Энэ оны улс төрийн гол онцлох үйл явдал нь Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа зургаан жилээр ажиллах төрийн тэргүүнээ сонгох сонгууль зургадугаар сарын зургадугаар сарын 9-нд явагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх,  АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар дэвшиж буй. У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Харин АН-ын тухайд нам дотроо тус  тусдаа дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчээ тодруулсан. Улмаар О.Цогтгэрэлийн талын АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгатын талаас С.Эрдэнэ нар тус тус тодорсон. Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг албан ёсны нэр дэвшигчээр бүртгэсэн. "Зөв ХҮН электорат" эвсэл олон нийтээс санал асуулга авч нэр дэвшүүлэлтийг явуулсан. Тодруулбал, таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг тавьсан. Улмаар Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Д.Энхбат нь Ногоон намын дарга байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Угшил гарал, түүх нэгтэй МАН, МАХН 10 гаруй жилийн өмнө зам мөр нь салсан ч эргэн нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь мөн онцлог байв. Нэр дэвшигчдаас У.Хүрэлсүх 823,326 хүний санал авч үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын  зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

           Анх удаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Засгийн газар байгуулагдав

2021 онд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан нь оны онцлох улс төрийн үйл явдал байлаа. Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржаад удаагүй байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, улмаар тус иргэнийг ХӨСҮТ рүү н шилжүүлэх арга хэмжээг авах үеэрээ тухайн дөнгөж амаржсан эхийг нимгэн хувцастай машинд оруулж байгаа бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртсөн.

Уг явдалд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх уучлалт хүсч, танхимаараа огцрохоо нэгдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Энэ үеэр тэрбээр “Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн Монгол эр хүн.Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй” гэдгийг тодотгож байв. Ийн анх удаа Засгийн газар танхимаараа огцорч шинэ Засгийн газар байгуулагдсан. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож, тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу танхимын сайд нараа бүрдүүлсэн.

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа иргэдээ вакцинжуулах, ААН-үүдээ дэмжих 10 их наядын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлсэн нь өнөөдөр эдийн засгаа сэргээхэд оновчтой бай нь байв. -5.3 хувь байсан эдийн засаг өнөөдөр 2018 оны мөн үе  дээр очиж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, цар тахалгүй байх үе рүү эдийн засаг шилжсэн. Гэхдээ хөл хориогүй байсны хүчинд гэдгийг тодотгох нь зүйтэй. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Засгийн газар хатуу хөл хорихын эсрэг байж аль болох ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад гол чиг болгож вакцинжуулалттай хослуулсан нь өнөөдөр эдийн засагт бодит үр дүн үзүүлэв.10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд 225 мянган ажлын байрыг хадгалжээ.Үндсэндээ шинэ Засгийн газар иргэдийнхээ дийлэхи хувийг бүрэн дархлаажуулалтад хамруулна гэсэн зорилтдоо, нэг ч гэсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоохгүй байхын төлөө ажиллана гэсэн тэрхүү амлалтдаа хүрч чадсан. Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунгийн хамрагдалт 96.1 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 91.8 хувь, дархлаа сэргээх гурав дахь тунгийн хамрагдалт 47.7 хувьтай байна.

Ирэх гурван жил  Засгийн газар таван зорилтыг дэвшүүлэн ажиллана.

  • Цар тахлыг богино хугацаанд даван туулах
  • Эдийн засгаа сэргээх
  • Дундаж давхарыг дэмжих
  • Үндэсний тогтолцоо бий болгох
  • Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх,

Цар тахлын үед эдийн засгаа ийн хамгаалсан Засгийн газрын дараа дараагийн 100 хоногт хийх ажлын нэг нь цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдэж, энэ хүрээнд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

                                                    Оюутолгойн төслийн алдааг засахад алхам урагшлав

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын фокуслаж ажиллаж буй гол асуудлын нэг нь “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах. Энэ хүрээнд УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, Рио-Тинтотой хэд хэдэн удаа уулзалт хийж ширээний ард суусны хүчинд 2015 онд байгуулсан Дубайн гэрээг цуцлуулав. Мөн айлын тал Засгийн газраас тавьсан саналуудыг хүлээж авч, буулт хийсэн нь Оюутолгой төсөл монголчуудад ашгаа өгөх нөхцөл бүрдэв. Өнгөрсөн хугацаанд зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа нь гүний уурхайн геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг Оюутолгой төслийн менежментийн багаас удаа дараа өгч ирсэн. Тэгвэл шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн зардал өсөж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй гэдэг дүгнэлт гаргасан талаар Засгийн газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн анх тооцсон зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтэрч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 22 сараар хойшилсон нь геотехникийн асуудлаас болоогүй гэх дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч байгууллага гаргасан.

Монгол Улсын Засгийн газар далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг, Рио-Тинтог 34 хувь дээр үүсээд байгаа өрийг тэглэхийг шаардсан. Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондоны арбитрт өгсөн. Харин Монгол Улсын Засгийн газар энэ маргаанд Рио Тинтог татаж оролцуулах  сөрөг нэхэмжлэл гаргасан. Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол өчигдөр батлагдав.

Энэхүү тогтоолоор Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнг баталгаажуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авах зөвшөөрлийг Засгийн газарт олголоо.

Ингэснээр:

Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх,

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, хүчингүйд тооцох,

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,

эрчим хүч дотоодоос худалдан авах,

 “Оюу толгой” төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах,

Оюу толгой ХХК-д ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг цогц асуудлыг хэрэгжүүлнэ. Ийн 10 гаруй жил улстөрчдийн хамгийн их ярих дуртай хэрүүлийн сэдэв мөн попрох сэдэв нь болсон Оюутолгой улстөрчдийн попролоос гарч, Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдлээ.

                                               Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр МАН, МАХН нэгдэв

Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцов. Угшил гарал нэгтэй МАН, МАХН нэгдсэн шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэдгийг тухайн үед тодотгож байв. Харин Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” хэмээсэн.

Ийн МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлж мөн энэ сарын 6-нд МАН нам Их хурлаа хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгож, намын дүрэмдээ өөрчлөлт оруулав.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 3 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 3 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 4 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 4 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 5 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 6 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 6 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 6 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 7 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 7 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 9 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 10 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 10 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 10 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 11 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 11 цагийн өмнө