Киргиз: Тэмцлийн үр дүнд сонгуулийн дүнг хүчингүй болгов


Зөвлөлт холбоот улсыг 1991 онд задрахад тусгаар тогтносон Төв Азийн 6.5 сая хүн амтай Киргиз улсын үндэсний парламентын сонгууль ням гаригт болж 16 нам оролцсоноос дөрвөн нам парламентад суудал авсан юм. Гэвч энэ дөрвөн намын гурав нь одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой ойр дотно холбоотой. Тиймээс суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгаж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэнээр тус улсын нийслэл Бишкек хотын Ала-Тоо төв талбайд 5000 хүнийг хамарсан жагсаал эхэлсэн юм. Тайван эхэлсэн жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордныхоо хаалгыг эвдлэн орж шатаасан. Улмаар Засгийн газрын ордноо эзэлж, албан хаагчдыг дотогш нэвтрүүлээгүй. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр руу дайрч, авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, экс ерөнхий сайд Сапар Исаков болон бусад улстөрчдийг сулласан юм. Хэргийг эргэн сануулвал Алмазбек Атамбаев 2011-2017 онд Киргизийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны наймдугаар сарын 8-нд олон нийтийг тэмцэлд уриалсан, авлига авсан хэргээр 11 жилийн хорих ял авсан билээ.

Иргэдийн энэ тэмцлийг зогсоохын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий, гранат ашиглажээ. Үүний улмаас мягмар гаригийн байдлаар 590 хүн гэмтсэний 150 нь эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барсан хэмээн бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар 700 орчим хүн гэмтэж, 19 настай нэг эрэгтэй нас барсан, есөн хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллэв.

 ЖАГСААЛЫН ДАРААХ ШИНЭ ТОМИЛГОО

 Шударга бус луйврын сонгуулийг эсэргүүцсэн Беларусийн Минск хотод хоёр сар үргэлжилж байгаа жагсаалтай харьцуулахад Киргизийн иргэдийн жагсаал үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үр дүнг хүчингүй болгосноо өчигдөр зарлав. Мөн Киргизийн ерөнхий сайд Кубатбек Боронов огцорлоо.  Түүний оронд өмнөх орой нь  шоронгоос жагсагчдын сулласан Садир Жапаровыг “Достак” зочид буудалд болсон парламентын ээлжит бус  хуралдаанаар Киргизийн хууль тогтоогчид сонгожээ. Хэдийгээр үймээн дэгдэж, Засгийн газрын ордон шатсан ч үргэлжлүүлэн ажиллана хэмээн Киргизийн парламент мэдэгдэж байсан. Киргизийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жапаров  2013 онд Каракол хотод зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан, мужийн захирагчийг барьцаалсан хэргээр ял эдэлж байсан аж.  Бишкек хотод даваа гаригт болсон жагсаалын үеэр тэмцэгчид түүнийг сулласан юм. Түүнчлэн “Киргизийн Дээд шүүх шинээр илрүүлсэн материалуудтай танилцаад  Садир Жапаровын ялыг хэрэгсэхгүй болгосон” гэж Жапаровын өмгөөлөгч Шарабедин Токтосунов “24.kg” сайтад ярьжээ.

Мөн  120 хууль тогтоогчоос 62 нь оролцсон парламентын ээлжит бус  хуралдаанаар “Бир Бол” намын гишүүн, хууль тогтоогч Мыктыбек Абдылдаевыг парламентын даргаараа сонгосон гэж “Kabar” агентлаг мэдээлжээ. Учир нь өмнөх дарга Дастанбек Жумабеков огцрох хүсэлтээ өгсөн байна.

 СООРОНБАЙ ЖЭЭНБЕКОВ:ТЭМЦЛИЙГ ЗОГСООЖ ЧАДАХ ХҮНД АЖЛАА ӨГӨХӨД БЭЛЭН 

 Жагсагчид ерөнхийлөгч “Сооронбай Жээнбеков огцор” хэмээн хашгирч байв. Харин ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков энэ хурцадмал байдлыг намжаах зорилгоор сонгуульд оролцсон 16 намын удирдагчтай уулзана хэмээн мэдэгдсэн юм. Мөн зарим эх сурвалж Жээнбековыг өөр улс руу зугтсан хэмээн мэдэгдэж байсан ч түүнийг Бишкек хотод байгааг ойрын эх сурвалж нь нотолжээ.  Тэрээр энэ асуудалд ямар байр суурьтай байгааг “BBC” сайтаас орчуулан, харьцуулан хүргэе.

 Сонгуулийн үр дүнг цуцалсны дараа:

-Хойд болон өмнөд  хэсгийн зөрчил нэмэгдэж, манай үндэстэнг хагарган бутаргахыг оролдож байгаад харамсаж байна. Үүний үр дүнд манай улсын дотоодод аюултай байдал үүссэн төдийгүй   бид гадны хүчнүүдийн золиос боллоо. Тиймээс  энэ маргааныг зогсооход бидний хийж чадах цорын ганц зүйл бол хэлэлцээрийн ширээний ард суух юм. Би бол хууль ёсны ерөнхийлөгч. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд бусад намтай энэ асуудлаар ярилцахад бэлэн байна. Энэ бол миний үүрэг. Одоо үүссэн нөхцөл байдал санааг минь зовоож байна. Бид хамтдаа нэгдмэл байж энэ асуудлыг шийднэ. Жагсагчдын гол зорилго нь сонгуулийн дүнг хүчингүй болгох бус намайг Засгийн эрх барихаас зайлуулах байсан юм.  Өнгөрсөн улс төрийн эргэлтээс зайлсхийхийн тулд бүх нам хамтарч ажиллах шаардлагатай. Энэ тэмцлийг зогсоож чадах хүчирхэг  удирдагчид ямар ч нам байхаас үл шалтгаалан эрх мэдлээ өгөхөд би бэлэн байна.

 Сонгуулийн үр дүнг цуцлахаас өмнө:

-Хэсэг улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнг нийтийн хэв журмыг алдагдуулах шалтаг болгон ашиглаж байна. Жагсагчид хууль хяналтын байгууллагынхны үгийг дагалгүй эрүүл мэндийн ажилтнуудыг зодож, төрийн ордон болон бусад барилга, байгууламжид аюул учруулсан.

Дээрх хоёр эрс тэс байр сууринаас ажиглахад  2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жээнбеков бүх хүч чадлаа алдсан байна хэмээн шинжээчид үзлээ. Гэвч  түүнийг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байгаа учир богино хугацаанд огцрохгүй хэмээн таамаглаж байна.

 

БОСЛОГЫН ДАРААХ КИРГИЗ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

Бослого гаргаж, төрийн ордноо эзэлж, Засгийн газрын байраа шатааж, шоронд хоригдож байсан улстөрчдөө сулласнаар Киргизийн иргэд өөрсдийгөө хүч чадалтай гэдгээ эрх баригчиддаа батлан харууллаа. Тэд үр  шимээ хүртэж сонгуулийн дүнг хүчингүй болгосон. Засгийн газрын бүрэлдэхүүн эхнээсээ өөрчлөгдсөн. Тэгвэл тухайн улсад үүссэн нөхцөл байдлаас болж арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсныг Үндэсний банк өчигдөр зарлалаа. Мөн цаашид тухайн улсын ерөнхийлөгчөөс эхлээд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой. Энэ жагсаал хоёр сар тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй Беларусийн иргэдэд бас нэгэн дохио болж буй за.

 КИРГИЗ УЛСЫН ӨМНӨХ БОСЛОГУУДЫН ТУХАЙ ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

 Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бослого гаргаж хоёр ч ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулсан түүхтэй. 2005 оноос хойш тус улсад гурав дахь удаагаа эрх баригчдын эсрэг бослого гарч байгаа нь энэ юм. Тодруулбал, 2005 онд ерөнхийлөгч Аскар Акаевыг, 2010 онд ерөнхийлөгч Курманбек Бакиевыг бослогын хүчээр огцруулж байсан. Харин одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 2017 оны аравдугаар сард 54 хувийн саналаар Киргизийн тав дахь ерөнхийлөгч болсон байдаг. Бослогын улмаас огцорсон ерөнхийлөгчдийн мэдээллийг он, дарааллын дагуу хүргэж байна.

 2005 оны Гуравдугаар сар- Парламентын сонгуулийн хоёрдугаар тойргийн дараа Ерөнхийлөгч Акаевыг эсэргүүцсэн жагсаал өмнөд мужаас нийслэл Бишкек хот хүртэл олныг хамран үргэлжлэв. Энэ жагсаалын улмаас Акаев Орос руу зугтсан..

2005 оны Дөрөвдүгээр сар- Ерөнхийлөгч Акаев албан тушаалаасаа огцорлоо.

2005 оны Долдугаар сар- Сөрөг хүчний удирдагч Курманбек Бакиев ерөнхийлөгчийн санал асуулгыг тэргүүллээ.

2005 оны Наймдугаар сар- Ерөнхийлөгчийн Курманбек Бакиев тангарагаа өргөв.

2006 оны Арваннэгдүгээр сар-  Бакиевыг огцрохыг шаардсан жагсаал Бишкек хотод болов. 

2006 оны Арванхоёрдугаар сар- Засгийн газар огцорлоо.

2007 оны Дөрөвдүгээр сар- Бакиевыг огцрохыг шаардсан урт хугацаанд Бишкек хотод үргэлжилсэн жагсаалыг цагдаа нар хүчээр тараав.

2007 оны Арванхоёрдугаар сар- Парламентын сонгууль болж ерөнхийлөгчийн “Ак Зол” нам олон суудал авч, сөрөг хүчин нэг ч  суудал авсангүй.

2010 оны Дөрөвдүгээр сар- Сөрөг хүчний жагсаал Киргизийн хойд зүгээс нийслэл Бишкек хот хүртэл  тархаж, ерөнхийлөгч Курманбек Бакиевыг огцруулав.

2010 оны Тавдугаар сар- Роза Отунбаева түр хугацаанд ерөнхийлөгч болов.

2011 оны Аравдугаар сар- Ерөнхий сайд Алмазбек Атамбаевыг ерөнхийлөгчөөр сонголоо.

2016 оны Аравдугаар сар- Засгийн газар огцорлоо.

2017 оны Аравдугаар сар-Одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ерөнхийлөгч  болов.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 5 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 6 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 7 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 8 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 8 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 10 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр