Нялх төлийн дуу цангинасан малчны нэг өдөр


Үүрийн гэгээ манхайн цайхтай зэрэгцэн малчны хотонд шинэ өглөө эхэллээ. Гэрийн гадаа үхэр мөөрөн, адуу янцгааж, хайлж амжаагүй цас хөлийнх нь аясаар дуугарна. Эртлэн боссон гэрийн эзэгтэй, цайгаа чанаж, аргалын илчээр гэрийн жаврыг төвөггүйхэн үргээв. Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Хутаг-Өндөр” хэмээх газар нутаглаж буй малчин Л.Ганхуягийн нэг өдрийн ажил, амьдралыг сурвалжиллаа.

Тэднийх сумынхаа төвөөс 60 гаруй километрийн зайд нутагладаг. Энэ жил Цахир суманд өнөтэй сайхан өвөл болсон ч хавар цаг хатуурч, цас их оржээ. Өглөөний нарыг ажиж, салхины зүгийг шинжихээс малчны ажил эхэлнэ. Л.Ганхуяг  цаг агаарын байдлыг ажаад, хотоо эргэхээр  явлаа. Хоттой хонь тааваараа яраглан хэвтэх бөгөөд анхны төл мэндэлжээ. Дөнгөж төрсөн нялх хурга хөл дээрээ тогтож ядан,  эхийгээ энд тэндгүй нудран, хөл доогуур нь шургана. Удалгүй хөхөө олсон бололтой сүүлээ годгонуулан ангир шар уургаа залгилж эхлэв. Энэ жилийн анхны төл, ууган хурга адтай бөгөөд цовоо юм. Нялх төлийн дуу малчны хотонд цуурайтаж, хөдөөгийн чөлөө завгүй өдрүүд эхэлж буй нь энэ. Анхны төлөө тосож авсан малчин баяртай мишээгээд, захалсан үхрээ хурааж, цайгаа уухаар эргэн орлоо. Хусран үнээний өтгөн шаргал  сүүгээр сүлсэн аагтай цайны үнэр хамар цоргино. Удалгүй түүний эхнэр М.Отгон үнээгээ саахаар хувингаа аван гэрээс гарахад хичээл нь амарсан охин нь түүнд туслахаар дагаж явлаа. Үнээ тугалж, эхлээгүй ч цөөн хэдэн хусрангаа сааж,  цайны сүүгээ авч байгаа нь энэ. Цахир сум хангай цармын уулархаг бүс нутагт оршдог. Иймдээ ч сумынхан малаа өвс, тэжээлээр тэжээдэггүй, бэлчээрээр хариулдаг аж. Нар уулын толгойд тусахтай зэрэгцэн хашааныхаа үүдийг нээж, малаа бэлчээнэ.


Уур савссан хашаанаас хонин сүрэг майлалдан гарахад саяхан төрсөн хурганы эх эргэж зугтаав. Нялх хурга цангинасан хоолойгоор эхийгээ  дуудах мэт майлах аж. “Малаа эрт бэлчээрт гаргахгүй бол цаддаггүй юм” хэмээн малчин Л.Ганхуяг ярилаа. Тэрбээр “Би мал маллаад 30 гаруй жил болжээ. Манай нутагт өвөлдөө цас бага унадаг, бэлчээрийн маллагаагаар малаа хариулна. Хадлан, тэжээлээр тэжээх нь ховор. Төл малдаа тавьж өгөх бага хэмжээний хадлан авдаг. Манайхан энэ жил өнөтэй сайхан өвөлжсөн ч хавар бага зэргийн цас орж, бэлчээр холдчихлоо. Гэхдээ мал өвөлдөө саригтай орсон учраас сүүлд орсон цасыг даваад гарах тэнхээтэй байна. Мал төллөх цаг болж, хээл нь хүндэрчихсэн учир аль болох зөөлөн тааваар нь тууж, цадтал идүүлэх хэрэгтэй. Малчин хүний өглөө тэнгэрийн байдлыг ажиглаж, малаа хааш нь бэлчээх вэ, бог бодоо хамт явуулах уу гэдгээс эхэлнэ. Ингээд малаа бэлчээрт хариулж байхдаа аль нь өвсөө сайн идэж байна, ямар нь идэш хоолондоо муу байна зэрэг малынхаа байр байдлыг ажигладаг. Идэш хоол, нулимс, хэвтэр, тэжээл гэх мэт ажиглах зүйл олон” гэв. Ингээд малаа бэлчээхдээ тамир, тэнхээ муутай бяруу, төлөг, борлон зэргийг авч үлдээд өвс тавьж өглөө. Л.Ганхуяг гуайнх ах, дүү нийлсэн гурван гэрээр өвөлждөг. Зуны дэлгэр цагт тус тусдаа бууж, малынхаа тарга тэвээргийг авдаг байна. Энэ жил тэдний өвөлжөөнд дөрвөн өрхийн нийлсэн 1000 гаруй мал өвөлжжээ. Үүнээс 1200 гаруй гаруй бог, 500 гаруй бод мал бий аж. Гурван айл үхэр, хонио ээлж дараалан хариулдаг бөгөөд энэ өдөр түүний хонины ээлж байв. Сургуулийн хүүхдүүдийн хичээл амарчихсан учир хонь харах, үхэр туухад дэм болж байгаа харагдлаа. Гэрийн эзэгтэйг үнээгээ сааж, дууссаны дараа Л.Ганхуяг гуай бор морио эмээлэлж, хурганы даавуун уут үүрээд бэлчээрлэж буй хониныхоо араас  шогшуулав. Харин түүний дүү Н.Чулуунбаяр үхрээ тууж, эртхэн өвсөнд нь хүргэхээр яаравчлав. 3-4 километр орчим тууж бэлчээртэй хүрдэг байна.  Малд явалгүй үлдсэн нь хотоо цэвэрлэх,  өтөг бууцаа засах ажил хийнэ. Үхэр бэлчихтэй зэрэгцэн үлдсэн хүмүүс зузаан даавуун бээлий өмсөж, төмөр түмпэн барьсаар гарч ирлээ. Дор бүрнээ үхрийн баас цэвэрлэж, нойтныг газар хавтайлган дугуй хэлбэрт оруулж “бамбай” хийнэ. Энд мод ургадаггүй учраас аргал, хөрзөн түлдэг. Урд өдөр нь хавтгайлж, хөлдөөсөн “бамбай”-гаа дээр дээрээс нь нямбай гэгч нь өрж харагдлаа. Учир нь ингэж өрсөн үхрийн баас дараа жилийнх нь түлш болдог. Бамбайгаа хийх, ноосоо цэвэрлэх, тугалынхаа хөлдүүсийг гаргаж, хуурай, зөөлөн өтөг хийх ажил үд хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд хүүхдүүд хийж буй ажилдаа огтхон ч түүртсэн шинжгүй, хоорондоо барилдаж, хөөцөлдсөөр үүрэгт ажлаа төвөггүйхэн дуусгав.

МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨСӨЖ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ НЭМЭГДЭЖ БАЙНА

Хонь, мал төллөөд эхэлбэл малчдын ажил барагддаггүй, нэг л мэдэхэд үдшинй бүрий болсон байдаг. Хөдөөд ийм л өдрүүд  үргэлжилж байна. Үд дундын үед хоньчин гурван шинэ төл авч ирлээ. Эл өдөр бага зэрэг хавсаргатай, жихүүн байсан учир эхэд нь амлуулж амжилгүй авч ирсэн гэнэ. Энэ жил хот айлын нийлсэн 1000 гаруй малын 500 орчим нь төллөх аж. Энэ талаар Л. Ганхуяг “Мал төллөх хугацаа энэ жил оройтож магадгүй. Учир нь аравдугаар сарын дундуур хуц, ухнаа нийлүүлсэн. Бод малын 40 орчим хувь нь төллөнө. Бог малын 50 орчим хувь буюу 700-аад нь төллөх тооцоо бий. Жил ирэх тусам малын тоо толгой өсөж, бэлчээрийн даац нэмэгдэж байна. Бид төл малд өгөх тэжээл, өвс, давс, хужрын бэлтгэлээ сайн хангасан. Малын тарга хүч ч гайгүй байгаа. Тиймээс төлийн хорогдол бага гарах байх. Хуц, ухныг аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл нийлүүлсэн. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 20-д хүртэл мал төлөлнө. Удахгүй бид хаваржаандаа бууж, малын бэлчээрээ сэлгэхээр зэхэж байгаа. Хавар мал төллөлтийн үеэр малын тарга хүчийг нь харж, хот айлууд салж буудаг. Ингээд бүл багатай болчихвол малын ээлж цөөрч завгүй болно шүү дээ. Манай хаваржаа өндөрлөг, уулархаг газарт байрладаг. Иймд шим тэжээлтэй, амтлаг өвстэй, бог малд тохиромжтой. Өвөлдөө бэлчээрийн хуваарилалтаа зөв хийж, хаврын төлийн үед цасан доороос гарсан өвсөөрөө хооллож, өнөтэй хаварждаг юм” гэв. 

ОТРООР ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ ХҮНИЙ МАЛЫГ ХӨЛСӨӨР АВЧИРДАГ

Биднийг ийн ярилцаж байхад  гэрийн гадаа мотоцикл ирж зогслоо. Тэднийхээс холгүй отор хийж буй малчин сумын төвөөс хуваарилсан нөөцийн өвснөөс авахаар иржээ. Цахир сумын Баянгол багт энэ жил улсын нөөцөөс 300 боодол өвс хуваарилсан байна. Малчин өрх бүрт нэг боодол өвс үнэгүй олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй өгч байгаа аж. Баянгол багт энэ хавар олон отор ирж, өвөлжжээ. Учир нь тус сум хойд хэсгээрээ Завхан аймгийн гурван сумтай хиллэдэг. Завхан аймагт цас их орж, өвөлжилт хүндэрсэн тул Цахир суманд олноороо оторлох болсон байна. “Малчдын санаа зовоодог асуудал нь отор, нүүдэл. Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумаас манай нутагт отор их ирсэн. Ингэхдээ хаваржаа, намаржаа, нөөц бэлчээрийн газарт дураараа бууж, бэлчээрийн даацыг хэтрүүлж байгаа. Цас их орж, өвөлжилт хүндэрсэн ч малчин хүн өвлийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Ингэж чадаагүй хүмүүс отор хийх нь элбэг. Отроор ирж байгаа иргэдийн олонх нь хүний малыг хөлсөөр авчирч, ашиг орлого олдог. Ер нь баг, сум зэрэг бүх шатны төр захиргааны байгууллагаас гарсан шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Үүнээс болж суурин малчид хохирдог. Цаашдаа сум, багийн хурлаар хэлэлцэж, татварын хувь хэмжээг нэмэх зэрэг эдийн засгийн арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн малчин Л.Ганхуяг ярилаа.

Хаврын зөөлөн салхинд хаяаны цас ханзарчээ. Гэрийн эзэгтэй үхэр тэргэн дээр хураасан мөснөөс нэг авч, гал дээр тавьсан халуун тогоонд хийхэд, мөс тас няс хийн хагарна. Мал төллөхөөс өмнө бэлтгэл ажлыг сайн базаах хэрэгтэй гэж түүний эхнэр М.Отгон ярилаа. Ингээд хуучин дээл, даавууны өөдсийг эвлүүлэн төл малдаа нэмнээ хийхээр суув. Тэрбээр “Тэнгэрийн дулаанд эмэгтэйчүүд бид гэрийн ажлаа хийх, өтөг бууцаа цэвэрлэх зэрэг гар доорх ажлаа хийнэ. Өвлийн цагт гадуурх ажил харьцангуй бага байдаг учраас оёж, хатгах ажлаа хийдэг юм. Энэ цагаан сараар би нэлээд хэдэн дээл хийлээ. Саяхан малын дэргэд өмсөх хүрэм исгэсэн. Хэдэн шинэ нэмнээ хийгээд, хүрмээ дуусгачихвал оёж хатгах ажил дуусна даа. Зун идээ цагаа борлуулах ажил эхлэхээр завгүй болчихно. Манайх зуны цагт хорь гаруй үнээ саадаг. Малчдын гол орлого сүү, цагаан идээ, мах. Мах үнэтэй байна гэж ярьдаг ч биднээс бага ханшаар авдаг. Дээр нь түүхий эд, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдчихсэн. Уг нь бид цаг наргүй ингэж зүтгэж байж малынхаа ашиг шимийг бүрэн хүртэх хэрэгтэй байна” гэв. Ингээд оёдлын машинаа сурамгай гэгч нь эргүүлж, даавууны өөдсөөр нэмнээгээ машиндаж эхэллээ. Айл болгон хурга, ишгээ тэмдэглэж, даавууны өөдөс, утсаар им гаргадаг. Нэмнээ машиндах зуураа хурганы чихэнд хадах, даавуу, утсаа ч бэлдэж байгаа харагдлаа.

Уулын бэлд идээшилж байсан хонин сүргээс нэг хонь тасран зүг шогших бөгөөд өглөө гарсан шинэ төлийн эх бололтой.  Гэрийн гадаа ирээд хургаа нэхэн майлахад гэрийн хургаа тавьж өгөхөөр гарлаа. Өглөөхөн хөл дээрээ тогтож ядан, хоол эрж байсан хурга сурамгай гэгч нь сүүлээ годгонуулан эхийгээ хөхөж харагдав. “Мал төллөлт жигдрээд эхэлбэл үдээс хойш хонь хургаа хөхүүлэх ажил нэмэгдэнэ. Анх удаа төллөж байгаа борлон, төлгөн хонь төлөө мэдэхгүй голчихдог юм. Тэднийг нэг бүрчлэн амлуулах гэж явсаар хаврын өдрийн урт нэг мэдэхэд өнгөрчихнө шүү дээ” хэмээн хургаа хөхүүлэх зуураа хуучлав. Баянгол багт одоогийн байдлаар мал төллөлт арав гаруй хувьтай явж байгаа аж. Хаваржилтын талаар Баянгол багийн Засаг дарга Л.Баянтөр “Манай багт нийт 42 мянга гаруй толгой мал өвөлжиж байгаагаас 2600 гаруй адуу, 8000 гаруй үхэр, 20 мянга гаруй хонь, 10 гаруй ямаа оны эцсээр тоологдсон. Үүнээс 19 гаруй хээлтэгч мал төллөх урьдчилсан тооцоо бий. Одоогоор мал төлөлөлт 10 гаруй хувьтай явж байна. Төлийн хорогдол харьцангуй бага байгаа. Мөн Баянгол баг 170 гаруй малчин өрхтэй. Хавартаа бүрэн бэлдсэн. Улсын нөөцийн өвсийг малчин өрхүүддээ тарааж дууссан. Сүүлийн жилүүдэд өвс ургамлын гарц муудаж, бэлчээрийн даац хэтэрч байна. Мөн манай багт хулгана ихээр үүрлэж, газрын гарцад нөлөөлөх болсон. Хэдий жил бүр хулгана устгах, цөөлөх арга хэмжээ авч байгаа ч үр дүнгээ өгөхгүй байна. Ингэж бэлчээр муудсанаар өвөлжилт, хаваржилт хүндрэх байдал сүүлийн хэдэн жил ажиглагдаж байгаа” гэлээ. Нар баруун уулын оройд тусаж, оройн сэрүүн унахад идээшилж байсан хонин сүрэг хот руугаа дөхнө. Харин хот айлын малчин үхрээ хураахаар мориндоо мордлоо.  Цээл хоолойгоор уртын дуу аялан уяан дээрээс хөдлөхөд хүрэн халзан морь ам булаан ухас хийнэ. Хөх уулсын цаагуур нар шингэж, тэнгэрийн хаяа туяарна. Цагаан гэгээ тасрах үед малаа хотлуулж малчны нэг өдрийн ажил ийн дуусав. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 51 минутын өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 1 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 1 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 1 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 2 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 2 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 2 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 2 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 3 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 16 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 18 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 19 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 19 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 20 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 20 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 20 цагийн өмнө