Н.Мандуул: "Самурай" бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой

О.Шүрэнцэцэг
2022/06/23

 -Хөгжлийн банк тойрсон асуудал иргэдийн анхаарлыг татаж, маш их асуулт хариулт нэхэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш хэдий хэмжээний зээл гаргаж, хэдий хэмжээний зээл нь төлөгдсөн бэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 9.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж, түүнээсээ 7.1 их наяд төгрөгийг буцаан зээл болгож гаргасан. Нийт 11 жилийн хугацаанд Хөгжлийн банк 7.5 их наяд төгрөгийн дүнтэй 3000 орчим төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, үүний гуравны хоёр орчим нь буцаан төлөгдсөн буюу хаагдсан байдаг. Одоогоор хүүг нь нийлүүлж тооцвол 3.1 их наяд төгрөгийн зээлийн актив байна.

Анх 1-р сарын 20-нд Хөгжлийн банкны нөхцөл байдлыг нийтэд зарласнаас хойш хэдхэн сарын хугацаанд чамлахааргүй ахиц гарсан. Зээл төлүүлэх арга хэмжээ он гарснаас хойш идэвхжиж, одоогийн байдлаар 274 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ. Бид үүнийг Төрийн сангийн Монголбанкан дахь тусгай дансанд төвлөрүүлж байгаа.

Чанаргүй зээлийг базаад хэлэхэд Төрийн өмчит компани 31 хувь, Хувийн хэвшил 53 хувь, Хөтөл буюу Кью Эс Си 16 хувь байна.

- Төрийн өмчит компани дангаараа 31 хувь байна. Гэтэл эргэн төлөлт нь найман хувь гэсэн байсан. Ямар шалтгаантай вэ?

-Нийт чанаргүй зээлийн гуравны нэг нь Төрийн өмчит компаниуд дээр байгаа, үүнийг эргэн төлүүлэхгүйгээр манай банкны цаашдын ирээдүйн талаар ярихад ихээхэн бүрхэг. Төрийн өмчит компаниудын зээл гэдэг нь товчхондоо өнгөрсөн найм, есөн жилийн хугацаанд гарсан улс төр, нийгмийн шинжтэй Засгийн газрын шийдвэрүүдийг санхүүжүүлсэн байдаг.

-Хамгийн их өртэй нь ТОСК. 170 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн яваа. Төсөл нь амжилттай хэрэгжсэн боловч хаана энд алдаа гарав?

-ТОСК төрийн өмчит компани. Найман жилийн өмнө Буянт ухаа 1,2, болон аймаг бүрд барих 1000 айлын орон сууц барих төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх болж, хоёр жилийн хугацаанд 100 орчим сая ам.доллар гаргасан. Гэхдээ тухайн үед төслүүдийг Засгийн газраас арилжааны шинж чанартай бус нийгмийн шинж чанартай болгож хувиргаснаар гэрээний нөхцөлүүд өөрчлөгдөөд эхэлж байх жишээтэй. Борлуулахаар төлөвлөсөн орон сууцыг түрээсийн болгож өөрчлөх, метр квадратын үнийг хэт бага дээр хатуу барих гэх мэт. Жишээ нь 50 метр квадрат айл гэхэд сард 300 мянган төгрөг буюу зах зээлийн ханшаас хэд дахин бага мөнгө төлнө. ТОСК нь жилдээ 5 тэрбум төгрөгийн орлого олдог ч зээлийн үлдэгдэл дээр хүү маань жилийн 14 тэрбум төгрөг болчихдог, зээлээ төлье гэсэн ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо 177 тэрбум төгрөгийн хуримтлагдаад байдаг. Үүнийг зохицуулахад Засгийн газрын дорвитой шийдлүүд хэрэгтэй болов уу.

-Засгийн газрын түвшинд нэлээд анхаарч эхэлж байна уу гэж харсан

-Тийм ээ. Засгийн газрын хурлаар ойр ойрхон төрийн өмчит компаниудын зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Сая гарсан шийдвэр гэхэд нэлээд том, өргөн цар хүрээг хамрах хэмжээнд буюу төрийн өмчит компаниуд руу чиглэсэн. Хамгийн их өртэй байгаа ТОСК өөрийн гэсэн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө баталгаажсан үнэт цаас гаргаж, улмаар манай банканд эзэмшүүлэх зэрэг кейс болгон дээр ийм ялгаатай шийдвэр гаргаад байна.

-“Эрдэнэс Монгол” компанийн өрийн асуудал яригдаж байна. Нүүрс тээврийн гол замтай холбоотой өрийн үлдэгдэл маш ихээр хуримтлагдсан байсан. Үүнд хариулт авъя.

-2014 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг “Эрдэнэс Монгол” компанид эзэмшүүлсэн юм билээ. Тухайн замын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж одоогийн байдлаар 154 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй яваа. Гэхдээ аль 2014 онд замын хураамж тонн тутам 3200 төгрөг гэж тогтоосон тарифыг огт өөрчлөөгүй. Эрдэнэс Монгол болохоор “замын хураамжийн тариф хэдийгээр өсөөгүй ч өнгөрсөн хугацаанд замын хураамжаас 340 тэрбум төгрөгийн орлого олсон байдаг” гэхдээ зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

-Одоо “Эрдэнэс Монгол”-ын энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н төрд ногдох ногдол ашгаар төлөх юм байна гэж ойлгосон.

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн 85 хувийг “Эрдэнэс Монгол”, үлдсэн 15 хувийг нь иргэд 1072 хувьцаагаараа дамжуулж эзэмшиж байгаа. Иргэдэд ногдох 15 хувийн ногдол ашгийг 2019 онд тараасан, харин төрд ногдох 85 хувийн ногдол ашиг төлөгдөөгүй үлдсэн. Үүнийгээ л “Эрдэнэс Монгол” аваад Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрөө төлөх шийдвэр гарч байгаа юм. Иргэдийн 1072 хувьцаатай  огт холбоогүй.  

-Танай банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуулт байна? тэр тусмаа хүний нөөцийн талаар?

-Зөвхөн төр, Засгийн газрын шийдвэр гэдэг ч юм уу эсвэл тухайн үеийн ТУЗ, Гүйцэтгэх захирлыг энд буруутгахаас гадна дотоод зохион байгуулалт, тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс хариуцлага алдсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ бүгдийг нь харлуулж болохгүй. Одоогийн байдлаар нэлээд орон тоо багатайгаар, гол нь зээлийн эргэн төлөлт дээрээ бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Зээлийн асуудалд маш олон улстөрчид, нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын зарим нэр бүхий гишүүд хүртэл нэр холбогдсон. Нэг компани гэхэд л нийт зээлийн 16 хувийг дангаар эзэлж байна. Танай энэ хүндхэн байгаа нөхцөлд дэмжлэг үзүүлэх тал дээр УИХ, Засгийн газар хэрхэн оролцож байна вэ?

-Хөтөл, Кью Эс Си нийт 521,1 тэрбум төгрөгийн зээлтэй. 2022 оны 1-р сарын 20-ноос хойш нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна. Энэ 2 газрын өр нийт чанаргүй зээлийн 16%-д бүрдүүлдэг. ЗГ-тай тус компаниуд хэлцэлд орж байгаа гэх мэдээ бий. Үүнээс тодорхой зээлийн асуудал шийдэгдэнэ гэх хүлээлттэй байна.

ЗГ маш сайн дэмжин ажиллаж байгаа. Зээлээ төлүүл гэдэг тодорхой чиглэл өгч УИХ, Засгийн газраас нэлээд нухацтай хандаж байгаа, үр дүнд ч хүрнэ гэж харж байна.

-Хууль, хяналтын байгууллага ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Гурван төрлийн хариуцлагын асуудал яригдана. Бизнесийн болон ёс зүйн хариуцлагыг бид зээлдэгч нартайгаа уулзаад, хангуулах гээд ажиллаж байна. Харин зээл олголт, энэ бүх процесс дээр гэмт хэргийн шинж чанартай зүйл гарсан уу гэдгийг банк тогтоох субьект нь биш. Бид гэхдээ АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар, Прокурорт бүх мэдээллийг нь гаргаж өгч байгаа. Одоогийн байдлаар АТГ дээр 32 хэрэг шалгагдаж байгаа юм байна. Хууль, хяналтын байгууллагын зүгээс томоохон ажлын хэсэг гаргаад, анхаарал хандуулсны үр дүнд манай банкны зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа. Банкны зүгээс бол гэрээний хэрэгжилтийг хангуулах үүднээс найдваргүй болсон зээлтэй холбоотойгоор иргэний шүүхэд ханддаг. Одоогоор 30 хэрэг Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна.

-30 хэрэг нь хэчнээн төгрөгийн асуудал вэ?

-1.3 их наяд төгрөг орчим болоод явж байна. Гэхдээ бүгдийг нь шүүхээр бид шийдэхгүй. Шүүхийн процесс тэнд яваа ч бид нар зээлдэгч нартайгаа харилцаад, уян хатан, хурдан шийдэх өөр боломж, гарц дээр бас эрэл хайгуул хийж байгаа. Ядаж зарим төсөл нь амилчих боломж бас харагдаж байгаа...

-Цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа амжилт хүсье

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.41
2022/06/24
0
0
ЭНЭ НЭГ ДҮНХҮҮ ЮМ ҮР ДҮН ГАРГАХГҮЙДЭЭ
Хариулах
64.119.20.41
2022/06/23
0
0
2014 оноос хойш зарагдсан ланд200 болгоныг хураахад л их юм босно доо.. 5600 ш ийг талх шиг зараа биз дэ.. АТГ ецг ёстой л хамаатуулж шалгах ёстой шүүү !!!$
Хариулах
202.131.251.66
2022/06/23
0
0
Лалар үүлэн үст хотын дарга байхдаа ТОСК тонон мөлжиж одоо гэгээнтний дүрээр лалартаад явж байна новшнуудыг шоронд нь хатаах хэрэгтэй үхэж хэвтсэн алуурчин дээрэмчид
Хариулах
66.181.188.75
2022/06/23
0
0
Энэ банкыг яагаад байлгаад байдгын, Цаашдаа идэж уух гээд байлгаад байдгымуу
Хариулах
Шинэ мэдээ
БГД-ийн 19,20-р хороог холбосон автозам төмөр замын гарам дээр тулаад гацжээ 6 цагийн өмнө
Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болгожээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Судалгаагаар “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэсэн үр дүн гарсан, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно 7 цагийн өмнө
Нохой, муурыг хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх хуулийн төсөл санаачлав 7 цагийн өмнө
Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсжээ 8 цагийн өмнө
АИ-92 автобензиний 22 хоногийн хэвийн нөөцтэй байна 9 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай уулзав 9 цагийн өмнө
ХНХЯ: Нэн ядуу 1500 өрхийн нэг гишүүнийг үсчнээр сургаж, ядуурлаас гаргана 10 цагийн өмнө
“Юнеско”-ын тайзнаа “Нүүдэлчдийн домог” тоглолт болов 10 цагийн өмнө
Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг арванхоёрдугаар сард гаргана 10 цагийн өмнө
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна 10 цагийн өмнө
Сүүлийн 10 хоногт ОХУ-ын 5001 иргэн хилээр нэвтэрчээ 11 цагийн өмнө
МБА: “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 11 цагийн өмнө
Б.Баатархүү: ОХУ, МУ-ын иргэд архи уухад хамт байсан МУ-ын хоёр иргэнийг хамт шалгаж байна 11 цагийн өмнө
"CEO RADAR" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна 11 цагийн өмнө
“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид, УИХ-ын даргад шаардлага хүргэж, АТГ-т хандана 11 цагийн өмнө
АТГ-аас “Багануур” ХК-ийн албан тушаалтнуудын хахууль авдаг гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ 12 цагийн өмнө
ЦЕГ: Монгол залуугийн биед халдсан ОХУ-ын иргэнийг цагдан хорьсон 13 цагийн өмнө
Гал сөнөөгчид "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцохоор Узбeкстан улсыг зорилоо 13 цагийн өмнө
Б.Солонгоо: ОХУ-ын иргэд виз мэдүүлээд хуулийн хүрээнд манай улсад зорчих, түр байрлах эрхтэй 13 цагийн өмнө