2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
o Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс"–ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Долоодугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг (Зурaг 1).
Агаарын дундаж температур болон хур тунадас олон жилийн явцыг зураг 3–д харуулав. Зургаас харахад 1979–1998, 2011–2014 оны хооронд дараалан ОЖД–аас хүйтэн байсан бол 1999–2002, 2004, 2005, 2008, 2009, 2015-2017, 2023-2025 онуудад дарааллан ОЖД–аас дулаан байсан байна. Харин 1984 оны 7–р сард ОЖД–аас 2.7°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2007, 2017 оны 7–р сард ОЖД–аас 1.9°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна (Зурaг 2).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна (Зурaг 3).
Хур тунадасны хувьд 1980–1983, 1988, 1989, 1999-2002, 2004, 2005, 2007–2011, 2013-2015 онуудад дарааллан ОЖД–аас бага байсан бол 1984, 1985, 1993, 1994, 1996-1998, 2018-2021, 2023, 2024 онуудад ОЖД–аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 1980 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 23 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 7–р сар болсон бол 1993 онд ОЖД–аас 32 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн ахиу тунадастай 7–р сар болсон байна (Зурaг 4).
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан (Зураг 5), хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 7–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр ОЖД-аас бага буюу сэрүүн байх бол нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 5), хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 8–д харуулав. Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°C–аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас их буюу дулаан байхаар байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн (Зураг 5), хур тунадасны хувьд Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°C–аар бага байхаар байна. Цашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр ОЖД–аас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь аймгийн баруун хэсгээр ОЖД-аас их буюу дулаан (Зураг 5), бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10–т харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас их буюу дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.
Зураг 5. 2026 оны 7–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]
Зураг 6. 2026 оны 7–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД–аас бага]
Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2026 оны 7–р сарын агаарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температурын ОЖД, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2026 оны 7–р сарын агаарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температурын ОЖД, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2026 оны 7–р сарын агаарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температурын ОЖД, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2026 оны 7–р сарын агаарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температурын ОЖД, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, ногоон – хур тунадасны хэмжээ]
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна.
Цаг агаарын муудах үеүүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлүүлэх, үрсэлгээ хамгаалах болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төвөлтөй байна. Гэсэн хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарих хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орон магадлалтай байна.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна