Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийн допингийн шинжилгээний эхний хариу гарчээ.
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 64 бөхийн 63-ынх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин нэг бөхийн сорьцын шинжилгээ Германы Дрезден хот дахь Спортын анализ болон Спортын биохимийн хүрээлэнд үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байгаа аж.
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба "Нэг сорьцын хариу гараагүй байгаа нь тухайн бөхөөс хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш. Лабораторийн шинжилгээ бүрэн дууссаны дараа албан ёсны дүнг олон нийтэд мэдээлнэ" гэдгийг онцоллоо.
Шөвгийн бөхчүүдийн сорьцыг долдугаар сарын 13-нд Германы Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд хоёрхон хоногийн дараа эхний хариу иржээ. Энэ нь улсын баяр наадмын бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлснээс хойш хамгийн богино хугацаанд урьдчилсан хариу гарсан тохиолдол болж байна.
Дашрамд дурдахад, энэ жилийн Үндэсний их баяр наадмаар нэг даян аварга, нэг арслан, нэг гарди, гурван заан, гурван харцага, 14 начин төрж, нийт 23 шинэ цолтон мэндэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна