Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д засгийн газрын бүтцээ танилцууллаа

O.Аззаяа
2026/04/03

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлсэн.

Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас дэлхий даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг тасалдуулсан улс төрийн үйл явц гэсэн гурван том эрсдэлийн огтлолцол дунд шинэ Засгийн газар бүрэлдэж байна.

Эгзэгтэй нөхцөлд Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагуудын шуурхай, тасралтгүй ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Сандал суудал биш санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн Засгийн газраа байгууллаа.

Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахим шилжүүлнэ. Эрх зүйн үр дагавар багатай зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, чиг үүрэг нь давхардсан агентлаг, хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгох арга хэмжээ авна.  

Төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг, бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээл дээр хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэн, хүн бүрд өсөж өндийх орон зай, зам  нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь  иргэн, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого, УИХ-ын тогтоолоор батлагдсан, төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга байх болно.

Эдийн засгийн чөлөөлөлтөөр зах зээлд хуруу гараа дүрсэн төрийн зуршлыг халж хувийн хэвшил, иргэний эрх чөлөөг  хамгаалах нь өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүд, иргэний хаягаар хүргэх бодит орлогыг нэмэхийг зорьж байна.

 Эрх зүйн чөлөөлөлтөөр  хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаална.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хариуцлагатай уул уурхайн ил тод байдлын санаачилга, байгалиа хамгаалж, баялгаа байгальдаа ээлтэй ашиглах, нар, салхи, тархмал эх үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч, орлого бүтээх зорилтыг хэрэгжүүлнэ.

Авлигын эсрэг чөлөөлөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд, боловсролд зориулж, хохирол барагдуулах, хээл хахуулийн хорт хөрс болсон цаасан хүнд суртлыг цахим дэвшилтэт технологийн халах зэрэг бодлогын шийдэл байх болно. 

Шинэ Засгийн газар шударга ёс, эв нэгдлийг гагнаас болсон иргэнийхээ эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зорилгод бүрэн дүүрэн итгэж, дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж туулах болно.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн гол шалгуур болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж байна. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд Засгийн газрын гишүүдийн танилцуулга, намтрыг уншиж танилцуулъя

 Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий   Сайд миний бие Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүнээр томилох захирамж гаргаж,

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн  засаг, хөгжлийн сайдаар Жадамбын Энхбаярыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржхандыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар  Нямтайширын Номтойбаярыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Баттөмөрийн Энхбаярыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Загджавын Мэндсайханыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сайнбуянгийн Амарсайханыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдиннямыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлутыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Цэндийн Сандаг-Очирыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакирыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайханыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Жуковын Алдаржавхланг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгаланг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаанхүүгийн Идэрбатыг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Чинбатын Номинг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Бадрахын  Найдалааг,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Энхбаярын Батшугарыг тус тус томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас 2 сайд, Үндэсний эвслээс 1 сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол Засгийн газрын гишүүдийн үлдсэн 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь 2 дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Та бүхнийг Монгол Улсын Засгийн газар бүрэрлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, 100 хувь импортын хараат байдалтай түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцийг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх  зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүй төлөө хичээн ажиллах болно. Монгол улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодохойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш  илүү төлнө. 1 сайд цомхотгоход  дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд  2 өдрийн ц алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, 7 хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй.  Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7,4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэтц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн 4 дэд сайдтай үлдээнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ.  Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

 Засгийн газрын гишүүдээс 1-рт, Ажлын гүйцэтгэлийн хариуцлага, 2-рт Ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан. 

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 29 минутын өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09