​Манай улс нийт зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээртэй


Монгол Улсын Нийгмийн хамгааллын Олон Улсын Хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

Монгол Улсаас гадаадад оршин суугаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг хангах, сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Манай улс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор өөрийн улсын нийгмийн даатгалд даатгуулах, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг нь бүрдүүлэх,  хоёр улсад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тухайн улсуудаас ногдох тэтгэврийг авах, тэтгэврийг харилцан шилжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна.

 Монгол Улсын Засгийн газар одоогийн байдлаар хэдэн улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан бэ?

Монгол Улсын Засгийн газар нийт 6 улстай Нийгмийн хамгааллын тухай Хэлэлцээртэй. Тухайлбал, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (хуучин нэрээр), Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газартай Хэлэлцээр байгуулсан.

 Хэлэлцээрийн гол агуулгыг иргэдэд тайлбарлаж өгөхгүй юу. Түүний ач холбогдол, давуу тал нь юу байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Улс бүрийн хэлэлцээр өөр өөр агуулгатай. ЗСБНХУ (хуучин нэрээр)-тай байгуулсан “Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн тухай мэдээлэл өгье. Энэ хэлэлцээрийг  1981 онд байгуулсан бөгөөд 1991 оноос эхлэн Оросын Холбооны Улсад статус нь шилжсэн. Энэхүү хэлэлцээрийн агуулга нь Монгол Улсаас ОХУ-д, ОХУ-аас Монгол Улсад ажилласан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтооход баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл  иргэн “А” ОХУ-д 10 жил, Монгол Улсдаа 18 жил ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүнд нийт 28 жил ажиллаж шимтгэл төлснөөр тооцон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтооно.

 Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан Хэлэлцээрт ямар харилцааг зохицуулсан байдаг вэ? Манай иргэдийн хамгийн их зорчдог, ажил хөдөлмөр эрхэлдэг улс шүү дээ?

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн тухайд 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан. Хэлэлцээрийн агуулга нь хоёр улсын иргэдийг тэтгэврийн даатгалд давхар даатгуулахгүйгээр өөрийн улсын тэтгэврийн даатгалд даатгуулах, хэрэв даатгуулсан тохиолдолд Солонгосын үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлийг нь буцаан олгох явдал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн 108 сар буюу есөн жил доторх  хугацаанд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд сард 40 мянган вон төлж, Монгол Улсынхаа тэтгэврийн даатгалд хамрагдаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн Солонгос улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа шимтгэл төлснөөр тэтгэврийн даатгалын сангаас олгодог 3 төрлийн тэтгэврийг авах нөхцөл бүрдэх юм.  Хэлэлцээрийн хүрээнд 2022 онд 2.0 мянга орчим хүн тэтгэврийн даатгалд даатгуулсан дүнтэй байна. Түүнчлэн Хэлэлцээр хэрэгжихээс өмнө БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд шимтгэл төлсөн 16.5 мянган иргэний шимтгэлийг буцаан олгосон.

 Бүгд Найрамдах Унгар Улстай байгуулсан хэлэлцээрийн тухайд?

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн агуулга нь иргэд хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгож, хоёр улсаас давхар тэтгэвэр авах боломжтой юм.  Энэ Хэлэлцээр 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэхүү Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 38 иргэн БНУУ-ын хууль тогтоомжийн дагуу сар бүр өндөр насны тэтгэвэр авч байна.

 Бүгд Найрамдах Польш Улстай байгуулсан Хэлэлцээр мөн адил зохицуулалттай юу?

Агуулгын хувьд адил. Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын "Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан бөгөөд 2021 оноос эхлэн хэрэгжиж байна. Тус Хэлэлцээрийн тухайд “Шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг өөрийн талын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөнтэй нэгэн адилаар тооцож үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хоёр улсад ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэвэр авах эрх үүсэхгүй тохиолдолд хэлэлцэн тохиролцогч хоёр талтай хэлэлцээр байгуулсан гуравдагч талд шимтгэл төлсөн хугацааг харгалзан үзэж иргэдийн тэтгэвэр тогтоолгох эрхийг үүсгэнэ.  Шимтгэл төлсөн бүх хугацаанаас өөрийн орны хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг авна. Мөн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн, оршуулгын тэтгэмжийг хууль тогтоомжийнхоо дагуу олгох юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 6 иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр БНПУ-ын талд хүргүүлээд байна.  

 Бүгд Найрамдах Турк Улстай байгуулсан Хэлэлцээрийн талаар мэдээлэл өгнө үү.

Харин Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-т иргэдийн хоёр улсад ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, хэлэлцэн тохиролцогч хоёр талтай хэлэлцээр байгуулсан гуравдагч талд шимтгэл төлсөн хугацааг харгалзан үзэж тэтгэвэр тогтоох эрх үүснэ. Шимтгэл төлсөн бүх хугацаанаас өөрийн орны хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг авах боломжтой.  Шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тэтгэврээс гадна иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, оршуулгын, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж тооцож олгох зохицуулалттай.

 Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны 3 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-т хоёр тал 2019 оны 5 дугаар сарын 20-нд Прага хотноо гарын үсэг зурж,  2023 оны 1 дүгээр сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Удирдлагын тохиролцоо” баталгаажсанаар энэ оны 3 дугаар сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын 12 мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой болж байгаа юм. Хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох, мөн тухайн улсад шимтгэл төлж ажилласан хугацаандаа ногдох тэтгэврийг шилжүүлэн авах боломжтой болж байгаа юм.

 Эдгээр Хэлэлцээрийн үйлчлэлд хамаарах иргэд хаана хэрхэн хандах вэ?

Нэр бүхий 6 улстай байгуулсан Нийгмийн хамгааллын Хэлэлцээрийн үйлчлэлд хамаарах иргэд холбогдох зөвлөгөө, мэдээллийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчаас авч болох бөгөөд тухайн улсын хууль тогтоомжид заасан нөхцөлийн талаар, өөрт байгаа баримт бичгийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

 Бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахыг зөвлөж байна. Суралцах, эсвэл ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэхэд энэ нь таны нийгмийн баталгаа болно гэдгийг хэлмээр байна. Хилийн чанадад байгаа иргэд манай www.ndaatgal.mn сайтаар нэвтэрч, иргэдэд зориулсан цахим үйлчилгээний хэсгээр дамжуулан, нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжтой. Мөн “Нийгмийн даатгал” аппликэйшнийг ашиглан сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэлээ төлөх боломжтой.

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 8 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 18 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08