Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголчууд энэ баяраа өнөөдөр /2026.07.13/ Хүй долоон худагтаа тэмдэглэх гэж байна.
Өнөөдөр 10 мянган морьтны их жагсаал, хүчит 128 бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулна.“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Монголчуудын түүх, соёл, үндэсний онцлогийг адуунаас салгаж ойлгох боломжгүй юм. Адуу нь Монгол хүний амьдралын хэв маяг, ахуй соёл, уламжлал, төрт ёс, цэргийн урлаг, утга зохиол, дуу хуур, спортын салшгүй хэсэг байсаар ирсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна