АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг боловсруулах үйлдвэрүүдээс авч эхэлсэнээс хойш татварын дарамтад орж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байна. Дархан-Уул аймагт төмрийн хүдэр боловсруулж нэмүү өртөг шингээдэг 10 гаруй үйлдвэрүүд бүгд зогссон. Хамгийн эхнийх нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулж чадаагүй сүүлийнх нь гурван сарын өмнөөс тэг зогсолт хийж ажилчдадаа цалин өгч чадахгүй мөн сул зогсолтын мөнгө нийгмийн даатгалыг олгох боломжгүй болжээ. АМНАТ-ийн татвар нь 10 гаруй компаниудад 1 тэрбумаас 3.4 тэрбум төгрөгийн төлбөр боловсруулах үйлдвэрүүдэд тавигджээ.
АМНАТ-ийн давхардлыг арилгах, 10 гаруй үйлдвэрийн 2000 орчим ажлын байр түүний цаана буй 6000-8000 хүний амьдрал хүндхэн байгааг онцолж Ерөнхийлөгчид хандлаа. Захидалд
Эрхэм хүндэт монгол улсын ерөнхийлөгч у.хүрэлсүх таний энэ өдрийн мэндийг эрье!
Манай компани нь сүүлийн 2 жилийн турш дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахал COVID-19 өвчний үед үйлдвэрлэлээ нэг ч өдөр зогсоохгүй, нэг ч ажлын байр цомхотголгүйгээр 300-аад бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ эрүүл чийрэг байлгаж, ажилгүй, орлогогүй болгохгүй байх тал дээр маш их хичээл зүтгэл гарган, олон олон хүндрэл бэрхшээлүүдийг тэднийхээ хамтаар сэтгэл зүтгэл, эрч хүчээр түүчээлэн даван туулж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн.
Гэтэл сүүлийн өдрүүдэд шинээр үүсч бий болоод байгаа хүндрэлтэй нөхцөл байдлууд болох цар тахлын олон хувилбарт дэгдэлт, урд хөршийн хил гаалийн асуудал, төмөр замын тээвэрлэлтийн хүрэлцээ хангамж муу, гадаад зах зээл дээрх үнийн огцом уналт, АМНАТ-ын буруу бодлого зэрэг нь биднийг цаашид үйл ажиллагаа явуулахад ямар ч боломжгүй туйлдал үүсгээд байна.
Бид үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүдрийг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-тай гэрээ байгуулан Төмөртэй, Төмөр толгойн уурхайнуудаас "уурхайн ам" - ны нөхцлөөр худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ БНХАУ-руу экспортод гаргадаг.
Манай компани 2020 онд л гэхэд 98,8 мян.тн төмрийн хүдрийн нойтон баяжмал боловсруулан 89,8 мян.тн төмрийн хүдрийн хорголжин баяжмал үйлдвэрлэж экспортод гаргаснаар орон нутгийн төсөвт 49,3 сая төгрөг, АМНАТ-т төлөхөөр тооцсон 2,2 тэрбум төгрөг, НДШ–д 104,6 сая төгрөг, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгч 90 гаруй хүнээс үйлдвэрийн хэрэгцээнд хөдөлмөр хамгаалал, хангамжийн материал, тос тосолгооны материал, бичиг хэргийн материал, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хоол, хүнсний материал нийтдээ 670,4 сая төгрөгийн худалдан авалт хийж үйлдвэрийн өргөтгөл шинэ бүтээн байгуулалтад 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Төрөөс Уул уурхайн ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргахаас аль болох татгалзаж, боловсруулж нэмүү өртөг шингээсэн, ажлын байрыг олноор бий болгосон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихээ илэрхийлж ирсэн.
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО” /2014-2025 он/-ын бичиг баримтын 3.4.3-т эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих; 3.4.5-д төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, 3.7.10-т ашигт малтмалыг түүхий хэлбэрээр экспортлох явдлыг үе шаттайгаар бууруулж, нэмүү өртөг шингэсэн, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; гэж тодорхой зааж өгсөн болов ч энэхүү заалтууд нь хэрэгжихгүй, тунхагын шинж чанартай байсаар байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ-ууд нь ашигт малтмалыг хүнд машин механизм ашиглан өртөг зардал, ажиллах боловсон хүчний болон нэмэлт өртөг зардал багатай 2 хон шат дамжлагаар хуурай аргаар баяжуулан түүхийгээр нь гадаад руу экспортолж байхад манайх шиг боловсруулах үйлдвэрүүд тэдний гологдол болсон экспортод гарах шаардлага хангахгүй бага төмрийн агуулагатай, соронзон чанар муутай, хүхэр өндөртэй ядуу төмрийн хүдрийн баяжмалыг нь өндөр үнээр худалдан авч тээврийн зардал, үйлдвэрлэлийн зардал, ажиллах хүчний зардал, татвар хураамж, туслах түүхий эд материалийн зардал шингээж 8-9 шат дамжлага дамжуулан боловсруулж төмрийн агууламж чанарыг дээшлүүлэн /худалдан авсан төмрийн хүдрийн 30-35 хувь нь ямар ч хэрэгцээгүй хаягдал шороо болон үлддэг/ бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж борлуулдаг.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын хөгжлийн үндсэн суурь болж байгаа цаашид ч чухал байр сууриа эзлэх ёстой. Улс эх орноо хөгжүүлэх, Дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн ашигладаг. Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаа нэмүү өртөг шингээхгүй, баяжуулж, боловсруулалгүйгээр экспортлосоор байгаа нь асар их боломжоо алдсаар байна. Энэ боломж дотор ажилгүйдэл, ядуурал, гадаад валютын орох урсгал, улс орон нутгийн төсөв бүрдүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын хэрэглээ гээд олон юм багтаж байгаа.
Манай улс Байгалийн баялагаа өдөр шөнөгүй гадагш нь урсгасаар байна. Эдгээр ашигт малтмалынхаа 5 хүрэхгүй хувийг боловсруулж баяжуулдаг. Бидэнд баяжуулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргавал маш их нөөц боломж байна. Дотоодын экспортын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй, өрсөлдөх чадварыг бууруулсан, ажлын байрыг үгүй болгож, ядуурлыг нэмэгдүүлсэн, валютыг эх орондоо оруулж ирэх алтан боломжоо алдсан татварын бодлого явуулж буй алдаагаа яаралтай засах хэрэгтэй байна.
Байгалийн баялагийг маань түүхийгээр нь гадаадын компани худалдан аваад шууд экспортлоход Монгол улсад нэмүү өртөг үүсэхгүй, ажлын байр нэмэгдэхгүй бусад олон төрлийн татвар, төлбөр, хураамжууд төлөгдөхгүй, хилийн чанадад гарангуут боловсруулалт баяжуулалт хийгдээд бидний олох ашиг гадаад улс орон, компаниудыг хөгжүүлж, тэр улсад татварын орлого болсоор байх уу? Манай компаниуд ийм Монгол нэртэй, гадаад эзэнтэй, байгалийн баялагийг дамжуулан борлуулдаг цүнхний компаниудтай өрсөлдөх ямар ч боломжгүй юм.
Зөвхөн манай компаний хувьд л гэхэд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгч 90 гаруй иргэдээс үйлдвэрийн хэрэгцээнд хөдөлмөр хамгаалал, хангамжийн материал, тос тосолгооны материал, бичиг хэргийн материал, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хоол, хүнсний материал худалдан авч 80 гаруй хүнд даацын авто машины жолооч нартай гэрээ байгуулан хамтран ажилладаг бөгөөд үйлдвэрийн 300-аад ажиллагсадтай нийлээд 450-500 ажиллагсад тэдний ар гэр нийлээд 2500 орчим хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр, нийгмийн баталгаа нь манай үйлдвэртэй шууд холбоотой болсон байна.
Олон улсын зах зээлийн жишиг үнэ бодит гэрээний үнээс 0.5-2.5 дахин өндөр байна. Компаниудын олоогүй орлогод АМНАТ ногдуулах /1 тн 92 ам.доллараар гэрээ хийсэн байхад олон улсын зах зээлийн үнэ 2021 оны 8, 11 дүгээр сарын зарласан үнэ 162 ам.доллараар тооцсон/ мөн дагалдах металлын АМНАТ нэмж төлөхийг шаардаж байгаа нь экспортлогч компаниудын өрсөлдөх чадварыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар Монгол улсын баяжуулах, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах боломжгүй болгоод цаашид хүнд үйлдвэрлэлийн салбар ч хөгжих боломжгүй болоод байна.
АМНАТ-ийн буруу бодлогоос үүссэн сөрөг үр дагавар:
Ажиллах тусам алдагдал нэмэгдэх тул бидэнтэй адилхан боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон, зогсоохоос ч өөр аргагүй болсон.
2021 оны 11 дүгээр сарын байдлаар Татварын Ерөнхий Газраас зөвхөн манай компанид 3,4 тэр бум төгрөгийн АМНАТ ноогдуулж, дансыг маань битүүмжлэн үл маргах шугамаар авах мэдэгдэл ирүүлээд байна.
Бид гадаад зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн огцом уналт, татварын буруу бодлого зэргээс шалтгаалан энэхүү үндэслэлгүй тогтоосон АМНАТ-ын төлбөрийг төлөх нь битгий хэл бусад төрлийн татвар хураамжууд, ажиллагсадынхаа сүүлийн 2 сарын цалинг ч төлөх мөнгөгүй зогсоод байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН 30 дахь их хурал дээр
Манай УИХ, Засгийн газарт алдсан алдаагаа засч, компаниудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ажлын байр болон экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломж маш их байгаа. Ингэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүн олборлолт, ашиглалтын тусгай /А/ лицензгүй боловсруулах үйлдвэрүүдээс авдаг АМНАТ-ийг тэглэх хууль гаргаж, өмнө нь үндэслэлгүй ноогдуулсан АМНАТ-ийг өршөөлийн хууль батлах замаар хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай байгаа тул танийг манай салбарын зовлон бэрхшээлийг хүлээн авч хууль санаачлан энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.ЭРДЭНЭБАЯР
Сэтгэгдэл (18)