“Узбекистан ба Монгол: Харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ төлөв” сэдэвт 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цахим форум зохион байгуулах гэж байна.
Форумыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги болон Бүс нутгийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулах юм.
Форумын хүрээнд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлалын үр дүнг дүгнэнэ.
Арга хэмжээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд, тэргүүлэх судалгааны байгууллагуудын удирдлага, судлаач, шинжээчид оролцоно.
Форумын хэлэлцэх асуудалд улс төр, худалдаа, эдийн засаг, үйлдвэрийн хамтын ажиллагаа, ногоон эрчим хүч, дижитал шилжилт, тээвэр ложистикийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөв багтаж байна.
Шинжээчдийн энэхүү хэлэлцүүлэг нь Узбекистан-Монголын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, харилцан сонирхлын бүх салбарт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх бат бөх үндэс суурийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна