Эрдэнэтийг тэтгэх шинэ ургац

М.Ариунжаргал
2022/04/25

Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин хөгжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Алс ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд Зууны манлай үйлдвэр усан хангамжийн төв гуравдугаар шугам хоолойг шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Шаардлагатай зөвшөөрлүүд ар араасаа гарч, эрх бүхий байгууллагаар геодезийн хэмжилтүүд хийлгэж, бүх цэгийг шинээр тогтоож том төслийн шат дараатай, нүсэр ажил ундарсан юм. Одоо Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийг чиглэх шинэ урсац эхлэхэд тун удахгүй болжээ. Бид цэвэр усны гуравдугаар шугамын ажлын явцыг сурвалжлахаар сэлгэн залгах зангилаа бүхий хээрийн байгууламжийг зорилоо. Улаан тоосгон ихэр барилга энэ газрын “таних тэмдэг”. Угтаа цэвэр усны төв шугамуудын сэлгэн залгалтын А, Б байр юм. Энд 10 гаруй хүн, нэг кран, хоёр түрэгч гээд жижиг оврын техникүүд эргэлдэн чөлөөгүй ажиллана. Шугам хоолойн угсралт хэдийнээ дуусаж, холболтын ажил ид явагдаж байна. Сэлгэн залгалтын Б байр дотор, зургаан метрийн гүнд, ус чийгтэй орчинд гүйцэтгэгч “Хаппи Бьюлдинг” компанийн гурван ажилчин цэвэр усны төв шугамын уулзвар дээр том хаалтууд тавиад толгой өөд татах завгүй махарна. Энэ блокийн гүнд нэг талаас 1976 онд ашиглалтад орсон цэвэр усны нэгдүгээр шугам, нөгөө талаас 1988 онд ашиглалтад орсон хоёрдугаар шугам, харин чанх зүүнээс шинэ гуравдугаар шугам орж ирж холбогдсон харагдана. Эндээс төв шугамуудыг хааж, нээн, шилжүүлж ажиллах юм байна. 

Ус хангамжийн цех төв усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62000 м3 орчим цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн хэрэглээ эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн. Гэсэн ч хос шугам ачааллынхаа дээд түвшинд ажилласаар... Хэрэв нэг шугам нь цоорвол зөвхөн ганцаар үйлдвэрийн болон хотын цэвэр усны хэрэглээг хангаж чадахгүй учраас гурав дахь шугамыг тавихаар үйлдвэрийн газрын удирдлагууд шийдвэрлэсэн нь ийнхүү биеллээ оллоо. Шинэ шугам ашиглалтад орсноор эдийн засгийн талаас усны зардал буурах, түгээлтийн үйл ажиллагаанд хэмнэлт гарах давуу талтай. Харин техникийн боломжийн талаас одоо ашиглаж буй хос шугамын нэгийг түр хугацаагаар ашиглалтаас гаргаж доторлон сэргээн засварлах боломж бүрдэх юм. Ингэснээр үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа дахин 50 жилээр уртасна гэж мэргэжилтнүүд үздэг. 

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу тэд шинэ шугам хоолойд угаалга, ариутгал, усан туршилт хийхээр бэлтгэж байна. Энэ сарын сүүлчээс угаалга, ариутгал, усан туршилт эхлээд, тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэгээд зургаадугаар сарын эхээр Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад оруулна гэж Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер Б.Баянбат ярилаа. Тэрээр цаг агаарын нөхцөл, үйлдвэрлэлийн хүчин зүйл, гүйцэтгэгч хоёр компанийн ажлын явцаас хамаараад төлөвлөсөн хугацаа өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэж нэмж тайлбарлав. Цэвэр усны 800 мм-ын голчтой ган шугам хоолойг угаах, дотуур нь ундны ус явах учраас халдваргүйжүүлэх, техникийн талаас нь бүрэн бүтэн, бат бөх байдлыг нь шалгах үүднээс усаар дүүргэж турших аргачлал нарийн. 60 км шугам хоолойг усаар дүүргэж угаахын тулд нэг удаад 30 мянган м3 ус шаардлагатай. Зураг төсөлд зааснаар даралттай усаар гурван удаа угаах ёстой. Дараа нь хлораминтай уусмалаар ариутган дахин зайлна. Цэвэрлэгээ, ариутгал, туршилтад ашигласан их усаа байгаль орчинд хаяхгүйгээр, нуурын усны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс үйлдвэрийн эргэлтийн усны шугам руу нийлүүлэх шийдэл бүхий худгууд гаргасан нь төлөвлөлт сайныг илтгэнэ. Сүүлд нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар усны дээж авч шинжлэн, ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох юм.  

Ган хоолой дамжуулж буй шингэний шинж чанараас хамаараад 20-30 жилийн насжилттай байдаг. Харин Эрдэнэтийн цэвэр усны төв гуравдугаар шугамд тавьсан ган хоолой үйлдвэрийн аргаар гадна талаас нь ус чийг, хөрсний шинж чанарын нөлөөллөөс хамгаалсан зориулалтын бүрээстэй, дотор талдаа ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай түрхлэгтэй. Ган хоолойг дагалдаж ирсэн техникийн үзүүлэлт дээр 50 хүртэл жилийн ашиглалтын шаардлага хангасан гэжээ. Цэвэр усны 60 км урт шугам хоолой тавих ажлын гүйцэтгэгчээр “Бридж констракшн”, “Хаппи Бьюлдинг” компани ажиллаж, Ус хангамжийн цехийн инженерүүд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Үндсэн шугамыг зогсоож богино хугацаанд холболт хийж байгаа болохоор гүйцэтгэгч компанийн ажилтнууд хоёр ээлжид хуваагдан 24 цагаар ажиллаж байна, гэж Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх ярилаа. Харин “Бридж констракшн” компанийнхан ус өргөх 2, 3-р станц дээр усны цохилтоос хамгаалах байгууламжийн дээврийн хучилт, дотор заслын ажлыг гүйцэтгэж байна. Дараа нь эвдэрсэн газрыг тэгшлэх, налуу гаргах, бетон байгууламж, хашилт хийх, үерийн усны суваг гаргах гээд ажлууд бий. Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан их ажлаа нугалчихсан, үр дүнгээ үзэхээр бэлтгэхдээ баяртай байгаагаа илэрхийлсэн. “Та бүхний ажлын чанарыг усан туршилт харуулна. Түгшиж байна уу?” гэсэн асуултад тэд “норм дүрмийн дагуу ажлыг гүйцэтгэсэн, үйлдвэрийн зүгээс хяналт тавьж ажилласан учраас бүрэн итгэлтэй байна” хэмээн хариулсан юм. Энэхүү өргөтгөлийн хүрээнд Ус хангамжийн цехэд удирдлага хяналтын SCADA систем нэвтэрч, алсын зайнаас хянах, удирдах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, усан хангамжийн хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх ажил давхар хийгдэж байгааг ч П.Гансүх дарга ярьсан.  

“Хаппи Бьюлдинг” компани Эрдэнэтийн цэвэр усны төв гуравдугаар шугамын 29,4 км ган хоолой тавих ажлыг гүйцэтгэсэн. Өнгөрсөн зун бүтээн байгуулалт ид өрнөж байхад эднийх өндөр зэрэглэлийн гагнуурчин, засварчин, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүнтэй хээрийн баг, 20 орчим техниктэй ажиллаж байжээ. Одоо гагнуурын, угсралт холболтын, засал чимэглэлийн, газар шорооны бригад сүүлийн шатны ажлыг гүйцэтгэж байна. “Хаппи Бьюлдинг” компани хэдийгээр барилга угсралт, хотын болон станцын төв шугамын ажлын арвин туршлагатай ч 30 орчим км урт шугам хоолой тавьсан нь анхных гэнэ. Цар тахлын нөлөөгөөр хүндрэлтэй олон асуудалтай нүүр тулж, бартаатай зам туулсан ч өнөөдөр хамгийн хэцүү даваагаа давчхаад, хүрэх газартаа ойрхон зогсож байгаадаа баяртай байна, гэж тус компанийн талбайн инженер О.Чинбат ярьсан юм. 

Ус элбэгшихэд улс баярладаг. Сэлэнгэ мөрнөөс эхтэй Эрдэнэтийг тэтгэх шинэ урсац удахгүй нээгдэж, 50 жил, түүнээс олон он жил тасрахгүй биднийг ундаалж, хөгжил өөд хөтөлнө.     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 15 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 16 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 17 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 18 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 18 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 19 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 23 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 23 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр