Дональд Трамп АНУ-ын ард түмэнд хандан үг хэлжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/21

Хүндэт эх орон нэгтнүүд минь ээ, дөрвөн жилийн өмнө бид улс орноо сэргээн босгох, сэтгэл санааг нь шинэчлэх болон Засгийн газрын иргэддээ үнэнч байдлыг сэргээхэд чигэлсэн өргөн цар хүрээтэй үндэсний кампанит ажлыг эхлүүлсэн. Товчхон хэлэхэд бид Америкийг бүх америкчуудын хувьд агуу болгох зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн.

Өдгөө АНУ-ын 45 дах Ерөнхийлөгчийн хувьд миний бүрэни эрхийн хугацаа дуусаж байгаа энэ цагт би та бүхнийхээ өмнө зогсоод та бүхэнтэй хамтдаа хүрсэн амжилт бүрээрээ үнэхээр бахархаж байна. Бид ийшээ ирсэн зорилгоо биелүүлсэн, бүр илүү ч хийж чадсан.

Энэ долоо хоногт бид шинэ захиргаагаар тангараг өргүүлэх бөгөөд тэднийг АНУ-ын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг сахин хамгаалахад амжилттай байгаасай гэж өмнөөс нь залбирч байна.  Бид тэдэнд хамаг сайн сайхны, тэр дундаа азыг хүсэн ерөөж байгаа бөгөөд энэ их чухал утгатай үг юм шүү.

Эхлээд та бидний хамтын онцгой аяллыг бий болгох боломж олгосон гайхалтай хүмүүст талархал дэвшүүлье.

Юун түрүүнд гайхалтай тэргүүн хатагтай Меланияд хязгааргүй их хайр, дэмжлэг үзүүлж байсных нь төлөө талархал илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү. Түүнчлэн охин Иванка, хүргэн Жаред болон Бэррон, Дон, Эрик, Тиффани ба Лара нартаа гүн талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Та нар миний амьдралыг гэрэл гэгээ, аз жаргалаар дүүргэж байдаг. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон түүний гайхамшигтай гэргий Карен, Пенсийн гэр бүлийнхэнд бүгдэд нь талархал илэрхийлье.

Мөн би Цагаан ордны захиргааны тэргүүн Марк Медоуз болон Ерөнхийлөгчийн захиргаа ба танхимын зоригтой ажилтнууд, Америкийн төлөөнөө тэмцэлд бүх сэтгэл зүрхээ зориулсан захиргааныхаа бүх гайхалтай хүмүүст талархаж илэрхийлье. 

Түүнчлэн боломжийг ашиглаад Нэгдсэн Улсын нууц алба гэдэг онцгой бүлэг хүмүүст талархал илэрхийлэхийг хүсэж байна. Манай гэр бүл та бүхний өмнө төлж баршгүй өртэй шүү.

Цагаан ордны цэргийн хэрэг эрхлэх захиргааны бүх ажилтнууд, АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцны багийн гишүүдэд, улс даяар хууль сахиулах байгууллага болон зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүрд талархал илэрхийлж байна. 

Хамгийн гол нь би Америкийн ард түмэнд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Ерөнхийлөгчийн албанд ажиллах нь миний хувьд үгээр хэлшгүй их нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү онцгой давуу эрхийг надад олгосон та бүхэнд талархаж байна. Энэ бол асар том давуу эрх бас асар их нэр төр билээ.

Америкчуудын хооронд санал зөрөлдөөн ямагт байх хэдий ч бид бол улс орон нь хөгжин цэцэглэж, улам амжилттай, буянтай байгаасай гэж хүсдэг гайхалтай чин сэтгэлтэй, энхийг хүсэмжлэгч иргэдээс тогтсон үндэстэн юм. Бид бол үнэхээр гайхалтай үндэстэн.

Капитолийг дайрсан явдал бүх америкчуудыг айдаст автуулсан. Улс төрийн хүчирхийлэл гэдэг бол америкчууд бидний хайрлаж хүндэлдэг болгон рүү давшилсан хэрэг юм. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид яг одоо хэзээ хэзээнээс илүүтэйгээр өөрсдийн үнэт зүйлсээ хүрээлэн нэгдэж, нам хоорондын уур хорслоо даван туулж, хамтын хувь тавилангаа бүтээх ёстой

Би дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн суудалдсонгогдсон цорын ганц шоовдор хүн болж Вашингтонд ирж байсан. Би улстөрч байгаагүй, би тэнгэрийн мандалд тодрох хотын дүр зургийг хараад хязгааргүй их боломжийн тухай мөрөөддөг барилгачин байсан би. Би Америкт  ямагт шинэ өндөрлөг өөд тэмүүлж байх ёстой гэдгийг мэдэж байсан болохоороо л Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Бид Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүд тавивал манай үндэстний боломжид хязгаар үгүй гэдгийг би мэдэж байсан.

Тийм ч учраас хуучин амьдралаа орхиж, цоо шинэ талбар дээр, зөв ашиглавал асар их боломж агуулсан талбарт хөл тавьсан. Америк надад асар их зүйл өгсөн болохоор би ч хариу барихыг хүссэн юм.

Дэлхий даяар байгаа сая сая хөдөлмөрч эх орончдын хамтаар та бид улсынхаа түүхэн дэх хамгийн аугаа улс төрийн хөдөлгөөнийг бий болгосон. Түүнчлэн та бид дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа эдийн засгийг байгуулсан. Бид Америкийг ахиад агуу болгохыг хүсэж байсан учраас “Америк нэн тэргүүнд” зарчмын тухай яригдаж байсан юм. Бид улс орон гэдэг иргэддээ үйлчлэхийн төлөө оршин тогтнодог гэсэн зарчмыг эргэн сэргээсэн. Зүүнийхэн эсвэл баруунханд бус, бүгд найрамдахчууд эсвэл ардчилсан намынхныг бид чухалчлаагүй, бид эх орныхоо ашиг тусыг чухалчилсан болохоор нийт улсынхаа төлөө явсан гэсэн үг.

Америкийн ард түмний дэмжлэг ба залбирлын ачаар бид хэний ч төсөөлж байгаагүй их зүйлд хүрч чадсан. Бидний үүнд ядаж дөхөж чадна чинээ бодсон хүн байгаагүй. 

Бид татварыг багасгах ба өөрчлөн шинэчлэх Америкийн түүхэн дэх хамгийн том багц арга хэмжээг хэрэгжүүллээ.

Бид өмнөх бүх захиргаанаас илүү олноор ажлын байрыг цөөлөхөд хүргэдэг дүрэм журмыг цуцалсан. Бид манай улсын байгуулсан худалдааны гэрээнүүдэд засвар хийж, аймшигт Номхон далайг дамнасан түншлэл, хэрэгжүүлэх боломжгүй Цаг агаарын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнээс гарч, Өмнөд Солонгостой байгуулсан шударга бус гэрээг өөрчилсөн. Бид Чөлөөт худалдааны тухай Хойд Америкийн тохиролцоог зарчмын хувьд цоо шинэ АНУ, Мексик ба Канад хоорондын гэрээ гэдгээр орлуулсан бөгөөд энэ гэрээ нь тун сайн, маш сайн үр дүн харуулж байна.

Үүнээс гадна бас нэг маш чухал зүйл гэвэл бид Хятададасар их, түүхэн чухал татвар ногдуулсан, бид Хятадтай маш сайн тохиролцоо хийсэн. Гэвч гарын үсэг зурсан бэх хатаж амжаагүй байхад бид ч тэр дэлхий тэр чигээрээ тэр Хятадын вирусийн цохилтод өртлөө. Манай худалдааны харилцаа эрчимтэй өөрчлөгдөж, доллар нь тэрбум тэрбумаараа Нэгдсэн улсыг чиглэн урсаж эхэлсэн ч энэ вирус биднийг өөр зүгт хөдлөхөөс өөр аргагүй болголоо.

Дэлхий даяараа хохирол амссан ч Америк улс нь та бидний байгуулсан гайхалтай эдийн засгийн ачаар бусад бүх улс орноос илүү байсан. Бат бэх суурь, үндэс үгүй байсан бол огт өөрөөр болох байлаа. Бид манай улсын түүхэнд дэх шилдэг үзүүлэлтүүдэд хүрсэн.

Бид эрчим хүчний нөөц боломжоо чөлөөлж, газрын тос ба шатдаг хийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч болсон. Энэ бодлогыг ачаар бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг бүтээсэн. Бид Америкт ажлын байр байгуулах үйл явцыг ахин сэргээж, африк гаралтай америкчууд, латин америкчууд, ази гаралтай америкчуудын хувьд, эмэгтэйчүүдийн хувьд гээд ер нь бүгдийн хувьд хамгийн бага ажилгүйдлийн түвшинд хүрсэн. 

Орлого өсөж, цалин хөлс нэмэгдэж байсан. Америк мөрөөдөл ахин амь орж, цөөн хэдэн жилийн дотор сая сая хүн ядуурлаас гарч чадлаа. Энэ бол гайхамшиг. Хөрөнгийн бирж шил шилээ дарсан дээд амжилтууд тогтоосноор богино хугацаанд 148 дээд үзүүлэлтийг харуулсан учраас, улс даяар хөдөлмөрч иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломж олгосон. Мөн 401 төлөвлөгөөний дагуу төлөгдөж байгаа тэтгэврийн хэмжээ нь өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээд хүрсэн. Бид хэзээ ч ийм тоо харж байгаагүй, цар тахлын өмнө ч тэр, дараа нь ч тэр. 

Бид Америкийн аж үйлдвэрлэлийн баазыг сэргээж, мянга мянган шинэ үйлдвэрийг нээн, “АНУ-д үйлдвэрлэв” гэсэн гайхалтай үгсийг буцааж авчирлаа. 

Америкийн ажилчдын амьдралыг сайжруулахын тулд бид хүүхдэд зориулсан татварыг хоёр дахин нэмэгдүүлж, хүүхдийн хөгжлийн албадын төсвийг хамгийн ихээр нэмэгдүүлсэн.

Бид 16 сая гаруй америкчуудад ирээдүйн олон мэргэжлийг зааж сургах тухай тохиролцоонд хүрэхийн тулд хувийн салбартайгаа нэгдсэн. 

Улс орон аймшигтай цар тахалтай нүүр тулгарахад бид нэг бус харин шууд хоёр вакциныг ахар богино хугацаанд бүтээж чадсан, тун удахгүй шинэ бэлдмэлүүд гарч ирэх гэж байна. Бидэнд ийм зүйл боломжгүй гэж байсан ч бид чадсан. Үүнийг анагаахын гайхамшиг гэдэг болохоор бид ч зохих ёсоор нь “анагаахын гайхамшиг” гэж нэрлэсэн.

Өөр захиргаанд бол вакцин бүтээх гэж гурав, дөрөв, тав эсвэл бүр арван жил шаардлагатай байх байлаа. Харин бид есөн сарын дотор хийсэн.

Бид эндсэн амь болгоны араас харамсаж, эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан энэ цар тахлыг ахин өндийхгүйгээр устгана гэдгээ амлаж байна.

Вирус нь дэлхийн эдийн засагт нүсэр хүнд цохилт өгөхөд бид манай улсад хийгдэж байснаас хамгийн эрчимтэйд тооцогдох эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг эхлүүлсэн. Бид эдийн засгийг дэмжихэд  бараг 4 их наяд доллар төсөвлөн зарцуулж, 50 сая гаруй ажлын байрыг дэмжин хамгаалж, ажилгүйдлийн түвшнийг хоёр дахин багасгасан. Манай улс үүн шиг үзүүлэлтүүдийг хэзээ ч харж байгаагүй юм. 

Бид иргэддээ сонголт хийх боломж олгож, эрүүл мэндийн салбарыг нээлттэй болгож чадсан, бид эм үйлдвэрлэх том компаниудын эсрэг янз бүрийн аргаар тэмцсэнээр хамгийн таатай нөхцөлөөр нийлүүлэх тухай зүйлийг оруулж ирж чадсан бөгөөд ингэснээр бид дэлхийд хамгийн хямд жороор олгогддог эм бэлдмэлтэй болж чадах юм. 

VA Choice ба VA Accountability хөтөлбөрийг шинэчлэн өөрчилж, Right to Try хуулийг баталж, эрүүгийн хуульд онцгойгоор тэмдэглэгдэх өөрчлөлт хийсэн.

Бид Нэгдсэн улсын Дээд шүүхийн гурван шинэ шүүгчийг томилсон. Бид Үндсэн хуулийн мөрдлөгийг хянахын тулд холбооны 300 гаруй шүүгчийг томилсон.

Америкийн ард түмэн олон жилийн турш улсынхаа хилийг хамгаалж өгөхийг Вашингтоноос гуйж ирсэн. Бид энэ гуйлтыг нь сонсоод Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн бат бэх хилийг байгуулж чадсанаа хэлэхэд таатай байна. Зоригт хилчид маань ажил үүргээ хэзээ хэзээнээс илүү сайн биелүүлж, манай хуулийг сахиулж, Америкийг аюулаас хамгаалахад нь шаардлагатай тоног хэрэгслийг нь өгсөн.

Бид хилийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн түүхэнд хамгийн хүчирхэг бөгөөд үр дүнтэй арга хэмжээг дараагийн захиргаанд нэр төртэйгөөр үлдээж байна. Тэдгээрийн дотор Мексик, Гватемал, Гондурас, Сальвадортой байгуулсан түүхэн гэрээ бас 450 бээр бат бэх шинэ хана.

Бид Америкийн агуу хүчийг дотооддоо сэргээж, хилийн чанад дах Нэгдсэн улсын манлайллыг сэргээсэн. Дэлхий дахин биднийг ахин хүндэлдэг болсон. Энэ хүндлэлийг алдахгүй явахыг та нараас хүсэж байна.

Бид Америкийн ашиг сонирхлыг Нэгдсэн үндэстнүүдийн байгууллагад хамгаалан манай ашиг сонирхолд хэзээ ч нийцэж байгаагүй шударга бус глобал гэрээнүүдээс гарч, тусгаар тогтносон улс гэдэг нэрээ сэргээлээ. Улмаар одоо НАТО-д гишүүд нь хэдэн жилийн өмнө намайг Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан үеийнхээс олон зуун тэрбум долларыг илүү төлж байна. Их шударга бус байдал байсан. Бид дэлхий дахины өмнөөс бүгдийг төлдөг байсан. Харин одоо дэлхий бидэнд тусалж байна.

Түүнчлэн хамгийн чухал нь гэвэл бид 3 их наяд доллар зарцуулаад Америкийн армийг бүрэн өөрчиллөө. Бид сүүлийн 75 жилийн дотор анх удаа зэвсэгт хүчний шинэ төрлийг бий болгон Сансрын хүчинтэй боллоо. Өнгөрсөн оны хавар би Флорида муж дах Кеннедийн нэрэмжит төвд зогсоод Америкийн астронавтууд олон олон жилийн дараа анх удаа сансарт Америк пуужингаар эргэн ирж байгааг ажиглаж байлаа.

Бид байгуулсан холбоонууддаа шинэ амьсгал өгч, Хятадыг хэзээ хэзээнээс илүү эсэргүүцэхийн тулд дэлхийн улс орнуудыг дайчиллаа.

Бид Исламын улсыг устгаж, үндэслэгч ба удирдагч аль Багдадийнх нь өчүүхэн амьдралд цэг тавьсан. Бид Ираны дарангуйлагч дэглэмийн эсрэг зогсож, дэлхийн гол алан хядагч, Ираны яргачин Касем Сулейманийг устгасан.

Бид Иерусалимийг Израйлын нийслэл гэж зөвшөөрч, Голаны өндөрлөгийг Израйлын мэдлийн нутаг гэдгийг зөвшөөрсөн. Зоригтой дипломат бодлого ба бодит байдлыг бодитоор тусган авсны ачаар Ойрх Дорнодод олон тооны түүхэн гэрээ байгуулж чадлаа. Ингэх боломжтой гэдэгт хэн ч итгэхгүй байсан. 

“Авраамын тохиролцоо” нь хүчирхийлэл ба алан хядлага бус харин энх тайван ба эрх тэгш байдал ноёлсон ирээдүй рүү орох үүдийг нээж өглөө. Ойрх Дорнод шинэ эриний босгон дээр ирж, харин бид цэргүүдээ нутаг буцааж байна. Би сүүлийн олон арван жилийн хугацаанд ганц ч шинэ дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо онцгой бахархаж байна.

Америкт Засгийн газар нь ард түмнийхээ өмнө хариуцлага үүрдэг гэсэн ариун зарчмыг бид нэн тэргүүнд эргэн сэргээсэн. Америкийн эгэл иргэдэд үйлчлэхийн тулд энд сууж байгаа гэсэн бат үнэмшил бол манай замыг гэрэлтүүлэгч од, Алтан гадас од билээ. Бид монополь компаниудад, корпорацууд эсвэл бүр үндэстэн дамнасан компаниудад үнэнч бус. Бид үр хүүхдэдээ үнэнч, иргэддээ, улс үндэстэндээ үнэнч хэвээр.

Ерөнхийлөгчийн хувьд миний нэн тэргүүний зорилго нь Америкийн ажилчид, Америкийн айл өрхүүдийн ашиг сонирхол ямагт байсаар ирсэн. Би амар хялбар зам хайгаагүй. Одоог хүртэл миний туулсан зам хамгийн хүнд байлаа. Би хамгийн бага шүүмжлэлд өртөх замыг хайж байсангүй. Та нар намайг тийм зүйлийн төлөө сонгосон учраас би хамгийн хүнд ширүүн тулаанд оролцож, хүнд сонголтуудыг хийж байсан. Та нарын хэрэгцээ миний нэн тэргүүний зорилт болсон юм.

Бид улс орныг удирдах эрхийг Америкийн ард түмэнд эргүүлэн өгсөн бөгөөд яг энэ зүйл манай хамгийн аугаа уламжлал болон үлдэнэ гэдэгт найдаж байна. Бид ардчилсан удирдлагын зарчмыг сэргээсэн. Бурхан бидний эрх тэгшээр бүтээсэн тул Америкт иргэн бүр хүндлүүлэх, эрх тэгш харилцах, тэгш эрх эдлэх ёстой гэсэн зарчмыг бид сэргээсэн. Хүн бүр л хүндлүүлэх, үгээ сонсгох, Засгийн газар санал бодлыг нь анхаардаг байх эрхтэй. Та нар улс орондоо үнэнч, миний захиргаа ч ямагт та бүхэнд үнэнч байсаар ирсэн.

Иргэн бүрд нь сайн ажил олдож, гэр бүлээ тэжээх боломжоор хангадаг тийм улсыг байгуулахын төлөө бид ажиллаж ирсэн. Бид америк хүн бүр аюулгүй амьдардаг хотуудын төлөө тэмцэж ирсэн, дурын хүүхэд суралцаж болох сургуулиудын төлөө тэмцэж ирсэн. Бид хуулиа дээдлэх, баатруудаа хүндлэх, түүхээ хадгалах, хуулийг дээдэлдэг иргэдээ хүндлэх боломжтой соёлыг хөгжүүлсээр ирсэн. Та бидний хамтдаа хүрч чадсан зүйлсэд америкчууд маш ихээр сэтгэл хангалуун байгаа байх. Энэ бол үнэхээр гайхалтай.

Харин өдгөө Цагаан ордныг орхихын өмнө та бидний хамтын үнэлж баршгүй их өв уламжлалд заналхийлж байгаа аюулын талаар би эргэцүүлж байна. Америк нь дэлхийн хамгийн хүчирхэг улс болдгийн хувьд хилийн чанадаас ирдэг аюул, сорилтуудтай байнга тулгардаг. Гэвч бидний тулгардаг хамгийн ноцтой аюул бол өөртөө итгэх итгэл алдрах, улс үндэстнээ агуу гэдэгт эргэлзээ төрөх явдал юм.Улс үндэстний хийморь хэдий чинээ хүчтэй байна тэр хэмжээгээр улс нь өөрөө хүчирхэг байдаг. Бид нэр төртэй байсан цагт хүчтэй. Манай хүмүүсийн зүрхэнд итгэл байсан цагт бид амьдарсаар байх болно. 

Үнэт зүйлс, түүх, баатрууддаа итгэх итгэлээ алдсан нэг ч улс үндэстэн хөгжин цэцэглэх боломжгүй бөгөөд эд бол манай нэгдмэл байдал, амьдралын эрч хүчийг булаг юм.

Өнгөрсөнд Америк нь түүхэнд онцгой байр суурь эзэлдэг, бусдаас давуу гэдэгтээ ямар ч эргэлзээгүйгээр бат итгэж ирсэн тулдаа хамгийн ноцтой аюулыг баатарлагаар ялж чадсан байдаг юм. Бид энэ итгэл үнэмшлээ алдаж болохгүй. Бид Америкт итгэх итгэлээ алдаж болохгүй.

Манай улс үндэстнийг бусдаас ялган нэгтгэж байдаг онцлогийг хадгалан боловсруулах нь улс үндэстнээ аугаа болгон хөгжүүлэх түлхүүр юм. Үүний тулд бид нийтлэг зүйл дээрээ, бүр тодруулбал хамтын ёс уламжлал дээрээ голлон анхаарах шаардлагатай.

Энэ ёс уламжлалын амин зүрх нь бол өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, чөлөөтэй мэтгэлцэх зарчим юм. Хэрэв бид хэн байгаагаа, яаж яваад ийм байдалд хүрснээ мартвал Америкийг улс төрийн цензурын эрхэнд оруулна. Ийм зүйлийг бол төсөөлж ч болохгүй. Үг хэлэх эрх чөлөө, чөлөөт мэтгэлцээнийг хориглоно гэдэг нь манай голлох үнэт зүйлс, хамгийн бат бэх уламжлалд үл нийцэх зүйлс.

Америкт үг дуугүй дуулгавартай номхон байхыг шаарддаггүй, үзэл суртлыг хатуу зарчмыг тогтоодоггүй, болохгүй зүйл ярилаа гэж шийтгэдэггүй. Бид зүгээр л тийм зүйлс хийдэггүй юм. Америк бол санал нийлэхгүй бусдаас нь хамгаалж, нууж байх ёстой хүлцэнгүй хүмүүсийн номхон үндэстэн бус. Бид тийм биш. Бид хэзээ ч тийм болохгүй.

Америкчууд 250 орчим жилийн хугацаанд янз бүрийн сорилтой тулгарахдаа ямагт зүйрлэшгүй эр зориг, итгэл, эргэлт буцалтгүй хараат бус байдлыг харуулсаар ирсэн. Яг эдгээр шидэт зан чанарууд нь сая сая энгийн иргэдийг таньж мэдэхгүй тив рүү хөтлөн ирж, Агуу их Өрнөд шинэ амьдрал эхлүүлсэн юм. Бурхнаас заяасан энэ их эрх чөлөөнд дурласан хүч манай цэргүүдийн тулаанд уриалж, астронавтуудыг сансарт хөтөлж байсан юм. 

Өнгөрсөн дөрвөн жилийн тухай бодох бүрд нэг дүр зураг харагддаг. Би машиндаа сууж явах тоолондоо олон мянган хүмүүсийг хардаг. Тэд бидний явж өнгөрөхийг харах гэж, тэгээд төрийн далбаагаа нэр төртэйгөөр өргөх гэж гэр бүлийн хамт гудамжинд гарч ирдэг. Ийм хүмүүсийг харах бүр сэгэл минь маш ихээр хөдөлдөг. Эдгээр хүмүүс дан ганц намайг дэмждэг гэдгээ харуулах гэж гарч ирээгүй гэдгийг би мэднэ. Тэд улс эх орондоо хайртай гэдгээ харуулах гэж гарч ирдэг юм. Америк бол дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа үндэстэн гэдэгт итгэл үнэмшил дор нэгдсэн нэр төртэй иргэдийн байгуулсан бүгд найрамдах улсад бид амьдарч байна. Бид дэлхий дахины хувьд ямагт итгэлт, гэрэл, нэр төр нь байсаар ирсэн цаашдаа ч байх ёстой. Энэ бол бидний алхам тутамдаа хамгаалж байх ёстой үнэлж баргүй ёс уламжлал юм. 

Өнгөрсөн дөрвөн жилд би яг энэ зүйлийг нь л хийсээр ирсэн. Исламын шашинт орнуудын удирдагч нар цугласан Эр-Рияадад ч тэр, Польшийн нийслэл Варшавын гайхалтай талбай дээр ч, Өмнөд Солонгосын Үндэсний хурлын танхимд ч, НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээр ч, Бээжингийн Хориотой хотод ч, Рашмор уулын сүүдэрт ч тэр би та бүхий гэр бүлийн төлөө, бид эх орныхоо төлөө тэмцэж байсан юм. Би Америкийн төлөө тэмцэж, Америк бэлгэдэл нь болдог аюулгүй байдал, хүч чадал, нэр төр, эрх чөлөөний гэсэн бүх зүйлсийн төлөө нэн тэргүүнд тэмцэж ирсэн. 

Лхагва гарагийн үд дунд эрх мэдлээ шинэ захиргаанд дамжуулахаар бэлдэж байгаа өдгөө та бүхнийг нэг зүйлийг мэдэж яваасай гэж хүсэж байна: бидний эхлүүлсэн хөдөлгөөн дөнгөж эхэлж байгаа шүү. Урьд нь ийм зүйл огт болж байгаагүй. 

Улс орон нь иргэддээ үйлчлэх ёстой гэсэн итгэл үнэмшил алга болохгүй харин ч өдрөөс өдөрт бэхэжсээр байх болно. 

Америкийн ард түмэн улс орноо гэсэн чин сэтгэлийн харамгүй хайрыг зүрх сэтгэлдээ тээж яваа цагт бүтээж чадахгүй зүйл гэж үгүй. Манай нийгэм хөгжин цэцэглэнэ. Манай ард түмэн амжилтаас амжилт руу явна. Бидний ёс уламжлал нандигнан хадгалагдах болно. Бидний итгэл үнэмшил хатуу байна. Тийм ч учраас бидний ирээдүй хэзээ ч байгаагүй тод гэрэлтэх болно.

Зүрх минь итгэл ба баяслаар дүүрэн, санаа сэтгэл өөдрөг бөгөөд манай улсын хувьд, үр хүүхдүүдийн маань хувьд илүү сайхан ирээдүй хүлээж байна гэсэн дээд зэргийн итгэлтэйгээр энэ аугаа суудлыг орхиж байна. 

 

Та бүхэнд талархаж, хамаг сайн сайхны хүсье. Бурхан та бүхнийг ивээг. Бурхан АНУ-ыг ивээг”.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 7 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 10 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр