Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн 104 жил, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жил, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жилийн ой болон "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн өдөр" өнөөдөр тохиож байна.
Ойн хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Орчин цагийн цагдаагийн байгууллагын эхлэл нь 1921 оны долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын хурлаар "Цагдан сэргийлэх цэрэг"-ийг байгуулсан түүхтэй. Өнөөдөр тус байгууллага 12 мянган алба хаагчтай, улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 123 хууль болон холбогдох 215 эрх зүйн актыг хэрэгжүүлэн үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Түүхэн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Хөдөлмөрийн баатар 2, Чингис хаан одонт 1, Ардын багш 1, Гавьяат хуульч 42, генерал цолтон 22 зэрэг олон эрхэм төрөн гаржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна