Б.Баасандорж: Бүртгэлийн шинэчлэл, цахим шилжилтийн суурийг тавьсан хууль болсон

О.Шүрэнцэцэг
2020/06/02

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрч байна. Ямар ажлууд хийв?

-Улсын бүртгэлийн байгууллага буюу манай хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд хууль эрх зүйн хувьд, бүтэц зохион байгуулалт болоод иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний хувьд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийсэн. Ялангуяа бүртгэлийн шинэчлэл, цахим шилжилтийн суурийг тавьсан Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг хууль тогтоогчид баталж, хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн. 

-Хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн гэж байна. Хуульд яагаад шинэчлэл хийх болсон юм бэ?-2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль анх батлагдаж иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн гэсэн гурван бүртгэлийг нэгтгэж, Улсын бүртгэлтийн ерөнхий газрыг байгуулсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан дөрвөн хууль өөр өөр цаг хугацаанд батлагдсан байдаг. Энэ нь хууль хоорондын зөрчил, бүртгэлийн талаарх мэдээллээр иргэн болон хуулийн этгээдийг хэрхэн яаж хангах, ямар мэдээлэл нь зуун хувь нээлттэй байх, ямар мэдээлэл нь хаалттай, эсвэл хязгаартайгаар мэдээлж болох зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс нэлээн асуудал үүсдэг байсан.

Иймд улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, цахим бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг шаардлагын үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аас Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг 2018 оны зургадугаар сарын 21-нд баталсан.

-Хуульд ямар өөрчлөлт орсон юм бол?- Багц дөрвөн хуульд онцлог, шинэлэг гэж хэлж болох маш олон заалт байгаа. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжид анх удаа цахим мэдээллийн сан гэж юу вэ, цахим мэдээллийн санг хэрхэн яаж ашиглах, хамгаалах талаар тусгасан. Мөн улсын бүртгэлийн архив нь цахим болон цаасан хэлбэртэй байх ба цахим архив нь цаасан архивтай нэгэн ижил хүчинтэй байна гэж заасан.

Түүнчлэн төрийн болон бусад байгууллагууд улсын бүртгэлийн байгууллагатай дундын мэдээллийн сан үүсгэн иргэдэд нэг цонхоор үйлчилгээ үзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө нь нэгж талбарын дугаарт үндэслэх, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд мэдээлэл нийлүүлэгч этгээдийг тодорхой болгосон гэх мэт иргэн, хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хялбар, түргэн шуурхай байхад ихээхэн ач холбогдолтой заалтууд багц дөрвөн хуульд тусгалаа олсон байдаг.

-Хуулийн хүрээнд “Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?- Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ нь манай байгууллагын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүд болон бусад төрийн байгууллагуудад түргэн шуурхай, хүнд сурталгүй цахим орон зайг ашиглан үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Манай хамт олон богино хугацаанд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Улсын бүртгэлийн үйлчилгээний нэг онцлог байдаг.

Энэ нь бүртгэл зөвхөн эх нотлох баримтад тулгуурлан хийгддэг үйлчилгээ. Тус эх нотлох баримт цаасан хэлбэрээр ганц хувь байдаг учир иргэдийг тухайн цаасан эх нотлох баримт байгаа байршилд ирүүлэн үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй байдал үүсдэг. Энэ байдлыг арилгахаар улсын бүртгэлийн байгууллага үе шаттайгаар улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримтууд буюу бүртгэлийн архивыг цахимжуулах ажлыг хийсээр ирсэн. 2018 онд энэ үйл ажилллагаа 100 хувь дууссан. Өнөөдөр улсын бүртгэлийн нэгдсэн архивт 150 сая орчим хуудас эх нотлох баримт буюу цаасан архивыг цахимжуулж, 110ТБ хэмжээтэй Монгол Улсад хамгийн том цахим архив үүсээд байна.

Ингэж эх нотлох баримтаа цахимжуулснаар Дорнод аймагт түр зорчиж байгаа Завхан аймгийн оршин суугч буюу иргэнд цахим эх нотлох баримтаа үндэслэн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон гэсэн үг. Энэ нь хуульд зааснаар засаг захиргааны нэгж харгалзахгүй бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг олгож байгаа юм. Уншигчид маань санаж байгаа байх. Үндэсний энгийн гадаад паспортын үйлчилгээг зөвхөн “100 айл”-ын үйлчилгээний төв дээр үзүүлдэг байсан. Өнөөдөр улсын бүртгэлийн бүх нэгж дээр ямар нэгэн засаг захиргааны нэгж буюу харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлж байна. 

-Цахим үйлчигээний хувьд ямар шинэчлэл гарсан бэ?2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс www.burtgel.mn бүртгэлийн цахим үйлчилгээний системийг нэвтрүүлсэн. Тус системээр бүртгэлийн 25 төрлийн лавлагаа, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэн ажиллаж байгаагаас гадна тус системд дээр дурдсан хуульд заасан нээлттэй мэдээлэл буюу 190 мянга орчим хуулийн этгээдийн мэдээлэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн мэдээлэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн зарим төрлийн мэдээлэл, нэрийн сангийн мэдээллийг байршуулсан байгаа. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Эрүүл мэндийн яам болон нотариатын байгууллагуудтай дундын мэдээллийн сан үүсгэн иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллага нэг цонхоор үйлчилж байна.

-Иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт шилжинэ гэдэг нь сайшаалтай ч мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах талаар  хэрхэн ажиллаж байна вэ?- Хувь хүний болон хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдал гэдэг чухал асуудал. Улсын бүртгэлийн багц дөрвөн хуульд Монгол Улсын бүртгэлийг суурь бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж хоёр ангилсан. Суурь бүртгэлд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэл орно. Монгол Улсад 590 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 300 гаруй нь салбарын бүртгэлтэй холбоотой байдаг. Жишээлбэл, татвар, гааль, нийгмийн халамж, авто тээврийн бүртгэл гэх мэт. Эдгээр төрөлжсөн бүртгэл нь гагцхүү суурь бүртгэлдээ үндэслэнэ шүү гэдгийг хуульчилж өгсөн байгаа.

Мөн суурь бүртгэлийн мэдээллийн сан гэж бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлтэй 150 сая орчим хуудас эх нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн гэж  дээр хэлсэн. Үүнийг задлаж үзвэл 3.3 сая иргэний, 1.1 сая эд хөрөнгийн, 198 мянган хуулийн этгээдийн мэдээлэл хадгалагдаж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тагнуулын ерөнхий газар болон Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газартай хамтран ажиллаж байна. Мөн 150 сая хуудас баримт болох цахим архивыг хэрхэн ашиглах талаар хуульд тодорхой зохицуулалт хийсэн. Үүнтэй холбоотой Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолоор журам батлагдсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 130 гаруй төрлийн улсын бүртгэлийн цахим лавлагаа, мэдээллийг “Үндэсний дата төв” УТҮГазрын төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд тухай бүр шинэчлэн байршуулдаг бөгөөд төрийн болон бусад байгууллага тус системээр дамжуулан үйл ажиллагаандаа ашигладаг. Өөрөөр хэлбэл, иргэд хурууны хээний мэдээллээр баталгаажуулан улсын бүртгэл дэх мэдээллээ төрийн болон бусад байгууллага дээрээс шууд авах боломжтой болсон гэсэн үг. Бүртгэлийн байгууллага нь эх нотлох баримт дээр тулгуурлан үйлчилгээ үзүүлдэг тул цаасан баримтын хадгалалт хамгаалалт чухал. 

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримт бичиг хадгалалтын явцад норж, элэгдсэн гэх мэдээлэл байдаг. Үүнтэй холбоотой зарим баримт бичиг гээгдсэн гэх нь ч бий. Энэ үнэн үү?-Хөдөө орон нутаг, дүүргүүдийн архивын байранд норсон баримтууд бий. Харин устсан зүйл байхгүй. Эдгээр баримтуудыг сэлбэн засч, сэргээн засварлахад баримтлах зарчмын дагуу хадгалж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний 1-3 дугаар байр нь 1970-аад онд ашиглалтад орж, цэргийн казарм, гал тогооны зориулалтаар ашиглагдаж байсан. Харин Сайд нарын зөвлөлийн 1990 оны 304 тоот тогтоолоор Паспортын хэлтэс, БНМАУ-ын Иргэний баримт бичгийн төв архивыг нэгтгэн “Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийг” байгуулах үед уг барилгуудыг улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг.

Ашиглалтын хугацаанаас шалтгаалан бороо чийг нэвтрэх зэрэг асуудал үе үе гарч, томоохон засвар үйлчилгээний ажил бараг 10 жилд нэг удаа хийгдэж ирсэн. Тиймээс 3.3 сая иргэнийхээ цаасан эх нотлох баримтыг стандартын шаардлага хангасан өрөө, тасалгаанд хадгалж бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ үйлчилгээний стандарт, шаардлага хангасан үйлчилгээний танхимд үзүүлэх Архив, үйлчилгээний цогцолбор төвтэй болохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Уг барилгыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

-Нийслэлийн иргэд бүртгэлийн үйлчилгээ авахад хялбар, түргэн шуурхай болсон гээд ам сайтай байдаг. Харин төвөөс алслагдсан сум, сууринд хэрхэн үйлчилгээгээ хүргэж байгаа вэ?- Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 21 аймаг, есөн дүүрэг, 171 хороо, 350 гаруй сум, сууринтай. 3.3 сая иргэн, 190 гаруй мянган аж ахуй нэгж, нэг сая гаруй үл хөдлөх хөрөнгөтэй. Таны асуулт чухал асуудал. Бид 300 мянган иргэнтэй засаг захиргааны нэгж байсан ч, нэг мянган иргэнтэй засаг захиргааны нэгжид ч төрийн үйлчилгээг тэгш хүргэх үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оноос “Азийн хөгжлийн банк”-тай хамтран төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төслийн нэг том зорилго нь аймгийн төвөөс алслагдсан сум, сууринг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор сум, суурингийн иргэнд бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх. 2018 оны зургадугаар сард зөвхөн 21 аймгийн төв, есөн сум, 108 хороо нэгдсэн сүлжээнд холбогдсон байсан бол төсөл хэрэгжснээр өнөөдөр 270 гаруй сум, 171 хороо бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.

Үүний ач холбогдлыг ганц жишээгээр тайлбарлавал, Дорнод аймгийн Баян-Уул сум аймгийн төвөөсөө 200 км алслагдсан байдаг. Тус сумын иргэн банкнаас малчны зээл авахын тулд гэрлэлт, төрөлт, хаягийн гэх мэт лавлагааг заавал аймгийн төвөөс авдаг байсан бол өнөөдөр энэ асуудал бүрэн шийдэгдэж, тухайн иргэн өөрийн оршин суугаа сумаасаа бүртгэлийн бүхий л үйчилгээг авч байна. Энэ нь иргэдэд эдийн засгийн болоод холын замд гарч болзошгүй аюулгүй байдлын эрсдлээс хамгаалах, хамгийн гол нь цаг хугацааны маш том хэмнэлтийг өөртөө үлдээж байна гэсэн үг. Бид 2020 онд бүх сум, сууринг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээ иргэн бүрт тэгш, хүртээмжтэй болно. 

-Цаашид хэрэгжүүлэх ажлуудаас дурьдвал?-Бид өнгөрсөн оны дөрөв сард хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа хийлгэсэн. Үүний хүрээнд иргэд бүртгэлийн үйлчилгээн дээр цаг алдах биш, харин үйлчилгээний төлбөр төлөхийн тулд банкинд дугаарлан зогсож, маш их цаг зарцуулдаг судалгаа гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн оны долоодугаар сард туршилтаар бүртгэлийн үйлчилгээний төлбөр төлөх “Гэрэгэ киоск” төлбөрийн машиныг нийслэл дэх гурван цэгт байршуулан үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь сайн үр дүнтэй байсан тул аравдугаар сараас нийслэлийн бүх нэгж, Хэнтий аймагт нэвтрүүлээд, үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Сангийн яамтай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас И-Баримтын системээр бүртгэлийн 105 үйлчилгээний төлбөрийг төлдөг болсон. Иргэн бүртгэгч дээр ирээд бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломжтойгоос гадна иргэд НӨАТ-ын сугалаанд оролцож болно. 2020 онд иргэд рүү чиглэсэн, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлсэн шинэлэг, хамгийн гол нь хүнд сурталгүй, иргэдийн санхүү, цаг хугацааг хэмнэсэн нэлээд ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, үүрэн телефоны оператор компаниудтай хамтран бүртгэлийн мэдээллийг иргэдэд хүргэх, цахим гадаад паспорт, бүртгэлийн цахим захиалгын үйлчилгээний хөгжүүлэлт гэх мэт ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хариуцдаг. УИХ-ын ээлжит сонгууль болох жил шилжилт хөдөлгөөн нэмэгддэг шүү дээ. Үүнийгээ дагаад маргаантай асуудлууд их гардаг. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?-Иргэний шилжилт хөдөлгөөн байнга хийгддэг бүртгэлийн төрөл. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ оны хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байна. 2012, 2016 оны сонгуулиар “царцааны нүүдэл” гэж нэрлэгддэг сонгогч шилжих хөдөлгөөн маш их байсан. Харин энэ удаагийн хуулиар үүнийг хязгаарласан. Тодруулбал, өмнөх хуулиудад сонгогч шилжилтэд ямар субъект хамаардаг вэ гэдгийг тодорхой заагаагүй байсан.

Ингэснээр дурын иргэн сонгогч шилжилтэд хамрагдаж байсан бөгөөд үүнтэй холбоотой иргэдээс өргөдөл, гомдол маш их гарсан судалгаа байдаг. Шинэ хуулиар сонгогч шилжилтэд сонгуулийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч хамаарч байгаа юм. Мөн нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч шилжиж болно гэж тодорхой хуульчилж өгсөн. Энэ шилжилтээ санал авах өдрөөс 14 хоногийн өмнө хийлгэнэ. Ийм нарийвчилсан заалтууд орсон учир энэ жил шилжилт хөдөлгөөн болон сонгогч шилжихтэй холбоотой маргаантай асуудал бага гарна гэж харж байна.

-Санал өгөх боломжтой сонгуулийн насны хэчнээн иргэн байгаа вэ?-Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэн бий. Үүнээс өнөөдрийн байдлаар сонгогчийн насны 2.1 сая гаруй иргэн байна. Энэ тоо санал авах өдөр хүртэл өөрчлөгдөнө. Үүнээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны нэг сая орчим, 45 дээш насны 740 мянга гаруй иргэн байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 2020.05.29 №101 (3565)



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 17 минутын өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 20 минутын өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 31 минутын өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 42 минутын өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 2 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 2 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 2 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 2 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 3 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 3 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 18 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 19 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 19 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 19 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 19 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 19 цагийн өмнө