Ж.Мэндээ: Бид бус нутагтаа үнэлэгдэх олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж чадлаа

М.Ариунжаргал
2022/07/04

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриштэй уулзаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гарсан “Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлж, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг манай улсад зохион байгуулахаа амласан билээ. Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дэмжиж, өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-д болсон энхийг сахиулах асуудлаарх Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцохдоо бүс нутгийн улс орнуудыг энэ хуралд идэвхтэй оролцохыг уриалсан.

Мөн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Монгол Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаатай болон энхийг сахиулах ажиллагааны чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлагад албан ёсны урилга хүргүүлж, бүх шатанд идэвхтэй ажилласны үр дүнд дэлхийн 30 гаруй улсын 60 орчим энхийг сахиулагч бүсгүйчүүд хэдхэн хоногийн өмнө эх оронд маань чуулсан. Тус чуулга уулзалтын талаар ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, доктор, хурандаа Ж.Мэндээтэй ярилцлаа.

Эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, түүний ач холбогдол, цаашдын үйл ажиллагааны талаар олон чухал асуудлыг хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцогч орнууд болон хэлэлцсэн илтгэл, илтгэгч, илтгэлийг удирдсан хүмүүсийг хэрхэн сонгосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хурлын сэдэв, агуулгын хувьд НҮБ-ын Энхийн ажиллагааны газартай хамтран ажилласан. Эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй, энэ чиглэлд тодорхой ахиц гаргасан улс орнуудын төлөөллийг хамруулахыг хичээсэн. Тив, бүс нутгийн төлөөллийг аль болох жигд оролцуулах бодлого баримталсан. Эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудал нь нэг талаар цаг үеэ олсон, нөгөөтэйгөөр дэлхийн улс орнуудын БХЯ, Зэвсэгт хүчин үүнийг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болно. Харин хэлэлцүүлгүүдийг гадаадын их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач нараар удирдуулахаар төлөвлөж ажилласан. Ингэснээр дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн судлаач нар энэ хуралд оролцохын сацуу манай улсын нөхцөл байдалтай танилцах, цааш нь биднийг сурталчлах, мөн манай судлаачидтай хамтран ажиллах боломж бүрдүүлэхийг зорьсон. Хэдийгээр энэ удаад гадаадын зургаан судлаач оролцохоор төлөвлөгдсөн ч нислэгтэй холбоотой шалтгаанаар хоёр судлаач ирж оролцлоо. Цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээрээ, хоёр хөрш улсын агаарын хил хаалттай байгаа нь гадаадын олон улс орны төлөөлөгчид, судлаачдын оролцох боломжийг хязгаарласан болов уу.


Дээрх хурлыг ямар зарчмаар явуулав. Хуралд онцлог байсан илтгэлүүдийн тухайд ...

-Хурлын илтгэл бүр сонирхолтой байлаа. Нэгдүгээр хуралдаанд цэрэг, цагдаагийн албан хаагчдын дунд жендерийн тэгш байдлыг хадгалах буюу, эмэгтэй алба хаагчдыг оролцоог нэмэгдүүлэх тухай НҮБ-ын стратеги батлагдсанаас хойших таван жилийн ажлыг дүгнэлээ. НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын ажилтан Нкечи Эсиони-Үзодимма НҮБ-ын түвшинд тодорхой ахиц байгаа боловч, цэрэг, цагдаа илгээгч улс орнууд илүү хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Бразил, Их Британи, Балба, Канадын төлөөлөгчид энэ чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулав. Ялангуяа, Канад, Их Британи Улсын хувьд эмэгтэй цэргийн алба хаагчдыг НҮБ-ын ажиллагаанд оролцуулахад тулгарч байгаа саад бэрхшээлийн үнэлгээг хийсэн туршлагаа бидэнтэй хуваалцлаа. Хоёр болон гуравдугаар хуралдаанаар улс орнуудын төлөөлөгчид эмэгтэй алба хаагчдыг сонгон шалгаруулж элсүүлэх, сургаж бэлтгэх, ажиллагаанд оролцуулахтай холбоотой туршлага, сургамжаа хуваалцсан.

Чех, Финлянд, Герман, Өмнөд Солонгос, Нидерланд, Руанда, Гана, Малайз, Филиппин, Шри Ланка зэрэг улсын эмэгтэй цэргийн алба хаагч өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Үүнд гурван нийтлэг зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах эрэлт хэрэгцээ нь НҮБ-ын хувьд их. Гэтэл тэр түвшинд бэлтгэгдсэн цэргийн алба хаагчид дутмаг байдаг. Хоёрдугаарт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болон сургалтад хамрагдах боломж байдаг ч энэ тухай мэдээлэл нь эмэгтэй цэргийн алба хаагчдад хүрдэггүй. Эцэст нь тухайн улс орнуудын соёл, ёс заншил болон нийгмийн ерөнхий хандлагатай холбоотой нийтлэг бэрхшээл байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийг цэрэг, хүчний байгууллагад ажиллуулах, цаашлаад эмэгтэй алба хаагчдыг гадаад улс орнуудад үүрэг гүйцэтгүүлэхийг аль болохоор хязгаарлах гэх мэт. Манай улсын хувьд энэ хандлагаа давчихсан, нэг алхмын өмнө яваа мэт санагдсан.

Тус эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдэд ямар асуудал хамгийн ихээр хөндөгдөж байв?

-Ер нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэрэг, цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, тэднээр үүрэг гүйцэтгүүлэх боломж, сонирхол байгааг бүгд дурдаж байна. Үүний тулд улс орон бүр эхлээд хүндрэл, бэрхшээлийг бодитоор үнэлэх хэрэгтэй. Энэ үнэлгээнд үндэслэж, улс орон бүр өөрсдийн стратеги, хөтөлбөртэй байх ёстой гэдэг дээр санал нийлсэн. Тодорхой бодлого, хөтөлбөргүйгээр эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлнэ гэдэг нь үр дүн багатай, харин судалгаатай, үүндээ үндэслэсэн стратегитай байвал амжилтад хүрч болохыг Гана улсын жишээ харуулж байв. Цаашид улс орнууд идэвхтэй хамтран ажиллах ёстой, арга туршлагаасаа хуваалцах хэрэгтэй гэж төлөөлөгчид онцолж байсан. Мөн манай улс шиг ийм саналыг бусад улс орнууд дэмжээд, жил бүр явуулдаг тодорхой арга хэмжээ болгохыг оролцогчид илэрхийлж, санал болгож байв. Үүнд Батлан хамгаалахын сайдын дэвшүүлсэн таван жил тутамд манай улсад хийх саналыг гишүүн улс орнууд, НҮБ-ын төлөөлөгчид талархан хүлээж авсан. Учир нь 2028 он НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын дэвшүүлсэн зорилтыг эргэж дүгнэх жил юм.

“Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорил, бэрхшээл, сайн туршлага” сэдэвт олон улсын бага хурлаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар...

-Хурлын үр дүнг олон талаас нь дүгнэж болно. Нэгдүгээрт, цар тахалтай, геополитикийн сөргөлдөөнтэй, их гүрнүүд зөрчил ихэссэн энэ үед, дэлхийн таван тивийн 30 улсын 60 эмэгтэй цэрийн алба хаагч манай улсад ирж хуралдсан нь гадаад бодлогын том амжилт юм. Хоёрдугаарт, Зүүн хойд болон Төв Азийн бүс нутагтаа анх удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хүрээнд “Эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх” сэдвээр олон улсын хурал санаачилж, энэ санаачилгыг НҮБ дэмжиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг дэмжих ажиллагаа хариуцсан орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцсоноороо онцлог байлаа.

Гуравдугаарт, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид ирж оролцсон. Бүс нутгийн бусад улс оронтой харьцуулахад эмэгтэйчүүдийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах талд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төвтэй улс гэж манай улсыг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хурлыг зохион байгуулах саналыг НҮБ-ын индэр дээр дэвшүүлснээс хойш эмэгтэй энхийг сахиулагчдын туршлага, сургамж судлах хурлыг гурван удаа зохион байгууллаа. Энэ нь Зэвсэгт хүчинд алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэл, алба хаах нөхцөлтэй холбоотой олон асуудлыг эргэж харах, дэлхийн улс орнуудын жишигт хүргэх шаардлага байгааг бидэнд санууллаа. Цаашдаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахтай холбоотой саад, бэрхшээлийг олон улсын байгууллагуудтай хамтран судалж, бодлогын оновчтой хувилбар, шийдэлтэй байх хэрэгтэй гэдгийг дэлхийн нэлээд олон улсын туршлагаас тодорхой харж болох юм.

Таны дурдсанчлан энэ удаагийн чуулга уулзалт бүхий л улс орны хувьд онцгой хүнд цаг үед зохион байгуулагдлаа. Үүнтэй холбоотойгоор асуудал тулгарав уу? 

-Хэрэв цар тахлын үр дагавар арилчихсан, олон улсын нислэг хэвийн байсан бол мэдээж хэрэг оролцох улс орнуудын тоо нэмэгдэх байлаа. Энэ нь НҮБ-ын хувьд ч тэр, улс орнуудын хувьд ч тулгамдсан, бодлогын гарц гаргалгаа, хамтын хүчин чармайлт шаардсан сэдэв юм.

Нөгөөтэйгөөр, Орос-Украйны хооронд өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн, үүнтэй улбаатайгаар Өрнөдийн болон ОХУ-ын геополитикийн сөргөлдөөн хурцадсан үед болсон. Нэгэнт НҮБ-ын аливаа арга хэмжээнд ОХУ-ыг оролцуулахыг НҮБ-ын зүгээс албан ёсоор хориглоогүй учраас ОХУ-ын төлөөлөгчид хурлын арга хэмжээнд оролцсон. Үүнтэй холбоотойгоор Австралийн төлөөлөгчид албан ёсоор оролцохгүй гэдгээ мэдэгдсэн, мөн хэд хэдэн улсын төлөөлөгчид цэргийн дүрэмт хувцсаа өмсөх, ОХУ-ын төлөөлөгчидтэй гэрэл зураг авхуулахгүй байх нөхцөлтэйгөөр оролцсон. Гэсэн ч олон тулгуурт, төвийг сахисан, нээлттэй, идэвхтэй гадаад бодлого баримталдаг манай улсын хувьд энэ асуудлаар ярилцах, хамтран ажиллах сонирхолтой бүх улс орныг оруулж чадлаа.

НҮБ-аас “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол гарснаас хойш манай улс олон улсын нэр хүндтэй тус чуулга уулзалтыг зохион байгуулснаараа бүс нутгийн хувьд хэдийнээ анхдагч боллоо. Харин бусад улс орны хувьд дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохиогдож буй ажил арга хэмжээнээс дурдвал...

-“Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” нь хоёр зорилгод чиглэгдсэн. Нэг нь аливаа зэвсэгт мөргөлдөөн, хямрал, дайны үед эмэгтэйчүүд, охид хамгийн их хэлмэгддэг, үүнийг бууруулахад НҮБ болон гишүүн улс орнууд анхаарч хамтран ажиллах. Нөгөө нь эдгээр зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, зохицуулахад эмэгтэй алба хаагчдын үүргийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ асуудлыг НҮБ-ын хүрээнд болон гишүүн улс орнуудын хамтын хүчин зүтгэлээр шийдвэрлэх, ач холбогдлыг өргөх зорилготой анхны тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2000 оны 9 дүгээр сарын 31-нд 1325 гэсэн дугаартай баталсан. Үүнтэй холбоотойгоор дээрх зорилгуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон чухал тогтоол, санаачилга гарсан. Жишээлбэл, НҮБ-ын Энхийн ажиллагааны газар энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй цэрэг, цагдаа, хорих байгууллагын алба хаагчдын нийт бүрэлдэхүүнд эзлэх хувийг 2028 он хүртэл шат дараалалтайгаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Эхлээд 2028 он гэхэд 25 хувьд хүргэх зорилт тавьж байсан, үүнийгээ 15 хувь болгож өөрчлөөд байна.

Канад Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, бусад улс орнуудад туслах зорилготой “Элсе” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд…

-Канад Улсын Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг дэмжиж, эмэгтэйчүүдийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахад дэмжлэг үзүүлэх “Элсе” гэдэг санаачилгыг 2017 онд гаргасан. Хэдийгээр энэ санаачилгын санхүүжилтийг Канадын тал гаргаж байгаа боловч төсөл, хөтөлбөрүүдийг бие даасан НҮБ-ын салбар байгууллагууд хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд энэ хөтөлбөрийн санхүүжилтэд хамрагдах бүрэн боломжтой, гэхдээ тухайн байгууллагаас тогтоосон шалгуур, үзүүлэлтэд нийцэх, өрсөлдөх учиртай. Яг өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөрийн хүрээнд хамгийн амжилттай төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаа улсын тоонд Гана, Замби, Сенегал улс ордог. Энэ удаагийн хуралд Гана Улсын төлөөлөгчдийг Канад Улсын санхүүжилтээр оролцуулсан нь бидэнд тэднээс суралцах бага ч гэсэн боломж олдлоо.

Мөн Женевийн төвийн судлаачид оролцсон. Нэр хүндтэй эдгээр судлаачид ач холбогдол өгч буй нь дэлхийд хэрэгждэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд манай эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо цаашид өсөн нэмэгдэх нэг гарц гэж харж болох уу? Түүнчлэн эдгээр төсөл хөтөлбөрт оролцох боломжийн талаар...

-Женевийн төв гэдэг нь Аюулгүй байдлын буюу хүчний байгууллагын засаглалын асуудал хариуцдаг олон улсын байгууллага юм. Энэ олон улсын төвийн жендерийн судалгааны нэгж нь “Элсе” сангийн санхүүжилттэйгээр эмэгтэй цэрэг, цагдаагийн алба хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохтой холбоотой үүсэж буй саад, бэрхшээлийг судлах асуудлыг хариуцаж ажилладаг. Олон улсын хүрээлэнгүүдийн шалгаруулалтад тэнцсэн, дээрх НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагатай хамтран ажилладаг гэсэн үг. Энэ нэгж энхийг сахиулах ажиллагаа болон жендерийн асуудлыг судалдаг дэлхийн томоохон их дээд сургуулиудаас Корнеллийн их сургуулийг сонгон авч, бусад тэргүүлэх олон улсын эрдэмтэдтэй хамтран дээрх саад бэрхшээлийг судлах судалгааны арга зүйг боловсруулсан. Өнөөдөр энэ арга зүй, аргачлалыг ашиглан улс орнууд өөрсдийн үнэлгээг дараах байдлаар хийж байна. Тухайлбал, ХБНГУ, Нидерланд, Их Британи, Канад зэрэг улс орон өөрийн судалгааны, хамгийн гол бие даасан буюу БХЯ, Зэвсэгт хүчний шууд удирдлагад байдаггүй /судалгааны бие даасан байдлыг хангах зорилгоор/ хүрээлэн эсвэл судалгааны нэгж байгуулаад, өөрсдийнхөө сул, давуу талыг үнэлж байна. Үүнтэй холбоотой бүх зардлыг тухайн улсын БХЯ, Зэвсэгт хүчин хариуцдаг.


Нөгөө нь “Элсе” санд ийм үнэлгээ хийлгэх албан ёсны саналаа тавьж, Женевийн төвийн дээрх судалгааны нэгжтэй хамтран хийх хувилбар юм. Энэ тохиолдолд Корнеллийн их сургуулийн судлаачид болон тухайн хүсэлт гаргасан улсын судлаачид хамтран судалгааны баг болж, энэхүү саад бэрхшээлийн үнэлгээг хийнэ. Үүнтэй холбоотой бүх зардлыг “Элсе” сангаас гаргадаг. Судалгааны хүрээнд нийтдээ 30 орчим хүнээс экспертийн түвшний ярилцлага авч, 300-400 орчим хүнээс санал асуулга авах, мөн ерөнхий нөхцөл байдлын судалгаа хийх ажил багтана.

Аюулгүй байдлын салбарын судалгааны хувьд гадаадын судлаачдаар судалгаа хийлгэхэд бие бүрэлдэхүүний тоо, статистик  бусад мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байдгаас шалтгаалан улс орнууд татгалзах хандлага элбэг. Хэдэн жилийн өмнө тус байгууллага манай улсыг энэ санхүүжилтэд хамрагдаж, судалгаа хийлгэхийг санал болгоход дээрх шалтгаанаар татгалзаж байсан. Гэхдээ энэ асуудлыг арай өөр талаас харж болно. Нэгдүгээрт, мэдээллийн нууцлалттай холбоотой асуудлыг манай судлаачид хариуцах, гадаадын судлаачдад дамжуулахгүй байх. Хоёрдугаарт, өөрийн судлаачдаа орчин үеийн судалгааны арга барилд сургах, судалгааны дататай болох. Гуравдугаарт, англи хэл дээр НҮБ-ын стандартад нийцсэн өөрсдийн нөхцөл байдлын тайланг өгөх. Эцэст нь энэ үнэлгээнд үндэслэж цаашид манай улсад хэрэгтэй асуудлаар санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Гана, Сенегалын жишээг харж байхад энэ үнэлгээнд үндэслэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын ахуй нөхцөлийг сайжруулах, ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдад зориулсан цэцэрлэг байгуулах, эмэгтэй цэргийн алба хаагчдын сургалт, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар ажиллаж байна. Мэдээж хэрэг ийм төрлийн үнэлгээг хийлгэх эсэхийг удирдлагын түвшинд шийдвэрлэх болов уу. мөн  НҮБ-ын түвшинд хэрэгжиж байгаа төсөлд өөрсдөдөө ашигтай байдлаар хамрагдах гаргалгаа, хувилбарыг бодолцох хэрэгтэй.

Тус хуралд энхийг сахиулах асуудал хариуцсан улс төрийн хамгийн өндөр албан тушаалтан Жан Пьер Лакруа оролцсон нь тус хурлын чансааг илтгэн харуулж буйн нэг илрэл болов уу? 

-Ноён Лакруа оролцсон явдал нь бидний дэвшүүлсэн асуудал НҮБ-ын удирдлага, Энхийн ажиллагааны газрын анхаарлын төвд байдгийг харуулж байна. Мөн манай улсын Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн байгууллагын алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд сахилга баттай сайн оролцож байгааг үнэлсэн хэрэг. Түүнчлэн манай улсад зохиогддог олон улсын “Хааны эрэлд” сургууль НҮБ-ын хүндэт зочны анхаарлыг татсан байх. Их гүрнүүд цэрэг, дайны хувьд сөргөлдсөн, цэргийн итгэлцэл сул Зүүн Хойд Азийн бүс нутагт НАТО-гийн гишүүн болон Ази Номхон далай бүс нутгийн улс орнууд, дээр нь БНХАУ-ын цэргийн багийг оролцуулж, ОХУ-ын ажиглагчдыг урьж оролцуулдаг ийм сургууль байхгүй. Цар тахал, геополитикийн сөргөлдөөний улмаас ХАЧА-ийн цэргийн баг энэ удаагийн сургуульд оролцоогүй ч, цэргийн ажиглагчид нь манай улсад ажиллалаа. Түүнчлэн өнгөрсөн 20 гаруй жилийн туршид тордож, тохижуулж, олон улсын зэрэглэлд хүргэсэн Таван Толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв ноён Лакруагийн анхаарал, сонирхлыг татсан болов уу. Бас Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн дараахан, манай орны цэргийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойтой давхцаж ийм өндөр албан тушаалтан зочилж, бидний бодит нөхцөл байдалтай биечлэн танилцсан нь яах аргагүй чухал үйл явдал байлаа.

Хурлын гурав дахь өдөр буюу хаалтын ажиллагаанд оролцсон гадаад дотоодын хүндэт зочдын амнаас бусад улс орнууд Монгол Улсаас үлгэр авч ийм төрлийн арга хэмжээг олон удаа зохион байгуулахыг бусдадаа уриалж байсан. Энэ бол Монгол Улсыг дэлхийд тунхаглахын зэрэгцээ манай улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээг сайшааж буйн нэг хэлбэр болов уу?

-Санал нэг байна. Энэ удаагийн хуралд оролцсон хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй буцсан. Хурлын эхний өдөр дэлхийн түвшний асуудлуудыг хэлэлцэж, хоёр дах өдөр манай эмэгтэй энхийг сахиулагчдын туршлага, сургамжийг сонсож, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочилж, олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургуулийн явцтай танилцаж, оролцогчидтой уулзаж, наадам, соёлын арга хэмжээнд оролцсон нь олон хүнд мартагдашгүй дурсамж үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Хурлын гурав дахь өдөр нийтэд нь дүгнэж, цаашдын арга замын талаар ярилцсан. Хурал удирдсан хүмүүсийн товч илтгэлийг товхимол болгон хэвлэж, НҮБ-ын гишүүн улс орнуудад тараахыг НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын ажилтнуудаас хүссэн. Гана Улсын төлөөлөгчид ноён Лакруад ирэх жилийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны батлан хамгаалахын сайд нарын бага хурлыг өөрийн орондоо зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ дашрамд дурдахад бид Гана Улстай их ойролцоо, идэвхтэй гадаад бодлого явуулдаг, энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын сургалтын төвийг ажиллуулдаг. Үүнээс үзэхэд тэднээс суралцах, бас хамтран ажиллах боломж их байна.

Дээрх хурлаас үндэслэн цаашид анхаарвал зохих зүйлсийн талаар ...

-Хурлын үйл ажиллагаанд манай салбарын болон бусад байгууллагын судлаач нарыг татаж оролцуулах тал дээр бид бага анхаарлаа. Тухайлбал, БХЭШХ-гийн судлаачид мөн чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой салбарын болон бусад байгууллагын судлаачдыг татаж оролцуулсан бол нэгдүгээрт, энэ чиглэлээр судлаачдаа бэлтгэх, гадаадын судлаачидтай хамтран ажиллах боломж олгох, хоёрдугаарт, манай салбарын асуудлыг нийгэмд ойлгуулахад чухал ач холбогдолтой байх байсан болов уу гэж харж байлаа.

Түүнчлэн цаашдаа хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцвол эмэгтэй цэргийн алба хаагчдын сонгох, шалгаруулах, сургах, бэлтгэх, үүрэг гүйцэтгүүлэх асуудлыг цогцоор нь харах, удирдлагын бодлого шийдвэрийг оновчтой болгоход чухал үүрэгтэй болов уу. Хэдийгээр манай салбарын хувьд эмэгтэй цэргийн алба хаагчдыг 1990-ээд оны дундаас ҮБХИС, ахлагчийн сургуульд элсүүлэн сургаж, цэргийн анги салбаруудад ажиллуулж эхэлсэн боловч, бусад улс орнуудтай харьцуулахад бид энэ талаар тодорхой бодлого, судалгаагүй байгааг нуух юун. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд олсон ололт, амжилт, бас хүндрэл бэрхшээлийг ний нуугүй ярих шаардлагатай.

Ярихгүй, хөндөхгүй, судлахгүй болохоор төвөгтэй асуудлууд, буруу хандлагууд улам ужгирах, дараа нь маш төвөгтэй асуудал үүсэж, салбарын нэр хүндэд нөлөөлөх эрсдэлтэй. Яагаад гэвэл эмэгтэй цэргийн алба хаагчдын асуудал нь жендерийн тэгш байдал, оролцоо, эрхтэй холбоотой нийгмийн том сэдэв. Манай батлан хамгаалах салбарынхан энэ асуудалд хамгийн нээлттэй, дэвшилттэй байдлаар хандсаар ирсэн, тийм болохоор цаашдаа судалгаатай, бодлоготой байвал төрийн цэргийн бусад байгууллага, хууль сахиулах байгууллагуудад үлгэр жишээ болох, тэргүүлэх боломжтой. Зөвхөн энэ цөөхөн хоногийн хурлаас харахад бид дэлхийн бусад улстай хуваалцах туршлагатай, хэрэв зөв бодлого, чиглэлээ тодорхойлж чадвал тэргүүлэх боломжтой гэдгийг энд онцолъё.

Сүүлийн асуултыг танд үлдээе...

-Эмэгтэй энхийг сахиулагчдын асуудалд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар онцгойлон анхаарч эхнээс нь дэмжиж ажилласныг хэлэхэд таатай байна. Түүнчлэн ЗХЖШ-ын ЭДАХ-ийн дарга хурандаа Т.Буянбат, ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Цогтгэрэл, болон багийн гишүүд болох ахмад Ч.Ариунбат, Б.Мөнхбуян, ахлах дэслэгч Б.Баянмөнх, Б.Сувд, ахлах ахлагч Х.Хашчулуун, болон ахмад Б.Золжаргал, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга дэд хурандаа Б.Энхцаг, орчуулгын бүх асуудал дээр тэргүүлж ажилласан БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа Ч.Нямсүрэн нарт “Соёмбо” сониноор дамжуулан талархал хүргэж байгааг минь уламжилна уу.

Соёмбо сонин: Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 8 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 9 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 10 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 11 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 11 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 13 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр