2020/03/29
USD 2,773

Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ/

О.Шүрэнцэцэг
2019/10/21

Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ./

Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны томоохон хурал номын газар болох Жалханз гэгээний хүрээ нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутагт сумын төвөөс урагшаа 13 км зайд Гурван модны хонхор гэдэг газар суурьшиж байжээ. Нутгийн ардын аман мэдээлэл, түүхийн янз бүрийн баримтуудад тэмдэглэгдэн үлдсэнээр бол Жалханз гэгээний хүрээ нь 1872 онд шавыг нь тавьж, 1873 онд чогчин дуганыг барьж эхлээд 1876 онд аравнайлснаар тус хүрээ хийдийн түүх эхэлжээ. Тус хүрээний энэхүү анх шав тавьсан газар нь одоогийн Хөшөөтийн барчин хэмээх газар бөгөөд үүнээс хойш тухайн цаг үеийн нөхцөл шаардлагаас шалтгаалж одоогийн Арбулаг сумын Үзүүрхад, Цагаан уул сумын Сангийн далай, Гандан нуур зэрэг газруудаар нүүдэллэн суурьшиж яваад 19-р зууны сүүлчээр энэхүү Гурван модны хонхорт төвхөнжээ. Гэгээний лүрээ 1930-аад оны үед 20 шахам сүм дуганатай, 4 талдаа тойрсон 12 хүрд , хойд талдаа төвлөрсөн 3 том суваргатай, 300-аад лам байнга суудаг халхын шарын шашны дунд зэргийн хүрээ байжээ.


Гэгээний хүрээ Жалханз гэгээний 7-р дүрийн үед ихээхэн бэхжиж барилга байгууламжийн хувьд тохижжээ. Голдоо эргэн тойрон гадуураа цагаан өнгийн зүсмэл модон /банз/ хашаатай , үүдэндээ асар маягийн хаалгатай /ямпай / 3 том ногоон сүм байсан нь Чагдарын , Улаан сахиусны / Жамсран/ , Жалханз гэгээний номын сан байжээ. Энэ тухай 1927 онд 7 настай тус хүрээнд сууж 1932 оныг хүртэл 5 жил шавилсан эдүгээ 87 настай Буд гуай өгүүлж байна. Тэрбээр цааш нь энэ үед Жалханз гэгэний хүрээ 22 сүм дугантай , 1000-аад ламтай цогчин, чойр, мамба , дүйнхор, жүд хурдаг гавжийн ба домын дамжаа барьдаг цам гарч майдар эргэдэг байсан хэмээн өгүүлж байна. Хүрээний сүүлчийн хамба нь Чойням аграмба унзад нь Раднаа унзад хэмээх хүмүүс байжээ. 1932 оны хавар тухайн үеийн баруун 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний үеэр Жалханз гэгээний хүрээ хаагдаж 1 жил илүү болоод 1934 оны эхээр дахин сэргэж үйл ажиллагаагаа явулж эхэлсэн байна. 1934 онд хүрээ дахин сэргэхийн өмнө буюу 1933 оны 8-р сард тус хүрээний 3 гол дуган болох сахиусны, чойрын , дүйнхорын 3 дуган шатаж гол гол бурхан шүтээн, судар ном нь устсан ба тухайн үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бөгөөд энэ үед Хөвсгөл аймгийн төв одоогийн Хатгал суманд төвлөрч байсан бөгөөд тэндээс усан хөөрөг бүхий гал команд ирж байсан тухай түүхийн баримт нутгийн ардын ам мэдээлэлд үлджээ.


Дээрхи галыг хэн нэгэн хүн зориуд тависан гэдэг яриа тухайн үед ард олны дунд яригдаж байсан байна. Үүний дараа 1934-1937 оныг дуустал хүрээ сэргэж үйл ажиллагаагаа явуулахдаа хурал ном цам майдар зэрэг бурхан шашны зан үйлийн үйлүүд нь ямар нэг хэмжээнд дутуу, бүрэн гүйцэт биш лам нарын тоо ч ихээхэн хорогдсон байдлаар хурал номын үйл ажиллагаа эрхэлж байгаад 1937 оны өвлийн эхэн сард бүр мөсөн хаагджээ. Тус хүрээнээс 1937 оны өвөл хамгийн эхлээд улаан хэмээх Гомбосүрэн , Жүгдэр нарын 3 хүнийг баривчилж явснаар лам нарын их хэлмэгдүүлэлт эхэлж хүрээ бүхэлдээ дахин сэргэхгүй болох үйл явц эхэлжээ.Улмаар 1940- өөд оны үед эзгүйрсэн хүрээ хийдийн үлдэгдэл сүм дуганыг Цэцэрлэг, Цагануул зэрэг сумд руу зөөж сумын хоршооны агуулах , бага сургуулийн зарим анги танхимыг барихад ашиглажээ. Жалханз гэгээний хүрээ буюу Бүрэнхааны хүрээ нь Б.Ренчиний редакторлаж 1979 онд хэвлүүлсэн БНМАУ- ын угсаатны зүйн атласын 115 –рт хүрээ гэсэн нэрээр бүртгэгдсэн байна. Одоо тус хүрээний туурь нь Хөвсгөл аймгийн Цагаануул сумын Тосон багийн нутагт сумын төвөөс урагшаа 13 орчим кмт Гурван модтой хэмээх газар байна. Туурийн зүүн талд Дэнжийн булаг хэмээх горхи , өмнөд талд Их-Уул хэмээх модот уул, баруун талд Хэцийн хяр уул хэмээх хад чулуурхаг нүцгэн уул байна. Одоогоор 17 дуган, сүм , суварга , хүрдний байгууламжийн туурь тод мэдрэгдэх бөгөөд тууриудын төв дундахи хамгийн том гэж үзэж болох туурийн өмнөд талаас газарзүйн байрлалын хэмжилт хийж үзэхэд хойт өргөрөгийн N 49028. 746" зүүн уртрагийн E 0980 50. 238" ийн солбицолд оршиж байна.


Тууриас зүүн тийш 300- аад метрт 1996 онд босгосон Жалханз гэгээн Дамдинбазарын дурсгалд зориулсан уйгаржин монгол бичиг бүхий пайлуур чулуун хөшөө бий. Гурван модны хонхор хэмээх газрын нэр нь харьцангуй хожуу үеийн нэр бөгөөд уг хүрээнд 20-р зууны эхээр хэн нэгэн мяндагтан ламын санаачлагаар 3 хус мод тарьсан нь одоо 80-100 жил насалж энэ 3 модны нэрээр тус орчны газрыг нутгийн ардууд нэрлэх болжээ. Одоо Жалханз гэгээний хүрээний цогчин дуганыг Цагаануул сумын төвд шинээр барьж хурал номыг нь сэргээсэн нь Равданчойнхорлин хийд хэмээн үйл ажиллагаа явуулж байна. Равданчойнхорлин хийдийн үүсэл , одоогийн үйл ажиллагааны тухай тусад нь дурьдах болно.

Холбогдох эх сурвалж: 1. Ж. Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ, 2004. 2. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 3. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ, 2004. 4. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 87 настай Буд гуайтай хийсэн . ярилцлага. 2007.06.08. 5.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярилцлага..2007. 06. 08.


Нийтлэлч: Янзагы @yanzagad


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.31.42
    2019/11/22

    Оюуны өмчийн хулгай хийхээ боль. Монголын Урлагийн зөвлөл. Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо Төсөл. 2007 http://www.mongoliantemples.org/ -ын мэдээлэл байна.

    Хариулах
  • 202.72.245.122
    2019/11/14

    Монголчууд дээврийн шаазан ваар хийж сурахын оронд Манжийн бодлогоор Хар хэлэр ойлгомжгүй зүйл номлодог нөхдийн шүтэж Үндэсний баатруудаа мартман

    Хариулах
  • 202.99.225.211
    2019/11/09

    dotorhoi medeeleltei l yum bna shuu dee taalagdsan shuu amjilt husey

    Хариулах
  • 64.119.27.74
    2019/10/21

    Нэгэн судлаачийн тэмдэглэлийг тэр чичгээр нь оруулсан юм шиг байна.

    Хариулах
  • 202.179.31.98
    2019/10/21

    Шүрэнцэцэг энэ эх сурвалжийг нь ямар сонин оруулдаг юм бэ? Түүнээс гадна чи бичээгүй бол чиний нэр байх ч албагүй юм байна ! Дээд сургууль төгссөн хүний шинж чамд алга !

    Хариулах