Н.Номтойбаяр: Наадмын өмнөх допингийн шинжилгээнд нэг ч бөхөөс зөрчил илрээгүй, ирэх жилээс бүх бөхийг дотооддоо шинжилдэг болно
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингийн асуудал наадамчин олны бухимдлыг төрүүлж байсан тул энэ жил урьдчилсан байдлаар допингийн шинжилгээг авч эхэлсэн бөгөөд одоогоор нэг ч бөхөөс допингийн шинж тэмдэг илрээгүй гэдгийг онцоллоо.
Мөн ирэх оноос 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээг эх орондоо авдаг болох төлөвлөгөөтэй байгааг мэдээлэв.
Хурдан морины сэрвээний өндөртэй холбоотой маргааныг шийдвэрлэхээр энэ жил дулаан мэдрэгчтэй тусгай төхөөрөмжийг Хүй долоон худагт суурилуулжээ. Уяачид морьдоо уг төхөөрөмжөөр шалгуулан оруулах бөгөөд туршилтыг хоёр хоногийн өмнөөс эхлүүлсэн байна. Цаашид Монгол адууны удмын санг бүрдүүлэх ажил хийгдэх аж.
Наадмын тасалбар, урилгыг комиссоос тогтоосон үнээр борлуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар үнэгүй тасалбар олгохгүй гэв. Харин Монголын уламжлалын дагуу гадаадын албан ёсны зочдод урилга олгох юм байна.
Энэ жилийн наадмаар нийт 208 аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно. Үүнээс гадна дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарсан олон улсын хоолны өдөрлөг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулах тусгай талбай гаргаж өгөхөөр төлөвлөжээ.
Шадар сайд Н.Номтойбаяр, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын танилцуулгыг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ирэх долоо хоногт холбогдох тогтоолын төслийг батлуулахаар ажиллаж байгааг хэллээ. Мөн Монголыг зорин ирдэг жуулчдад чиглэсэн шинэ бодлого, бүтээн байгуулалтуудыг танилцуулж, энэ жилийн наадмыг өмнөх жилүүдээс илүү шинэ зохион байгуулалттай хийхээр зорьж буйгаа онцлов.
Энэ жил Үндэсний их баяр наадамд 1,024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-нд эхний болон хоёрын даваа болох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдийг иргэдэд үнэ төлбөргүй нээх юм. Харин долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдөр-ийг Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна