Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон бусад байгууллагын хамтарсан ажлын баг гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалтад Гурвантэс, Ноён, Баяндалай, Сэврэй сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, туслан гүйцэтгэгч, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгч зэрэг нийт 37 объектыг хамруулжээ.
Шалгалтаар 270 өрөмдлөгийн цооногийг шалгахад 143 нь шаардлагын дагуу нөхөн сэргээгдсэн бол 127 цооногт нөхөн сэргээлт хийгдээгүй, аюулгүй байдлын тэмдэглэгээ байрлуулаагүй зөрчил илэрсэн байна. Үүний 126 нь “Энх тунх орчлон” ХХК-ийн уурхайн бүсэд хамаарчээ.
Нийт давхардсан тоогоор 432 зөрчил илэрснээс 212 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, 103 нь стандарт, хэмжил зүйн, 68 нь геологи, уул уурхай, газрын тосны, 49 нь байгаль орчны чиглэлээр бүртгэгдсэн байна.
Зөрчил гаргасан 32 аж ахуйн нэгжид 389 заалт бүхий 44 албан шаардлага хүргүүлж, улсын байцаагчийн актаар 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Мөн 30 зөрчлийг прокурорын нэгдсэн санд бүртгэн, 8 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн 2 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 4 байгууллагын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хэсэгчлэн түр зогсоожээ. Шалгалтын үеэр гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл илрүүлж, холбогдох материалыг шалгуулахаар шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна