Навальный гэж хэн бэ?

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Намтар

Навальны нь 1976 онд Москва мужийн Бутынь нэртэй жижиг тосгонд цэргийн хүний гэр бүлд төрсөн. Тэрээр 1993-2001 онуудад Бүх ард түмний эв найрамдлын их сургуул, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид суралцан төгсөж, хуульч ба эдийн засагч гэсэн хоёр дээд боловсрол эзэмшсэн сэхээтэн.

Тэрээр 2004 оноос эрх баригчдын дураараа дургих явдалтай тэмцэж эхэлсэн юм байна. Анх  2004 онд “Комитет защиты москвичей” буюу “Моквачуудын хамгаалах хороо” нэртэй байгууллагыг үүсгэж хотын дүүргийн удирдлагууд олон хөлийн ашигтай гэж үзсэн ямар ч газраа бусад оршин суугчдыг эрх ашгийг үл тоон дураараа худалдааны төв, элит орон сууц барьж байсныг эсэргүүцэн үйл ажиллагаа явуулдаг болсон. Хотын удирдлагуудын эх захаа алдсан үйлдлийг эсэргүүцдэг 100 гаруй жижиг сайн дурын бүлгэмүүдийг нэгтгэж, нэгдсэн байдлаар шүүхэд хандах болсноор олон тооны барилгын төслийг цуцлуулж чадсан. Ингээд ямар ч байсан Москва дах эсэргүүцлийн хөдөлгөөнд нэртэй болсон.

Залгуулаад 2008 оноос Оросын төрийн өмчит том корпорацууд дах хулгай, луйврыг илчилсэн олон тооны нийтлэл интернэтээр тарааж ганц Москва гэлтгүй, Орос даяар сөрөг хүчнийхэн мэддэг хүн болж хувирсан. “Газпром”, “Роснефть”, “Газпромнефть” гэх мэт төрийн өмчит корпорацуудын цөөн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Том корпорацууд бүх зардал, худалдан авалт г.м. зүйлсийн талаар цөөн тооны хувьцаа эзэмшигч, жирийн иргэдэд ч мэдээлдэг болгож чадсан.

Удалгүй 2010 оноос төрийн байгууллагуудын худалдан авалт дээр ямар их мөнгө луйварддагийг илчилсэн “Роспил” нэртэй төслийг эхлүүлсэн. Энэ төсөл нь ард иргэдээс авсан баримт, нотолгоотой мэдээлэл дээр үндэслэн төрийн өмчит компаниуд, төрийн байгууллагуудын худалдан авалт, тендерт орсон луйвар, мөнгө угаалт зэргийг илчилдэг байсан юм. Зүгээр ч нэг илчлээгүй зарим худалдан авалтыг шүүхээр заргалдан хүчингүй болгож, төсвийн асар их мөнгийг хэмнэсэн гэдгийг эрх баригчид ч хүлээн зөвшөөрдөг. Бүр тодруулбал 70 тэрбум рублийн хууль бус худалдан авалтыг шүүхээр заргалдан цуцлуулж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэн төрд нь буцааж өгсөн юм.

Энэхүү “Роспил” төсөл нь одоогийн дэлхийн даяар мэдэх Навальный гэдэг хүнийг бий болгосон гэж болно. Түүнийг Орос даяараа зөвхөн сөрөг хүчнийхэн гэлтгүй, эрх баригчид болон тэднийг дэмжигчид ч мэддэг болсон.

Үүний дараанаас Навальный нь “Фонд борьбы с коррупцией” /ФБК/ буюу “Авлигатай тэмцэх сан” нэртэй хөдөлгөөнийг үүсгэн тэмцэж яваа. Энэ хөдөлгөөн нь албан тушаалтнуудын хэтэрсэн авир байдлыг иргэдээс ирсэн баримт материалаар баталгаажуулж олонд ил болгодог, ялангуяа орон нутгийн удирдлагуудын дураараа дургидаг байдлыг хязгаарлаж чадсан байгууллага болсон. Улмаар 2012 онд Навальный нь төрийн албан хаагчид 1,5 сая рублиэс илүү үнэтэй гадаадын машин худалдан авахыг хориглох хууль санаачилсан. Үүнийг нь эрх мэдэлтнүүд арга буюу дэмжиж албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг төрийн мөнгөөр үнэтэй машин авдгийг зогсоох хууль баталсан.

Ялангуяа Навальный нь Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын “идэж уусан” асуудлыг илчилж олны анхаарлыг маш ихээр татсан. Засгийн газрын шадар сайд Шуваловын эхнэр нь үнэтэй үүлдрийг нохойгоо хувийн онгоцоор гадаад руу зөөдөг тухай материал нийтэлж байсан, РЖД-ийн тэргүүн асан Якунинтай холбоотой авлигын хэргийн материалыг ил болгосон. Улмаар Якуниныг РЖД-ээс болиход нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм байна. Оросын Ерөнхий сайд асан Медведевийн нууц хашийн тухай баримтат кино хийсэн.

Энэ мэтээр уул шугамдаа нөхөр Навальный болбоос муу муухай, шударга бус зүйлийг илрүүлэх үйлсэд тун үр бүтээлтэй ажиллаж, олны дунд нэлээд нэр хүнд, байр суурийг олсон яах аргагүй мөн.

Гэтэл ийм хүнийг яагаад Путин ба түүний нөхөд эсэргүүцээд байдаг юм бэ? Яагаад сургуулийн хүүхдүүд гол төлөв дэмжээд, эцэг эхчүүд нь дэмждэггүй юм бэ? Яагаад Оросын хүн амын дийлэнх нь дэмждэггүй юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Юун түрүүнд Оросын эрх баригчдын эрээ цээргүй авир байдалтай тэмцдэг нь Навальный ганцаараа биш. Путины бий болгосон тогтолцоо, тэнд гарч байгаа нугалаа завхралыг Оросын коммунистуудаас эхлээд, Жириновскийн Либерал ардчилсан нам, Яблоко хүртэл янз бүрийн намууд бүгд шүүмжилж байгаа. Бүгд илчилж бүгд тодорхой хэлбэрээр идэвхтэй тэмцэж байгаа гэж болно. Тэр бүү хэл төр нь өөрөө авлигачдын эсрэг нэлээд идэвхтэй тэмцэл явуулж, сүүлийн 4 жил олон тооны төрийн өндөрлөгт шургалсан олон авлигачийг илрүүлж баривчилсан. Ийм нөхцөлд Оросын дотоодод бол Навальный нь Путиныг эсэргүүцэгч олон арван хөдөлгөөний нэгнийх нь удирдагч гэдгээс илүүгүй. Мэдээж хэрэг Навальныйг удирдаж байгаа хөдөлгөөн нь бусдаас илүү том, илүү бодит нөлөөтэй, гадаадаас илүү дэмжлэг авдаг. Ийм учраас Навальныйг АНУ, Европын холбоо онцлоод, сөрөг хүчний удирдагч гэж цоллоод байгаа болохоос албан ёсоор Оросын сөрөг хүчнийг бүхэлд нь удирдаад, бүгд түүнийг дагаж намираад байгаа зүйл огт байхгүй. Бодит байдал өрнөдийн хэвлэлүүд дээрхээс нэлээд ялгаатай.

Навальныйг өрнөдийнхөн яагаад онцлоод байна вэ? гэдгийг ойлгохын тулд Оросын сөрөг хүчин гэж ямаршуу зүйл байдгийг ойлгох хэрэгтэй.

Оросын сөрөг хүчин

Ямар ч төр, ямар ч засаглалын үед сөрөг хүчин гэж ил эсвэл далд хэлбэрээр ямагт оршиж байдаг жамтай. Оросын сөрөг хүчний удирдагч гэгдээд байгаа Навальный нь системийн бус буюу төлөөлөлгүй сөрөг хүчний нэг удирдагч юм. Яагаад системийн бус гэхээр Навальныйг дэмжигчид нь орон нутгийн болон улсын хэмжээний хууль тогтоох байгууллагад ямар нэг төлөөлөл байдаггүй учраас системийн бус буюу төлөөлөлгүй сөрөг хүчин юм. Төлөөлөлтэй сөрөг хүчин гэвэл Орост Коммунист нам, Справедливая Россия, Жириновскийн Либерал ардчилсан нам гэх мэт Төрийн дума, орон нутгийн думад төлөөлөлтэй намууд хэд хэд бий.

Цаашлаад системийн бус, төлөөлөлгүй сөрөг хүчин тул эсэргүүцлийн арга хэмжээ зохиолоо гэхэд өмөөрч хамгаалах гишүүн, албан тушаалтан нэг ч үгүй. Өмгөөлөл, нэр нөлөө байхгүй учраас арга хэмжээг нь санхүүжүүлээд хариу туслалцаа авна гэж найдалтгүй тул том компаниуд тэдэнд хандив тусламж үзүүлэхээс зайлсхийдэг. Ийм нөхцөлд аргагүйн эрхэнд гаднаас өмгөөлөл хамгаалал хайдаг, санхүүгийн тусламж хайдаг хүсдэг.

Тийм өмгөөлөл нь ч олдож, АНУ, Европын холбооны гишүүн орнууд, тэндхийн ТББ нь шууд ба далд байдлаар мөнгө төгрөгөөр тасралтгүй дэмждэг. Явсаар Оросын сөрөг хүчний дунд гадаадын санхүүжилтээр амь зогсоож, үйл ажиллагаа явуулдаг “либералуул” гэж нэршсэн өвөрмөц давхарга бий болсон. Эд бол Оросын гэсэн юм болгоныг шүүмжилж, үгүйсгэж Өрнөдийн гэсэн юм бүрийг сохроор магтаж байдгаараа онцлог өвөрмөц давхарга. Тэдний дийлэнх нь өндөр мэдлэг боловсролтой, дундаас дээш түвшний амьдралтай сэхээтнүүд бөгөөд жирийн иргэдийг хар масс гээд Путинээс илүү үзэн яддаг гэвэл хилсдэхгүй. Ийм хүмүүс Навальныйг дэмжээд байхаар жирийн иргэдийн дийлэнх нь дургүй байдаг нь ойлгомжтой.

Мөн Навальный мэт хүмүүсийн удирддаг гаднаас тусламж дэмжлэг авдаг төлөөлөлгүй сөрөг хүчний хөдөлгөөнүүд нь гадаад улсын төлөөлөл буюу “Иностранный агент” гэсэн тодорхойлолт авч, хаанаас хэдий хэмжээний мөнгө авсан, түүгээрээ юу хийсэн, юу хийх гэж байгаа зэргээ байнга тайлагнаж, илтгэж байх ёстой болсон. Үүнээс болоод дийлэнх иргэдийн дунд буюу масс олны өмнө нэр муутай, “барууны тагнуул” гэж чичлүүлдэг.

Навальныйг рублиэр хандив авдаггүй, хамгаалалт, нууцлал сайтайгаар нь биткоиноор хандив авдаг гэж ярьдаг. Биткоины гүйлгээ нь далд тул хэнээс хэдийд хэчнээнийг хандив болгож авсныг рубль шиг цаг тутам хянаад явах боломжгүй. Энэ бол Навальныйд эргэлзэх, хардах бас нэг шалтгаан болж өгдөг байна.

Навальный нь ард түмнээс биткоиноор авсан мөнгөөр хөдөлгөөнөө санхүүжүүлдэг, эгэл даруу гэж өөрийг харуулахыг хүсдэг. Гэвч гадаад гарах бүрдээ хамгийн үнэтэй зочид буудалд бууж, үнэтэй зоогийн газар хоол идэж, тэр тухайгаа зураг хөргөө олон нийтийн сүлжээнд байршуулж дуулиан тарьдаг. Нөгөө даруугийн туйл болсон хүн нь олны хандиваар тансаглаад явна гэж шүүмжлүүлдэг.

Өөрөөр хэлбэл Путины хүмүүсээс ялгарах зүйл огт байхгүй гэсэн ойлголтыг хүн амын дийлэнхэд төрүүлдэг. Цаашлаад гадаадад гарах бүрдээ Оросыг үзэн ядагчидтай уулзаж, тэдэнтэй зөвлөлдөж ярилцдаг гэвэл хилсдэхгүй. Путины дэглэмийг гэхээс илүүтэйгээр Оросын нөлөөг хязгаарлахыг хүсдэг, Оросыг тууштай эсэргүүцэгч гадаадынхантай уулздаг учраас мөн л дийлэнх иргэдийн дунд нэр муутай. АНУ, Европын холбооны гишүүн орнууд ОХУ-д хайртай, Оросыг хөгжүүлэхийг л хүсдэг гэсэн ярианд өдгөө итгэдэг хүн асар цөөн болсон тул тэдэнтэй хийсэн уулзалт болгон нь дэмжигчдийн тоог цөөлж байдаг.

Дотоод бодлогын хувьд ийм бол гадаад бодлого дээр биткоиноор хэнээс нь мэдэгдэхгүй авсан тэр их мөнгөн дэмжлэгийг хариуг өгөх хэрэг гарна гэдэгт хүмүүс эмээдэг юм байна. Өөрөөр хэлбэл Навальный Ерөнхийлөгч болбол спонсоруудаа баярлуулах гээд Оросын гадаад бодлогыг сүйрүүлнэ гэж эмээдэг.

Жишээлбэл, Навальный нь гадна дотоодын зах зээлийг монополуудаас чөлөөлж,улсын оролцоог чинээнд нь тултал багасгана гэдэг. Энэ бол “Газпром”, “РЖД” гэх мэт нүсэр компаниудыг олон хувааж хувьчилна гэсэн үг. Харин хувьчлал буюу “приватизация” гэдэг үг нь олон сая орос хүмүүсийн хувьд Ельцины үед хийгдсэн аймшигтай луйврын нэр, Орос орны баялгийг зүгээр авч тэрбумтнууд төрсөн үйл явцын нэр юм. Дэр нь Оросын төрийн тэжээж байгаа гол тэжээгч компаниудаа хувьчлахаар цаашаа яах вэ гэдэг нь тодорхойгүй.

Навальный нь Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөхөөр бэлдэх явцдаа гадаад бодлогын хөтөлбөрөө танилцуулж байв. Тэндээ АНУ ба Европын холбоотой найрсаг харилцаагаа сэргээх гэж заасан байсан.

Үүний тулд Навальный нь нэг зүйлийг зүйлийг заавал хийх ёстой болж байгаа юм. Тэр нь Украйны асуудал. Крымийн хойгийг Украйнд эргүүлж өгөх явдал. Тэрээр хөтөлбөртөө “Крымийн хойгийн асуудлыг нутгийн уугуул оршин суугчдад ашигтайгаар хуулийн хүрээнд шийдэх” гэж заасан байсан. Үүнийг туйлын ойлгомжгүй мэдэгдэл гэж болно. Крымийн татаруудаас асуугаад болох юм уу эсвэл тэнд байгаа украйн хүмүүсээс асуух юм уу ойлгомжгүй. Ямар ч байлаа гээд Европын холбоо, АНУ нь Крымийг Украйнд буцаан өгсөн нөхцөлд л бүгдийг хууль ёсны дагуу боллоо гэж үзнэ. Үүнийг дагаад асар их нөхөн төлбөрийн асуудал гарч ирнэ гэж олон хүн болгоомжилж байгаа.

Дараа нь Навальный нь  “Хилийн чанадад байгаа дарангуйлагч болон ирээдүйтэй дэглэмүүдийг дэмжихээ зогсооно” гэж заасан байсан. Энэ бол Сирид байгуулсан цэргийн баазаа татан буулгаж, цэргээ татаад Куба, Венесуэлээс эхлээд Хойд Солонгос, Иран гэсэн олон улс орноос дипломат харилцаагаа таслан АНУ, Европын холбооны амыг хардаг номхон хүлцэнгүй гуравдагч улсын зиндаанд хүрч доошилно гэж үзэх хүн дийлэнх олонх байгаа.

Жишээлэхэд, Беларуст гэхэд л Навальный Ерөнхийлөгч болоод Лукашенког дэмжихээ болино гэвэл Беларуст зээлдүүлсэн олон тэрбум доллароо буцаана авч чадахгүй болно гэсэн үг гэж олон хүн үзэж байна.

Товчхондоо бол 2000 оноос хойш гадаад бодлогын салбарт Путины хийж ирсэн юм болгоныг татан буулгаж, хүчингүй болгоод Ельцины үеийн байдалд эргэн орно олон сая хүн эмээж, болгоомжилж байна.

Цаашлаад “Дундад Азийн орнуудад визийн горимд оруулна” гэж заасан байсан нь Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан, Туркмен зэрэг улсууд дах нөлөөгөө эрс хумьж, Хятадад найр тавин өгч байгаа хэрэг юм. Ингэснээр Европт ч тэр, Азид ч тэр ямар ч нөлөөгүй, зөвхөн дотоодын асуудлаас өөр юу ч сонирхдоггүй улс болж хувиргах гэж байна гэж Оросууд эмээж байгаа учраас 25-30-аас дээш насныхан нь Навальныйг дэмжихгүй байгаа юм байна.

Ийм учраас Путин болон түүнийг дэмжигчид нь түүнээс тун ихээр болгоомжилж байдаг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 минутын өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 35 минутын өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 44 минутын өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 57 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 1 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 1 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 18 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 18 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 19 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 20 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 21 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 21 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 21 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 22 цагийн өмнө