Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас малын гоц халдварт өвчний нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл өглөө. Булган, Үенч, Алтай суманд малын гоц халдварт SAT-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэн. Нийт 13 голомтын 168 өрхийн 1,590 толгой мал өвчилсөн бөгөөд халдварын тархалтыг зогсоох, голомтыг цомхотгох үүднээс өвчлөл илэрсэн 134 өрхийн 1,403 толгой малыг холбогдох журмын дагуу устгалд оруулжээ.
Халдварын эрсдэлийг бууруулах, малын сүргийг хамгаалах зорилгоор Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг нийт 9 суманд мал эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, дархлаажуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 958 өрхийн 349,766 толгой малыг вакцинд хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц одоогоор 25.8 хувьтай үргэлжилж байна.
Иймд голомтот бүс нутгуудад малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон тул малчид дур мэдэн мал тууварлахгүй байх, мал эмнэлгийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг чанд мөрдөж, дархлаажуулалтын ажилд идэвхтэй хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна