НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас /UN Tourism/ 2026 оны эхний улирлын аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа.
Тус тайланд дурдсанаар, Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс аялал жуулчлалын өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
“Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 зорин очих чиглэл”-ийн жагсаалтад Монгол Улс Парагвай (+46 хувь), Шинэ Каледони (+45 хувь), Эль Сальвадор (+43 хувь) улсын дараа бичигдсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас Шинэ Каледонийн дараа хоёрдугаарт орсон нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж, олон улсын жуулчдын сонирхол өсөж байгааг харуулж байна.
Энэхүү өсөлтөд Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, олон улсын сурталчилгаа, аяллын бүтээгдэхүүний төрөлжилт, жуулчин хүлээн авах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд нөлөөлж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна