Ч.Хурц: Аж ахуйн нэгжийг философи мэдэхгүй хүн удирдаж чадахгүй

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай компанийн нийгмийн хариуцлагын сэдвээр ярилцав.

-Компанийн нийгмийн хариуцлагыг социализмын үед хэрхэн хангаж байв?

– Бид англи хэлээр яриад байна уу, монгол хэлээр яриад байна уу гэдгээ ойлгохоо байжээ. Энэ нь монгол хэл гэдэг баялагаа үгүй болгож байна гэсэн үг. Компани гэж юу юм бэ гэвэл монголоор аж ахуйн нэгж. Үйлдвэрийн нэгж байж болно, үйлчилгээний болон сургалтын нэгж байж болно. Аж ахуйн нэгж гэж хэлж болноо доо. Нийгмийн болоод ДНБ-ийг өсгөхийн төлөө аж ахуйн нэгж ажилладаг. Үүний тулд аль болохоор ашигтай ажиллахын төлөө орон тоо, зохион байгуулалт, технологийн эцсийн үр дүнг харах учиртай. Аж ахуйн нэгжүүд хэдийн чинээ бүтээлчээр ажиллаж байна төдий чинээгээр эдийн засаг өснө. Харин төсөвт мөнгө төлөх чадваргүй болохоор нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь үгүй болно.1990 оноос өмнө аж ахуйн нэгжүүд ашиггүй ажилласан ч татвар төлөөгүй бол хариуцлага хүлээлгэдэг байсан. Тэгэхээр аж ахуй нэгжүүд ашигтай ажиллахын тулд эдийн засгийн хууль, философийн ухааны үнэдэслэлтэй удирддаг байсан юм. Гэвч 1990 оноос хойш аж ахуйн нэгжүүдийг элгээр нь хэвтүүлэх уриан дор ажиллуулсан байгаа юм. Энэ бодлогыг өмч хувьчлалаар хэрэгжүүлсэн. Жишээлбэл, аж үйлдвэрийн комбинатыг 1931 онд байгуулахад ажилчин анги гэж байгаагүй. Хөрөнгийн эх үүсвэр, хуримтлал зөвхөн гадаад худалдаанаас үүссэн. Ийнхүү дотоодын худалдаа гадаад зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүнээр монголын анхны хөрөнгийн хуримтлалыг бий болж аж үйлдвэрийн комбинатыг санхүүжүүлж ирсэн байдаг. Феодлын хөрөнгийг хурааж бид баяжаагүй. Харин тэдний хөрөнгийг хураасан хүмүүс үнэт эдлэлүүдийг, төр нь малыг нь аваад аж ахуйн нэгжид өгөлгүй үрэн таран хийж дундаас нь завшсан юм. Төсвийн бүрдэл үгүй болж цаашид монгол улс яах вэ гэдэг асуудал тулгарах үед МАХН Орос орны тусламжтайгаар үйлдвэржилтийн бодлого бий болгосон. Хамгийн анхных нь аж үйлдвэрийн комбинат,цахилгаан станц юм. Эдгээр үйлдвэр байгуулагдснаар банк байгуулагдаж, ашиг орлого, өртөгийн тухай онолыг нэвтрүүлсэн. Таваарын нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал, ашгийг тооцсон. Нэмүү өртөгийн тухай ойлголт эндээс бий болж Монголын үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй.

– Аж ахуйн нэгжийг философилог аргаар удирддаг байсан гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

– Аж ахуйн нэгжийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын нэг хэлбэр нь багш, эмч нарын цалин төрийн байгууллагын санхүүжилтыг үүсгэх ганц эх үүсвэр нь болдог. Нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэдэг хэдий хэрийн их ашиг олно төдий чинээгээр татвар төлөх журмаар бий болдог. "Эрдэнэс Тавантолгой" төмөр замаа тавиад ашгийн 15 хувийг иргэдэд ногдол ашиг тараах байдлаар ажиллана гэдгээ зарласан. Нэгж хувьцаанд 25 төгрөг ногдож буй. Үүнийг 1072 хувьцаанд шилжүүлэхэд 26800 төгрөг. Нэг удаа цайны газар хоолонд дуусах мөнгө. Ингэж тарааж бутаргах нь чухал юм уу, эсвэл төвлөрсөн төсвийг бий болгож цалингаа нэмж, нийгмийн амьдралыг өөд татах бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь чухал юм уу. Би эдийн засагч биш геологич хүн. Тиймээс Ашигт малтмалыг Монголын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа юм шүү гэдгийг дэндүү сайн мэднэ. Би Москвагийн Геологи хайгуулийн дээд сургуульд байхдаа нэг өвгөн профессороор математик заалгаж байлаа. Түүнийг сургуулийн лаборант гэрээс нь таксигаар авчирч самбарын өмнө зогсоогоод гарт нь шохойг нь бариулаад лекц уншуулдаг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр аливаа нийгмийн хариуцлагыг зөв зохистой удирдахын тулд шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологид хэдий чинээ дэвшил гарна төдий чинээ нийгэм хөгждөг. Гэтэл манайд дээд сургуулийн багш нараа 60 хүргээд тэтгэвэрт нь суулгаж халамж руу илгээдэг. Энэ юу хэлээд байна вэ гэдгийг АНУ-ын эрдэмтэн Дэвид Харви гэдэг хүний бичсэнийг уншаад ядуу буурай орон яах ёстой юм гэдгийг эргэцүүлэн бодлоо. Тэгэхээр нийгмийн өмнө аж ахуй нэгжийг хариуцлагатай байлгахын тулд философилоги аргаар удирдах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, удирдлагын хувьд ажилчдын ертөнцийг үзэх үзэл дээр суурилж шинжлэх ухаанчаар удирдах арга барилыг нэвтрүүлэх гэсэн утгатай юм. Манайх эрдэс баялагын гайхамшигтай их нөөцтэй орон. Зөвхөн Дорнод,Увс аймагт гэхэд монголыг тэжээх эрдэс, түүхий эдийн баазтай. Харин энэ баялагаа технологиор зөв үйлдвэрлэлээ хөтөлж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн татвараа төлж, улс үндэстнээ авч явах ёстой. Өнөөдөр манай эрх баригчид багш, эмч нарын цалин нэмнэ гэдэг.Нийгмийн хариуцлагын хүрээнд нэмэх нь зөв. Гэвч багш нарын цалинг найман хувь, төрийн албан хаагчыг 10, эмчийнхийг 20 хувиар нэмэгдүүлнэ гэх юм. Хэрэв төсөвт Эрдэнэт болон бусад уул уурхайгаас ашиг ороод ирвэл эхлээд багш нарын цалинг шууд 50 хувь нэмчих. Дараа нь хуримтлал нэмэгдэхийн хэрээр эмч нарынхыг 80 хувиар дараа нь төрийн албаныханыг мөн дорвитойхон нэмэх хэрэгтэй. Бөөн хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал цуглаан болж байж шүлс долоох төдий нэмдэг нь барууны орнуудын эдийн засагчдын ядуу буурай орныг ядуугаар нь байлгах, нийгэм эдийн засгийг хохироох гэсэн үндсэн аргачлал юм.

-Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр хэрэгжих боломжтой гэдэг?

-Нийгмийн хариуцлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх хэрэгтэй. Монгол улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжих үеэс нүүдэлчний соёл иргэншилтэй холбогдсон өөр улсад байхгүй өвөрмөц аж ахуйн харилцааг устгасан. Энэ харилцааг өмнө нь Худалдаа бэлтгэлийн яамаар дамжуулж хэрэгжүүлдэг байв. Монголчууд хамгийн анхны хэрэгцээтэй зүйл болох хувцас, эд эдлэл, унаа, хоол хүнсээ малаасаа авсан. Мах сүү, түүхий эдээс авсан. Мал монголчуудыг сөнөхөөс аварсан 1000 жилийн түүхтэй.1921онд Монголын ард түмэн зовлон зүдгүүр, өвчин зовлонд нэрвэгдхэд Оросын ард түмэн тусалсан. Социалист нийгэм гэдэг хүний тэгш эрх, нийгмийн хариуцлага, нийтээрээ тэгш гараанаас эхлэн аз жаргалтай хөгжих үзэл. Нийгмийн хариуцлага хувь хүнээс эхлэнэ. Хүн бүхэн хувиа хичээгээд эхэлбэл түүний зан араншин нь өөрчлөгддөг. Цочмог баяжсан хүмүүс хүнтэй харьцахдаа нүдээрээ цэх хараад ярьж чаддаггүй. Харилцагчтайгаа харилцаа нь өөрчлөгдөж жирийн иргэнийг хялайж хардаг. Ярьж байхдаа дандаа би гэдэг сэтгэлээр дээрэнгүй ханддаг. Тиймээс манай хүмүүс зан араншингаа хувиргахгүй байхад анхаарах цаг болжээ. Дэвид Харви, хүн баяжихаараа зан араншин нь хэрхэн өөрчлөгдгийг мөн бичсэн байна. Би сүүлийн 20 жил ном их уншлаа.Та бүхэнтэй ингэж харилцаж чадаж байгаа нь шинжлэх ухаанд өөрийгөө зориулж харьцасны буян. Цайрт минерал, өнгөт металл болох алт, мөнгийг цэвэршүүлэх технологийг уншлаа. Нүүрсийг задалж шингэн түлш үйлдвэрлэж болох талаар судалж байна. Германы эрдэмтэн цагт 15 литр шингэн түлш үйлдвэрлэх нүүрстөрөгчийн бүтцийг задлах технологийн тухай судалжээ.Монголд миний үед олдсон гайхамшигтай баялаг бол зэс, фосфор. Зэсээ хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болгох чухал болохоос биш нефтийн үйлдвэр байгуулах чухал биш. Бодлогын яамыг эрдэмтэд нь удирдаж агентлаг нь хэрэгжүүлдэг. Гэтэл өнөөдөр нэг асуудал 4-5 газарт хуваагдан харъялагдаж ингэснээр бодлого нь тарамдахгүй яах юм. Нэгдсэн яам алга. Хуучин байсан дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам, Тагнуулийн төв газар,Прокурор, Авлигатай тэмцэх газар гээд задлачихсан. Уг нь нэгдсэн удирдлага, нэг толгойтой байж гэмээнэ хариуцлагатай байна шүү дээ. Манлайлагч гэдэг үг монголын гайхамшиг. Хэдэн хүүхэд ноцолдож цасаар шидүүлээд тоглож байлаа гэхэд манлайлагч буюу "атаман" ура гэж хашгираагүй байхад би ура гэж хашгирах юм бол хэн ч босохгүйтэй адил.

-Тэгэхээр эвлэлдэн нэгдэх нь хариуцлагатай байхын үндэс гэх гээд байна уу?

-Зах зээлийн эдийн засагт шилжснээр компани нийгмийн өмнө хариуцлага хүлээхгүй байх хууль, дүрмийг компанийн төлөөлөл өөрсдөө УИХ-д батлаад сууж байна. Хуулийг зааварчилж байгаа байгууллага нь гадных. Гурван сая хүнтэй улс парламентын засаглалтай хэмээн хөөрөх хэрэггүй. Олон хүн ам, муж улстай АНУ, Орос, Хятад, Энэтхэг парламентийн засаглалтай байж болно. Харин Монгол төрийн зөв удирдлагын системийг Модунь Шаны үеэс Атиллагаар дамжуулан уламжилж хэрэглэснээр Чингис хааны эзэнт гүрний үед ертөнцийг эзэлж чадсан. Үүнийг Монголчууд юугаар зохицуулсан юм гэхээр ёс суртахууны хуулиар зохицуулсан.Гадны хүний ухаанаар Монгол төрийг удирдах тусам задралын үйл явц үүсдэг. Компанийн үйл ажиллагаа сайн, муу явахаас гадна нийгмийн өмнө ёс суртахуун, хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай.Өнөөдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хууль заримд нь сайн заримд нь муугаар нөлөөлж буй. Нийгэмд хариуцлагатай байх хөшүүргийг хуульдаа тусгаагүйгээс хувийн ашиг сонирхол нь эцсийн эцэст хүмүүсийг бие биеэтэйгээ эв найрамдалгүй амьдрахад хүргэсэн нь өнөөгийн Монголын жишээнээс харагдаж байгаа юм.

-Хувь хүн хариуцлагатай байх өссөн орчин гэрийн суурь хүмүүжлээс шалтгаална гэдэг. Таны үеийн хүмүүс хүмүүжил сайтай байсан гэдэг л дээ?

-Намайг бага байхад аав маань "Миний хүү адуугаа хураагаад ирэхдээ бэлчээрт саахалт айлын адууг орхиод ирж болдоггүй юм шүү. Хамт хөөж ирээд тэр айлын адууг ялгаад хот рүү нь чиглүүлчихээд өөрийнхөө адууг гаднаа хураагаад ирж бай" гэдэг байсан. Энэ нь нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага. Саяхан Лувсанрампа гэдэг хүний орос хэл дээр гарсан номыг уншлаа. Монгол хэл дээр орчуулсан орчуулга нь бий. Энэ номонд нийгмийн өмнө хүлээх хариуцлагын найман зүйлийн тухай бичжээ. Зөв амьдрал, зөв оюун санаа, зөв чиглэл, зөв хандлага, зөв үйл, зөв нийгэмд амьдрах, зөв тогтолцоо,зөв харилцааны тухай энд өгүүлжээ. Зөв оюун ухааны тухай хэлэхдээ энэ бол төөрөгдөл гэжээ. Мөн нийгмийн хөгжлийн чиг хандлагыг дагасан зөв оюун ухааныг зөв сэтгэхгүй гэж нэрлэдэг гэсэн байна лээ. Энэ мэтээр бидэнд компанийн нийгмийн хариуцлагад яаж гурван сая хүнийг бие биетэйгээ ойр дотно нөхөрлүүлвэл гэсэх бодлого хэрэгтэй. Үүний тулд засаглал хүчтэй байх ёстой. Энэ засаглалыг хүчгүй болгодог буруу технологийг Дэвид Харви бүгдийг бичжээ. Түүний арван зорилго 70 технологиос Монголд хэрэгцээтэй нь нэг ч алга. Хүмүүсийг хувиа хичээсэн, нийгмийн гишүүдийг үл үнэлэх, нийгмийн өмнө компани ч бай, хувь хүн ч бай хариуцлага хүлээдэггүй өөрөө өөрийнхөө төлөө амьдрах зүйл руу хөтөлж буй технологийг гадныхан бидэн дээр хэрэгжүүлж байна. Энэ технологи угаас нүүдэлчний соёл иргэншилтэй Монголчуудад зохихгүй л дээ.

-Зарим компани шударга ажилтнаа халдаг. Гэтэл түүнийг төр болон , хэн ч хамгаалдаггүй. Уг нь тэр хүн амиа бодоод нийгэмд хор хохирол учируулсан. шударга бус явдлыг нуугаад, эвлэрээд явж болох байсан. Ажил олгож буй компаний захирлаа шүүмжлэхгүй байх байж. Гэтэл шударга бус явдлын төлөө дуугарсны эцэст өөрөө ажилгүй болж хохирч байна. Үүнийг та юу гэж хэлэх вэ?

– Энэ бол гадны технологийн нөлөө. Хүнийг ажлаас халахгүй байх аргачлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат бид хоёрт ахмад Пэлжээ гуай зааж сургасан. Бид хоёр бага залуу, багш нарынхаа заасан хичээлд эрдүү байлаа. Пэлжээ гуай надад геологио авч явах чиний хэрэг. Харин нэг л зүйлийг би чамд зөвшөөрөхгүй. Чи надад хэлэхгүйгээр хүн ажлаас халж болохгүй гэдэг байв. Би арав гаруй жил орлогч сайдын албыг хашихдаа, өнөөдрийг хүртэл нэг ч хүн ажлаас нь халж хохироож байгаагүй. Гэтэл өнөөдрийн компаний захирлууд ялих шалихгүй шалтгаанаар хүнийг ажлаас халах юм. Тэр хүний цаана нь гэр бүл, үр хүүхэд ах дүү, төрөл төрөгсөд нь бий. Халахгүй байх ганц зөв арга нь тэр хүн өөрөө " би барахгүй нээ, дийлэхгүй нээ" гэж хэлэх хэмжээнд хүргэтэл нь ачааллыг нэмэгдүүл. Чи хүнд муухай үг хэлж гомдоосон бол дараа нь "найзаа уучлаарай өчигдөр би чамд буруу үг хэлчихсэн байна. Өчигдрийн хэлсэн үг ярьсан яриа хамтарч ажиллахад минь нөлөөлөхгүй" шүү гэж хэлэх хэрэгтэй. Ингэж эвийг олж хүнтэй харьц. Хүн ер нь өөрийгөө танъя гэвэл нөхдөөсөө "Миний ажил зөв байна уу,буруу байна уу " гэж асуу. Төрийн хэрэг зөв байна уу, буруу байна уу гэдгийг цэцдээс асуу гэж Чингис хааны сургаальд номлосон нь бий. Үндсэн хуулийн цэцээс биш шүү. Цэцэн мэргэн эрдэмтэй, номтой ахмад үе,эцэг дээдэс, эмэг өвгөдөөс хүндэтгэн асуу гэсэн үг. Тэгэхээр эв эеэ хичээхийг монголчууд номер нэг болгох хэрэгтэй. Элдвийн хөдөлгөөн, нам, төрийн байгууллага нэгтгэх нэрийн дор монголын ард түмнийг бүү задлаач. Харин нэгдмэл нэг үзэл санаанд харилцан бие, биедээ тусладаг, хүнлэг, хүмүүнлэг нийгмийг байгуулна гэсэн үндсэн хуулийнхаа үгийг үеийн үед санаж яваарай гэж захиас хэлэх байна.

-Нийгмийн хариуцлагатай байх бүтцийг төр яаж хийвэл оновчтой вэ?

– Төр үүнийг засаглалын хүчээр хийх хэрэгтэй. Нийгмээ задлах биш нэгтгэхийн төлөө соён гэгээрүүлэх ажлаа явуулах ёстой. Үйлдвэрчний байгууллага,залуучууд оюутны байгууллага, сурагчдын байгууллага бүгд нийгмийн өмнө, хувь хүний төлөвшлийн асуудлыг чухалчил. Нам улс төр, эдийн засаг нэг зоосны хоёр тал гэж ярьдаг ч улс төрийг зөв үзэл баримтлалаар чиглүүлэх хэрэгтэй. Германы улс төрч Георг Шнайдер " Бид Европ тивд өөрийхөө оюуны потинциалаа түгээж төрөө хүчтэй болгож бусдаас онцгойрох гэж дэлхийн хоёр дайныг үүсгэсэн.Тиймээс ийм замаар явах биш, төвөөс сарних хүчээр ажиллах хэрэгтэй юм байна. Гэхдээ төвд тэмүүлэх хүчээ герман хүн гэдгээр ойлгоорой" гэж хэлсэн. Тэгэхээр соёл иргэншлээ дагасан нийгмийн ухамсар, хүвь хүний ч бай, компаний ч бай энэ л хамгийн чухал. Нийгмийн ухамсар гэдэг асар олон жилийн уламжлал, туулсан амьдарлаас бий болсон учраас урт хугацаанд хэзээд хэрэг болдог. Тэгвэл Хятадын удирдагч Си Жин Пин " Социализмд байсан сайн болгоныг мөн чөлөөт зах зээлийн эдийн засгаас ч ашигтай бүгдийг авна. Тэгээд хятад маягийн коммунизм байгуулна хэмээн намынхаа уриаг гаргалаа". Манайх энэ тухай бас л бодох л хэрэгтэй санагддаг юм.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 2 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 2 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 3 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 3 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 3 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 3 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 4 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 6 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 6 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 6 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 6 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 7 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 7 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 7 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 8 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 8 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 9 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 10 цагийн өмнө