Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой

Өнөрцэцэг
2019/12/01

АТГ-ыг зөвхөн хүн барьж хорьдог, мөрддөг, шалгадаг байгууллага гэх ойлголт түгээмэл ажээ. Нийгмийн оюунлаг хэсэг хүртэл ийм өрөөсгөл ойлголт, өнгөц бодолтой байдгийг өдөр тутам тааралдах мэдээллийн урсгалаас төвөггүйхэн харж болохоор байна. Тэгвэл авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах нь АТГ-ын хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг нь л юм. Цаана нь өөр хоёр том чиг үүрэг бий. Энэ бол авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах ажил юм. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Яагаад мөрдөн шалгах ажил биш урьдчилан сэргийлэх ажил нь чухал юм бэ гэж уншигч Та асууж магадгүй. Тэгвэл би Танд зөрүүлээд нэг асуулт тавья.

Хувь хүн дээр авч үзэхэд өвчин туссаны дараа эмчлүүлэх нь чухал уу, харин өвчин тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь илүү чухал уу? Бас дахиад нэг асуулт тавья. Гал гарсны дараа гал аюултай гэдгийг ойлгох нь чухал уу, аль эсвэл гал аюултай гэдгийг мэдэх учраас гал гаргахгүй байхад анхаарах нь илүү чухал уу? Маш энгийн ухамсрын түвшинд тавигдах дээрх хоёр асуултын хариултаар авлигаас урьдчилан сэргийлэх ба соён гэгээрүүлэх ажлын ач холбогдлыг тодорхойлж болох юм.
Та өвчин тусахгүйн тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, галын болзошгүй осол, гамшгаас сэрэмжилж аюулгүй ажиллагааны дүрэм баримталдагтай яг ижил. Авлига нь нийгмийн хорт хавдар гэдгийг өнөөдөр иргэн бүр мэдэх болсон. Тиймээс хэн нэг албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдэхийг нь хүлээн сууж, үйлдсэнийх нь дараа барьж хориод шийтгэхээс илүүтэй тэднийг гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нэг хүнийг шийтгэх, гэмт хэрэг үйлдэх эрсдэл бүхий 1000 хүнийг эрсдэлээс хамгаалахын аль нь илүү далайцтай вэ гэдэгт уншигч Та бас хариулт болгооно биз ээ.

Энэ үүднээс авлигатай тэмцэж амжилтад хүрсэн улс орнууд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх үйлсээ болгон, иргэдийнхээ тархи толгой, оюун санаа руу нь бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлсэн байдаг. Монголын АТГ ч мөн энэ зорилт, чиглэлийг баримтлан ажиллаж байгаа. Гэхдээ тэдний хувьд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн буруу зөрүү ойлголт, дутуу хагас дэмжлэг дор хүнд бэрх зам туулан хэрэгжүүлж байгаа.

АТГ-аас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд оюутнуудад лекц уншуулах арга хэмжээг түүхэндээ анх удаа зохион байгууллаа. Энэ удаад сургуулиа төгсөн амьдралд хөл тавихаар бэлтгэж буй 3000 залуусыг UB Palace концертийн их танхимд урин цуглуулжээ. АТГ-ын комиссарууд оюутнуудад лекц уншсан эрхэм хүмүүсээ "Үзэл санааны удирдагч" хэмээн нэрийдсэн бөгөөд Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажлыг хойшдоо ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа юм байна. Анхны удаагийн лекцийг "Үнэт зүйлийн боловсрол" ерөнхий сэдвийн хүрээнд хийв. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням арга хэмжээний зорилгыг товчоор илэрхийлэхдээ "Зөв амьдралын үнэт зүйлсийг мэдэрч, хүсэл тэмүүллээ шударгаар залж өөрийгөө хөгжүүлэн, шударга зан үйлийг өөртөө төлөвшүүлж шударга замаар хамтдаа алхах"-ыг оюутнуудад чухалчлан тодотгож байлаа.

"АТГ 3000 оюутанд лекц уншуулна" хэмээн мэдээлэхэд муусайн оюутнуудаар яахав дээ, авлигачиддаа л наад лекцээ уншаач, хийх юмаа олж ядах юм гэсэн сэтгэгдлүүд сошиал орчинд давамгайлж байв. Өнөөх л өрөөсгөл ойлголт. Магадгүй, мэдээний гарчиг төдийгөөр яаран дүгнэдэг хүмүүсийн хандлага ч байх. Мэдээж, оюутнууд бол авлигачид юм аа гээд бай онилоогүй нь тодорхой. Харин өнөөгийн оюутнууд улс орны ирээдүйн эзэд гэдэг утгаараа тэдэнд одооноос зөв зан үйлийн тухай яриа ухуулга хийж, эрүүл саруул уураг тархинд эрүүл саруул үзэл санаа суулгаж, хойшдын шулуун шударга иргэн болгон төлөвшүүлэхийг АТГ чармайж байна. Үүний тулд оюутан залуусын хүндэтгэлийг хүлээсэн, үлгэрлэж чадах, бахархан дуурайх эрхэм хүмүүсийг сонгон авч, тэднээр оюутнуудад лекц уншууллаа.

Хамгийн эхэнд Удирдлагын академийн профессор, доктор М.Мөнхболд "Үнэт зүйлийн ойлголт, хандлага" сэдвээр лекц тавихдаа "Бидний үнэт зүйл бол мэдлэг, боловсрол юм. Бид мэдлэг, боловсролоо нэмэхийн хэрээр илүү ёс зүйтэй болдог, илүү их гэгээрдэг. Тиймээс мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлцгээе" хэмээн оюутнуудад уриалав. "Андра академи"-ийн захирал, топ модель, мисс Х.Бадамгэрэл эерэг хандлага, гоо зүйн тухай илтгэв. Тэрээр залууст зөв харилцааг үүсгэснээр таатай орчин бүрдүүлэх, хандлагаа эерэг болгох, өөрийгөө илэрхийлэх, хувь хүний биеэ авч явах соёлыг эзэмших талаар зөвлөж ярилаа. Нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзун "Бид ирээдүйд ямар байх ёстой вэ" лекцээ төгсгөхдөө "Авлигаас болж улс орон маань хүнд хэцүү байна. Энэ муухай үзэгдлийг таслан зогсоох хүч нь залуус та нарт байгаа" гэхэд оюутнууд шүгэлдэн дэмжиж алга ташицгааж байв.

"Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Ж.Галбадрахын илтгэл "Амьдралд сурсан, сураагүйн л ялгаа гардаг" гэсэн нэртэй бөгөөд тэрээр "Сурах нь маш их тэвчээр шаарддаг. Сэтгэл зүрх, эрүүл бие, сайхан сэтгэл, саруул ухаан хамгаас чухал. Хүн сурч боловсрохын хэрээр эх орныхоо өмнө хүлээх үүрэгтэй болдог" хэмээн залууст сургаж байв. "Номадик контент"-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа анх 100 мянган төгрөгийн цалингаар эхэлсэн, одоо сард 15 сая төгрөгийн цалин орлоготой болсон тухай ярихад оюутнууд танхим дүүрэн дуу алдав. Програмист мэргэжлээр төгссөн Гантуяа үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлж явсаар бизнесээ өргөжүүлсэн туршлагаа ярилаа. Тэрээр гэнэт баяжих, хялбар амьдарна гэх ойлголт байж болохгүй, Монголд цалингаараа амьдарч болдог юм шүү гэдэгт яриагаа голлосон юм. Хамгийн сүүлд "Эм Эн маркетинг консалтинг"-ийг үүсгэн байгуулагч Г.Нямхүү "Амжилттай оюутан-Ирээдүйн манлайлал" сэдвийн хүрээнд өөрийгөө таних, амжилтыг бүтээх, хувь хүний брэндинг, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, бүтээлч байдлыг хөгжүүлэх зэрэг оюутан залууст урам зориг өгөхүйц илтгэлийг өөрийнхөө ажил, амьдралаас жишээлэн танилцууллаа.

Оюутнуудад лекц уншуулсан арга хэмжээний тухай хэвлэлийн албан мэдээнээс илүү дэлгэрэнгүйгээр энд бичиж байгаагийнх, АТГ-аас хийгддэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хувийн товч дүгнэлтээ хавчуулъя. Соён гэгээрүүлэх ажил гэдэг нь маш товчхондоо авлигыг жигших үзэл санааг иргэдийн ухамсарт суулгах ажил юм. Ингэж хэлэхэд "Угаасаа л монголчууд авлигыг жигшиж байгаа шүү дээ" гэж эсэргүүцэх хүн олон байж магадгүй. Гэвч олон улсын болон үндэсний түвшинд хийдэг удаа дараагийн судалгааны дүнгээр манай иргэд авлигад хэдийн дасчихсан байгаа нь харагддаг. Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой. Тиймээс соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй, шаталсан дараалалтай хийх ёстой. Энэ үйл ажиллагааг сургалт, лекц, яриа, ном, кино, жүжиг, дуу, шүлэг зэрэг соёл, урлагийн олон төрлөөр зохион байгуулдаг. Соён гэгээрүүлэх нэг арга хэмжээний цаана маш олон удаагийн төлөвлөлт, уулзалт, яриа хэлэлцээ, нуралт, бүтэлгүйтэл байдаг. Тэр бүх бэлтгэл ажил бол мөсөн уулын ёроол нь, харин 4 цагийн арга хэмжээ бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь байх жишээтэй. Энэ жишээгээр авч үзвэл 3000 оюутанд зориулсан лекц уншуулах арга хэмжээний бэлтгэлд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд бүтэн сарын хугацаа зарцуулжээ. Оюутнуудыг цуглуулахын тулд 13 их, дээд сургуулийн удирдлагуудтай нэгбүрчлэн уулзах, үзэл санааны удирдагчдыг сонгох, сэдвээ тохирох, илтгэлийн агуулгаа зөвшилцөх, заал танхимаа бэлтгэх гэх мэт олон тооны ажлуудыг хийсэн. Бүтэн сарын бэлтгэл ажлын үр дүнд 4 цагийн арга хэмжээ амжилттай болж өнгөрдөг. Гэхдээ соён гэгээрүүлэх ажлын эцсийн үр дүн богино хугацаанд гардаггүй. Энэ бол урт удаан хугацаа шаардсан ажил байдаг.

Энэ бүхнийг заавал дурдахын учир АТГ-аас анх удаа оюутнуудад зориулан лекц уншсан арга хэмжээгээр дашрамдуулан соён гэгээрүүлэх ажлын утга учир, ач холбогдлыг иргэд, олон нийтэд ойлгуулах гэснийх юм. Одоогийн ойлголт, үзэл санаа, хандлагаа өөрчлөн, нийтээрээ авлигыг жигшиж, АТГ-ын соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин, үргэлж хамтран оролцохыг энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд том үсгээр тэмдэглэмээр санагдав. Продюсер Б.Наранзун "АТГ яагаад өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм бэ. Тэд ирээдүйн төлөө санаа тавьж байгаа учраас ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Ирээдүй гэдэг чинь энд цугларсан оюутнууд та нар болон та нарын үе тэнгийнхэн шүү дээ. АТГ-т ирээдүй яагаад хамаатай юм бэ. Яагаад гэвэл өнөөгийн нийгэм авлигатай байна. Харин ирээдүйд авлига байх ёсгүй" гэж хэлсэн нь АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын утга учрыг илүү тодоор илэрхийлсэн дүгнэлт байлаа.

Т.МӨНХТУНГАЛАГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 1 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 2 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 3 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 7 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 8 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр