Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор "Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох албан тушаалтнуудад хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах бэлтгэлийг хангах үүрэг даалгавар өгөв.
Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой авлигын хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэл учруулдаг тул "Шүгэл үлээгчийн тухай" болон гэрчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна