КОНЦЕССЫН ЛУЙВАР, ТҮҮНИЙ ЦААНА ХАЯГДСАН 8960 ХҮҮХЭД


Цэцэрлэгийн хүүхдүүдээ үүрсэн ээжүүд, нэг, хоёрдугаар ангийн жаалууд 2 км газар алхаж цэцэрлэг, сургуульпаа очиж байна. Цүнхээ дааж ядсан тэд суух нийтийн тээврийн автобус байхгүй, шороо бужигнасан замаар инээлдээд гүйлдэх жаахнууд...

Энэ бол Баянзүрх дүүргийн 23-р хорооны нөхцөл байдал. Тус газарт 280 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэг баригдахаар шаваа тавиад хоёр жил болжээ. Хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд өглөө бүр тус сургуулийн суурь луу нэг харчихаад, замаа дагаад алхдаг байна.

Тодруулбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газар концесын гэрээгээр 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар Rich golden bulls education ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн компани хөрөнгө оруулалтаа олж, тус 72 цогцолборыг ашиглалтад оруулаад, улсын төсөвт мөнгөө суулгуулах гэрээ байлаа. Гэвч н.Үүрцайх захиралтай тус компани "хөрөнгө оруулалтаа олж чадаагүй" гэдэг шалтгаанаар нэг ч цогцолбор бариагүй тул Засгийн газар тухайн компанид дахиад л боломж олгов. Тэр боломж нь "72 биш 23 цогцолбор барьчих, мөнгийг нь төсөвт суулгаад өгнө" гэдэг боломж байсан бөгөөд энэ гэрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд гарын үсэг зурсан байдаг.

Гэвч дахин дахин боломж олгоод байхад Rich golden bulls education ХХК үүргээ ухамсарласангүй. Тус компани Засгийн газрын тогтоолдоо үндэслэн барилгын гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, тендерийн баталгаа болгон таван хувь буюу 80-120 сая төгрөгийг өөрийн дансандаа хуримтлуулсан. Гэвч ямар ч ажил хийгээгүй. Ажил хийгээгүй, тодруулбал, 4.7 жил яригдсан, иргэдийн горьдлого тээсэн концесын гэрээг эцэст нь Засгийн газар цуцалчихсан. Гэвч хариуцлага асуудаггүй, тооцдоггүй өнөөдөрт хүрчээ.

Харин энэ хугацаанд барилгын гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан 32 ААН Rich golden bulls education ХХК-д тендерийн баталгаа болгон мөнгөө алдахаас гадна, Засгийн газраас баталж өгсөн газрууд дээр өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд, давхар хохирч өнөөдөрт хүрсэн байна.

Бидний онцлон зорьж очсон БЗД-ийн 23-р хорооны хоёрдугаар хэсэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шавыг Энх бизнес өгөөмж ХХК хоёр жилийн өмнө тавьжээ. Ингэхдээ өөрсдийн 400 сая төгрөгийн хөрөнгөөр энэ ажлыг гүйцэтгэсэн байна. "Цааш үргэлжлүүлээд хийе" гэхэд компани хөрөнгөгүй болсон, Засгийн газрын "концесын гэрээ цуцлагдсан" тул хэн хөрөнгө оруулах нь тодорхойгүй болж, нэг ёсондоо "хаягджээ"

Тус компанийн захирал н.Энхбат хэлэхдээ "Бид Rich golden bulls education ХХК гэх хувийн компанид итгэж, өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээгүй. Засгийн газрын тогтоолтой, газар нь нийслэлийн Боловсролын газрын эзэмшилтэй, БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, НЗДТГ гэсэн төрийн байгууллагуудын дарга нарын гарын үсэг, тамга тэмдэгтэй тогтоолд итгэж энэ бүтээн байгуулалтыг хийсэн. Гэтэл нэг л өдөр концесын гэрээг цуцлаад, бидний хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэнд ч хамаагүй зүйл мэт хаягдчихлаа" гэв. Энх бизнес өгөөмж ХХК-тай ижил 32 барилгын компани бий. Тэдний ажил 5-54 хувийн гүйцэтгэлтэй байхдаа ийнхүү Засгийн газарт, У.Хүрэлсүх сайдад, НЗДТГ-т "хаягдсан" байна.

ТЭГВЭЛ ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙГАА ВЭ?

НИТХ-д НЗД-ын Орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар сургууль, цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтын 76 хувь нь биелээгүй байна. Тодруулбал, энэ хичээлийн жилд 30 сургууль баригдахаас ес нь баригдсан, 73 цэцэрлэг баригдахаас 15 нь баригдсан,бага сургууль цэцэрлэгийн гурван цогцолбор баригдахаас гурвуулаа баригдаагүй байна. "Яагаад энэ ажлууд хийгдэхгүй байгаа"-г тодруулахад "Бүтээн байгуулалтын ажилд саад болж байгаа том шалтгаан бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлүүлэхийн тулд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан" гэсэн тайлбарыг хэлж байлаа. Ийм л учраас хүүхдүүд нэг ангид 50-70-уулаа хичээллэж, цэцэрлэгийн багачууд 60-уулаа бужигнаж байна.

Гэтэл нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газар дээр барилгын ажил нь 5-54 хувийн гүйцэтгэлтэй цогцолборууд "төсөвтөө суулгаад өгөөч, нэг жилийн дотор бариад ашиглалтад оруулчихъя" гэж гуйгаад сууж байна. Ийм цогцолбор 32 байна. Тус бүр нь 280 хүүхдийн суудалтай гэж бодвол 8960 хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болох боломж байна. Харин үүнийг нийслэл, Засгийн газрын дарга нар "олж харахгүй" эсвэл харахыг хүсэхгүй, өөр өөр газарт шинээр барилга барихаар, газрыг нь чөлөөлүүлэхээр төсөвт мөнгө суулгуулж явна. Хамгийн том ашиг сонирхол хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгтэй болгох байх ёстой. Гэтэл үгүй, өөр ашиг сонирхол дийлж байна.

Засгийн газар концесын гэрээгээ цуцалсан учир өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн дээрх 32 компани нэгдэж, хөрөнгө оруулалт хайж явсны үр дүнд Хятадаас хөрөнгө оруулалт авахаар болж, үүнийгээ нийслэл, Засгийн газрын албан тушаалтнуудад танилцуулжээ. Тодруулбал "Бид өөрсдөө хөрөнгө оруулалтаа олоод барилгын ажлаа дуусгаад, хүлээлгээд өгье. Харин нийслэл эсвэл улсын төсөвт жил бүр шат дараатайгаар төсвийг суулгаад өгөөч" гэж хандаад ч тусыг эс олсон байна. Өөрөөр хэлбэл, тэдний олж ирсэн хөрөнгө оруулагчтай гарын үсэг зурж, гэрээ байгуулах төрийн албан тушаалтан "олдохгүй" байгаа аж.

Эндээс уншигч та өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Газар нь байна, бүтээн байгуулалтын ажлаа 5-54 хувийн гүйцэтгэлтэй хийчихсэн 32 ААН байна. ӨӨрөөр хэлбэл, тус бүр нь 280 хүүхдийн суудалтай 32 цогцолбор баригдахад бүх боломж нь нээлттэй байна. хөрөнгө оруулалгчаа ч өөрсдөө олоод ирсэн байна. Харин үүнийг хүлээж авах төр алга байна. Байгаа зүйлээ, боломжоо ашиглаад явах сонирхол яагаад У.Хүрэлсүх сайдад, С.Амарсайхан дарга НИТХ-ын дарга Р.Дагва нарт байхгүй байна вэ?

Цэцэрлэгийн хүүхдүүдээ үүрсэн ээжүүд, нэг, хоёрдугаар ангийн жаалууд 2 км газар алхаж цэцэрлэг, сургуульдаа очиж байна. Цүнхээ дааж ядсан тэд суух нийтийн тээврийн автобус байхгүй, шороо бужигнасан замаар инээлдээд гүйлдэж байна. Ангидаа очоод 60-уулаа чихэлдэж байна. Харин гэрийнх нь хажууд 280 хүүхдийн багтаамжтай сургуулийн суурь ёрдойсоор хэдэн жил болох ёстой вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 10 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 11 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 12 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 12 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 12 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 14 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 16 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 16 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 16 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 16 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 16 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 18 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 18 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 19 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 19 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 20 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 20 цагийн өмнө