Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх О.Батхүү, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон холбогдох мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн явц болон тулгамдсан асуудлаар иргэдтэй уулзлаа.Тухайлбал яармаг орчмын “Е” хэсэгт 2021 онд 39.9 га талбайг хамруулсан дахин төлөвлөлтийн хүрээнд 557 өрх газраа чөлөөлж, төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Энэ бүсэд “Зэндмэнэ-Эрдэнэ” төслийн хүрээнд 6 блок орон сууц барихаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлжээ.
Гэвч төслийг хэрэгжүүлж буй “Андын Зам Констракшн” ХХК-ийн ажил удааширч, барилга ашиглалтад ороогүйгээс иргэд шинэ байрандаа орох хугацаа тодорхойгүй болж, удаан хугацаанд хүлээлт үүсээд байна. Үүнээс шалтгаалан зарим өрх түрээсийн төлбөр болон зээлийн дарамтад орж, асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр болон Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх О.Батхүү нар Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул, Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг нарт төслийн хэрэгжилт, байгуулсан гэрээний нөхцөл болон иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг хууль, журмын хүрээнд нягтлан шалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна