2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан Ц.Цэрэнпунцаг гишүүнийг онцолж байна.
Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.
Ц.Цэрэнпунцаг 2020 оны УИХ-ын сонгуулийн IX тойрог, Завхан аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогчдын 49.63 хувийн /18,828 санал/ дэмжлэгээр тэргүүлжээ. Тэрбээр энэ үед үндэсний хэмжээний хэд, хэдэн групп компанийг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгочихсон том бизнесмэн болоод байв.
Ц.Цэрэнпунцаг гишүүнд бизнесмэний хувьд ч, улстөрчийн хувьд ч “Хамгийн эх оронч” гэж гэсэн тодотгол зохихоор санагддаг. Энхийн цаг ажил хөдөлмөр хийж, эх орныхоо төлөө зүгээр суулгүй хөдөлмөрлөж байгаа хүн бүр л эх оронч. Гэхдээ Ц.Цэрэнпунцагийг “Эх оронч” гэж тодотгох шалтгаанууд бий.
Улс төрд орохоосоо өмнө эрхэлж байсан бизнес, эхлүүлсэн үйл хэрэг нь улс орны жигд хөгжлийг хангах зорилготой, хөдөө орон нутаг руу чиглэж байв. “Жи мобайл” үүрэн телефоны оператор компани нь сүлжээн дотроо үнэгүй ярих жишгийг анх нэвтрүүлж, малчин тариаланчдыг хэл залгуулсан бол “Ddish TV” ХХК үзэх юмтай болгосон. Сүүлд байгуулсан “Хужирт тур” ХХК нь мөн рашаан усыг аялал жуулчлалын нэг брэнд болох эхлэлийг тавьсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Түүнийг “Уул уурхайн лиценз эзэмшдэг” гэж өөлөхийг оролддог. Гэтэл цагтаа “MCS” групп гадаадын хөрөнгийн биржээс босгосон 600 сая ам.долларынхоо 464,5 саяар нь “QGX Holdings” компаниас Баруун Нарангийн нүүрсний ордыг авчхаад “Бид харьд алдагдсан бүх лицензээ энэ маягаар буцааж үндэсний компанид цуглуулна” гэж зарлахад бүгд алга ташиж байсан шүү дээ. Тэр “QGX Holdings” нь монголчуудын сайн мэдэх Роберт Куок хэмээх тэрбумтны компани бөгөөд Баруун Нарангийн ордыг хоёр гуравхан жилийн өмнө 200 гаруйхан сая ам.долараар авсан байдаг ч бил үү. Ц.Цэрэнпунцаг харин “Аспайр майнинг” компанийн хувьцааг 2018 оноос эхэлж хөрөнгийн биржээс авч 52 хувь хүртэл нь цуглуулсан гэдэг.
Ер нь, Монголын уул уурхайд тоглогч болж орж ирж байгаа компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалддаг болох, монголчууд хувьцаа эзэмшдэг болгох нь Монгол төрийн бодлого бөгөөд үе шаттайгаар хийгдээд явж байгаа ажил. Монголын төр буруу бодлого боловсруулна гэж юу байх вэ дээ. Монголын баялаг дэлхийг тэжээгээд, монголчуудыг тэжээхгүй гэвэл тэр л харийн бодлого болж таарах байх. Манайхан гадаадын компанид ашигт малтмалын лиценз өгч болдог, дотоодын компанид болохоор болохгүй мэтээр ярьдаг. Энэ ойлголтоо одоо засах цаг болсон.
Эрх мэдлээ ашиглаж, цүнхний лиценз авсан биш, хөрөнгийн бирж дээр гарч, нөөц нь жорк буюу барууныхны хүлээн зөвшөөрөгддөг стандартаар баталгаажчихсан компанийн хувьцааг цуглуулсан нь цэвэрхэн.
Тэрбээр УИХ-ын гишүүн болоод хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх боломжийг эрэлхийлж, хууль эрхзүйн орчныг шинээр бүрдүүлэх, шинэчилж сайжруулахад идэвхтэй оролцож ирсэн. Ингэхдээ иргэд буюу малчдыг эдийн засгийн харилцаанд шууд оролцуулах боломж бүрдүүлэхэд анхаарч байлаа. Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэх үед “Хууль боловсруулахдаа бодит амьдралтай уялдуулах хэрэгтэй. Нүүдлийн соёлыг авч яваа иргэдээ энэ салбарт оролцуулах агуулгатай хууль батална” гэж хэлж байв.
Эдийн засгийн салбарт эрс шинэчлэлийн шинжтэй хуулийн төслүүд 2019 оноос УИХ-аар батлагдаж эхэлсэн байдаг. Ц.Цэрэнпунцаг гишүүн 2022 онд Эдийн засгийн байнгын хороог даргалах болсноосоо хойш эдийн засгийн агуулгатай том хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж ирсэн. Тэдгээрээс Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалжээ. Энэ хуулиуд ойрын ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэх учиртай.
Гишүүнийг эх оронч гэж тодтгох бас нэг учиг нь Баруун бүсийн Тосонцэнгэлд 30 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хувийн хөрөнгөөр барьж байгуулж буй явдал. Энэ жил эхний 18 мВт, 2026 онд 12 мВт-ын хүчин чадалтай блокийг ашиглалтад оруулах энэ бүтээн байгуулалт яагаад эх оронч вэ гэдгийг мэдүүлэхийн тулд гэхдээ жаахан тайлбар хийх болно.
Улс орны эдийн засгийн хөгжил техник, тоног төхөөрөмжийн бий болгодог хөдөлмөрийн бүтээмжид тулгуурлаж явагддаг бөгөөд энэ бүхний суурь нь эрчим хүчний хангамж байдаг. Тэр ч утгаараа эрчим хүчний салбарын хөгжил эдийн засгийн хөгжлөөсөө түрүүлж явдаг, ирэх жил нь эдийн засгаа 10 хувь өсгөе гэвэл өмнөх жилд нь эрчим хүчний үйлдвэрлэлээ 10-15 хувиар өсгөх байдлаар ажилладаг байна.
Харин манай улсын хувьд, 1984 оноос хойш эрчим хүчний том эх үүсвэр нэмж бариагүй, нийт хэрэглээнийхээ 25 орчим хувийг импортоор авдаг тул аж үйлдвэр хөгжүүлэх боломжгүй байсан. Баруун бүсэд импортын хэрэглээ 70 хувьд хүрдэг тул яг бодит байдал дээр хөгжлийн талаар мөрөөдөх ч боломжгүй байв.
Улс хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан энэ байсан ч төдийлөн ярилгүй явж ирсэн нь эрчим хүчний салбарын хөгжлийг саатуулагч нь төр өөрөө байсантай холбоотой.
Эрчим хүчний үнийг эх үүсвэрүүдэд ашиггүй, хямд хэмжээнд хүчээр барьснаараа хувийн хэвшлийг энэ салбарт орж ирэх боломжийг бүрэн хаасан, цаашид ч нээх магадлал асар бага нөхцөлд Ц.Цэрэнпунцаг гишүүн 130 тэрбум төгрөгийн өртөгтэй Тосонцэнгэлийн ДЦС-ын төслөө эхлүүлсэн байдаг.
Тэрбээр 2020 оны сонгуулийн өмнөх уулзалтуудад иргэд “Орон нутагтаа хөрөнгө оруулалт хийгээч” гэж хүссэний дагуу “Завхандаа томоохон бүтээн байгуулалт хийе” гэж шийдээд ДЦС дээр тогтсон юм билээ.
Улс орны хөгжлийн гол тулгуур, эдийн засгаа өсгөх, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, цаашлаад үндэстнийхээ тусгаар тогтнолын баталгааг хангахын тулд эрчим хүчний хараат байдлаасаа гарах хэрэгтэй гэсэн, маш ойлгомжтой боловч хэний ч хийж байгаагүй бодитой алхамыг тэр хийсэн. Эрчим хүчний тусгаар тогтнолыг баруун бүсэд амьдарч байгаа монголчуудад авчирч, хөгжлийн боломжийг нээхийг зорьсон.
Энэ станц ашиглалтад ороод ашиггүй ажиллана. Гэхдээ гаргасан эрчим хүчээр нь бүс нутагт үйлдвэрлэл хөгжиж, амьдралын чанар сайжирч, эцсийн эцэст Монгол Улсад, монголчуудад ашигтай тусна гэсэн гэсэн тооцоо л гишүүнийг тайвшруулж байгаа болов уу. Тэрнээс биш, эдийн засгийн хувьд яг одоогийн нөхцөлд хэрэгжүүлэгид өөрт нь ямар ч ашиггүй төсөл юм.
Мөнгөтэй, чадалтай бизнесмэнүүд Монголд олон бий. Бизнесүүд нийлж байгаад аймаг болгондоо нэг ДЦС барьчихад улсын хөгжил уг нь огт өөр болно. Гэсэн ч тэдний эх оронч үзэл нь ашиггүй салбарт хөрөнгө оруулах хэмжээнд хүрээгүйг бид харж байна. Харин Ц.Цэрэнпунцагт тэр сэтгэл байжээ.
Түүхий эд нь бэлэн ч эрчим хүчгүйгээс болоод хөлөө олж чадахгүй байсан мал аж ахуй, цагаан идээ, арьс шир, нэхий, сүү боловсруулах үйлдвэрүүд ирэх жилээс Баруун бүсэд олноороо байгуулагдана.
Дагаад бүтээгдэхүүнийг нь зах зээлд түргэн шуурхай нийлүүлэх шаардлага гарах нь ойлгомжтой. Энэ тал дээр Монголын төрд бодсон юм бий. Өдгөө Тосонцэнгэлийн хажуухнаар дайрах Арцсуурь-Шивээхүрэнгийн босоо тэнхлэгийн төмөр замын хөрөнгө оруулалтын гэрээ нь хийгдэж байгаа. Энэ давуу тал ч ДЦС барих газраар Тосонцэнгэлийг сонгоход нөлөөлсөн гэж өөрөө ярьсан.
Эхлүүлсэн бизнес нь хөгжил авчирдаг, ажилласан хууль нь хөрөнгө далладаг Ц.Цэрэнпунцаг гишүүн ийнхүүтөрөлх Завхан, цаашлаад баруун бүс нутгийн хөгжлийн ирээдүйг толгойдоо зураглачихаад урдах ажлаа шургуухан хийж явна.
Сэтгэгдэл (17)