COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ: МОНГОЛ УЛС БЭЛТГЭЛ АЖЛАА НЭГДСЭН УДИРДЛАГААР ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Монгол Улс зөвхөн асуудлыг хөндөн тавих бус, шийдлийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэн ажиллаж байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдана. Дэлхийн улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хувийн хэвшил, хүүхэд, залуучууд болон малчдын төлөөллийг нэгтгэх тус хурлын бэлтгэл ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Талуудын бага хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын 197 Талын бодлого, байр суурийг нэгтгэн, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн түвшний шийдвэр гаргадаг үндсэн механизм юм. COP17-ын үеэр газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал, усны нөөц, бэлчээрийн тогтвортой менежмент, хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг хэлэлцэнэ.
-COP17 ЯАГААД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА ВЭ?
Монгол Улсын газар зүй, уур амьсгалын онцлог, бэлчээрт түшиглэсэн нүүдлийн мал аж ахуй, цөлжилт, газрын доройтлын бодит нөлөөлөл нь дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг газар дээр нь харуулахын зэрэгцээ шийдлийн шинэ загвар дэвшүүлэх онцгой нөхцөлийг бүрдүүлдэг.
Монгол орны газар нутгийн ойролцоогоор 77 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, усны хомсдол нь малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистем, орон нутгийн хөгжилд шууд нөлөөлж байна. Иймээс COP17-ыг Монгол Улсад зохион байгуулах нь зөвхөн нэг улсын байгаль орчны асуудлыг танилцуулах бус, хуурай болон гандуу бүс нутгийн орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг дэлхийн бодлогын төвд авчрах ач холбогдолтой.
Түүнчлэн НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон тунхагласан нь Монгол Улсын бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, уламжлал, малчдын дасан зохицох туршлагыг олон улсад таниулах онцгой боломж болж байна.
ҮНДЭСНИЙ ХОРОО, 12 ДЭД ХОРОО, АЖЛЫН АЛБА ГЭСЭН БҮТЭЦТЭЙГЭЭР НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР АЖИЛЛАЖ БАЙНА
COP17-ын бэлтгэл ажлыг үндэсний хэмжээнд уялдуулан зохион байгуулах Үндэсний хороо, чиг үүргийн 12 дэд хороо түүний ажлын алба гэсэн бүтэцтэйгээр нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллаж байна. Дэд хороод нь бодлого, төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, өндөр түвшний зочид төлөөлөгчдийн оролцоо, бүртгэл, виз, аюулгүй байдал, дэд бүтэц, бүтээн байгуулалт, тээвэр, үйлчилгээ, хүнсний хангамж, зочид буудал, соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, Цэнхэр болон Ногоон бүсийн зохион байгуулалт зэрэг үндсэн чиглэлийг хариуцаж байна.
2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр COP17-ыг зохион байгуулах Ажлын албаны ээлжит “COPTIME” шуурхай хурлыг хурлын бүтээн байгуулалтын талбайд зохион байгууллаа. Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир даргалж, Ажлын алба болон 12 дэд хорооны төлөвлөгөө, ажлын явц, гүйцэтгэл, тулгамдсан асуудалтай танилцав.
Цаашид “COPTIME” хурлыг долоо хоног бүрийн бямба гарагт бүтээн байгуулалтын талбайд зохион байгуулж, дэд хороо бүр ажлын төлөвлөгөө, биелэлтээ долоо хоногоор тооцон, хугацаатай ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар 12 дэд хорооны ажлын төлөвлөгөөний биелэлт 21–98 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийн хувь харьцангуй бага байгаа зарим дэд хорооны ажил нь бүтээн байгуулалт дууссаны дараа эхлэх үе шатны үйлчилгээ, тохижилт, тоноглол, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой байна.
Үндэсний хороо 16, дэд хороод нийт 73 удаагийн хуралдаан зохион байгуулж, бүртгэл, оролцогчдын зохион байгуулалт болон салбар хуралдааны төлөвлөлтийн ажлыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй хангаад байна. Хурлын талбайн үндсэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дууссан бөгөөд дараагийн шатны түр байгууламж, тохижилт, техник, үйлчилгээний бэлтгэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Олон улсын төлөөлөгчдийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны долоодугаар сарын эхээр оролцогч улс орнууд болон өндөр түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн илүү тодорхой болох юм.
“ШИЙДЛИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА”
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:
“НҮБ-аас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тунхагласан нь Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнийг дэлхийн тавцанд гаргах онцгой боломж юм. COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулах нь үндэсний бодлого, мэдлэг, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх стратегийн том боломж гэж үзэж байна.
Өнөөдөр цөлжилт, газрын доройтол нь зөвхөн Монгол Улсын бус, дэлхий нийтийн асуудал болсон. Иймээс Монгол Улс зөвхөн асуудлыг хөндөн тавих бус, шийдлийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.
-COP17 МОНГОЛ УЛСАД ЯМАР ӨГӨӨЖТЭЙ ВЭ?
COP17-ыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд олон улсын хэмжээний хурал хүлээн авахаас илүү өргөн хүрээний, урт хугацааны стратегийн ач холбогдолтой.
Нэгдүгээрт, Монгол Улс цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн асуудлаарх олон улсын хэлэлцээ, бодлогын шийдвэрт өөрийн байр суурь, туршлага, хэрэгцээг шууд тусгуулах боломжтой болно. Бэлчээрийн доройтол, усны нөөц, шар шороон шуурга, малчдын амьжиргаа зэрэг Монгол Улсад нэн тулгамдсан асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргаж тавина.
Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлт, ус, бэлчээр, ой, байгальд түшиглэсэн дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилт, технологи, мэргэжлийн хамтын ажиллагааг Монгол Улсад татах боломж нэмэгдэнэ.
Гуравдугаарт, төрийн байгууллага, эрдэмтэн судлаач, залуучууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, малчдын оролцоог нэгтгэж, үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг, хэлэлцээ хийх болон олон улсын арга хэмжээ зохион байгуулах чадавхыг бэхжүүлнэ.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, бэлчээр ашиглалтын уламжлалт мэдлэг, байгальтай зохицон амьдрах үнэт зүйлсийг олон улсад сурталчлахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн бодлогын хэлэлцүүлэгт хүргэх нөхцөл бүрдэнэ.
Тавдугаарт, COP17-ын хүрээнд хийгдэж буй дэд бүтэц, цахим үйлчилгээ, хотын зохион байгуулалт, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бэлтгэл нь хурлын дараа ч ашиглагдах мэдлэг, туршлага, тогтолцооны өв үлдээх юм.
Монгол Улс COP17-ын хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн дэд бүтцийн шийдлүүдийг олон улсын түншүүдтэй хамтран бодит ажил, төсөл, хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхийг зорьж байна.
COP17 бол зөвхөн 12 өдрийн олон улсын хурал биш. Энэ нь Монгол Улсын байгаль орчны бодлогыг шинэ шатанд гаргах, үндэсний болон олон улсын хөрөнгө оруулалт, мэдлэг, технологи, түншлэлийг нэгтгэн, цөлжилт, газрын доройтлын эсрэг бодит шийдэл хэрэгжүүлэх стратегийн индэр юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна