Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна.
Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлого, шийдвэрийг тодорхойлох энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулах нь байгаль орчны салбар дахь манай улсын манлайлал, оролцоог олон улсад таниулах чухал боломж болох юм.
Энэ хүрээнд өнөөдөр COP17 хурлын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь дахин танилцаж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Бэлтгэл ажлын хүрээнд:
Авто зам, зогсоолын нэгдүгээр ээлжийн ажлын гүйцэтгэл 85 хувь,
Хоёрдугаар ээлжийн ажлын гүйцэтгэл 98 хувь,
Ногоон байгууламжийн ажлын хүрээнд мод, бут сөөгийн тарилт 80 хувь,
Гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил 70 хувьтай байна.
Түүнчлэн Цэнхэр бүсийн 12 түр барилга байгууламжийн угсралтын ажлыг олон улсын гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр шатны ажил 90 хувь, гуравдугаар шатны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр түвшинд илэрхийлэх энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө хамтрагч байгууллагуудын идэвх зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал учир салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж ажиллахыг чиглэл болголоо
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна