Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтын дүнд 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчил гаргасан 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах албан шаардлага хүргүүлсэн байна.
Зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр уригдсан иргэд байжээ. Харин зөрчлийн төрлийг авч үзвэл оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг эзэлсэн байна.
Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна