Мацаг барьж эрүүлжих нь

Өнөрцэцэг
2019/12/03

Хүн, идэхгүй бол өлсөөд үхчихнэ. Гэхдээ бас хэт их идвэл өвчин болно.

-Тэгвэл хэсэг мацаг барьж үзвэл ямар вэ?

Олон хүмүүс ийм сонголт хийдэг ч, ихэнх нь өөдрөг хандлагаар бус, гутарч цөхрөхдөө тэгдэг. Анагаах ухааны бүхий л дэвшилтэт арга технологиудыг туршаад аргаа барсан хүмүүс голцуу гомдлын мөр хоолоо сойж үздэг.

1918 он. Үе мөчний өвчтэй (Rheumatic fever) нэгэн залуу түрдэг тэргэнцэр дээр залрахдаа тулжээ. Гэвч хоёр ч удаагийн хоол сойлтын дараа дохиулсан юм шиг л босоод ирж. Тэрээр хоол сойлтыг эмчилгээний шинэ арга болгон судалсаар, Германы алдарт Buchinger клиникийг байгуулж, өдгөө тэр нь 60 жилийн бахархам түүхээрээ гайхуулж байна. (Герман хүмүүсийн 15%-20% нь дээрх эмчилгээнд ямар нэг хэлбэрээр хамрагдсан байдаг гэнэ. Гайхалтай биш гэж үү?) Buchinger клиник жилдээ дундажаар гадна дотны 2,000 орчим өвчтөн хүлээж авдаг ба, үхлээ хүлээсэн нэгнээс авахуулаад, биеэ сувилуулах төдий зүсэн зүйлийн хүмүүс ирдэг гэнэ.

...Банкны ажилтан Баре идэж уух нь дэндсээр, сүүлдээ цусны шинжилгээ нь авах юмгүй гарчээ. Buchinger клиникт ирсэн хойноо ч баргар царайгаа нуусангүй.

– Яаж 3 долоо хоног хоолоо сойх юм бэ? Би чинь зөвхөн идэхийн төлөө бүх Европыг ч тойроход бэлэн хүн.

Buchinger–ийн эмчилгээний програм 1-3 долоо хоног үргэлжилдэг. Гэвч хоол сойход хамгийн хэцүү нь эхний 2-3 хоног л байдаг гэнэ. Энэ үеийг acidosis гэх бөгөөд, цусан дах хүчиллэг шинж ихсэхэд толгой өвдөж, дотор муухайрч, цуцамтгай болгодог аж. Эмчийн хэлж буйгаар бие махбод гэнэтийн том өөрчлөлтийг хүлээж авах явц тиймэрхүү зовиуртай байдал болж илэрдэг юм байх. Гэвч энэ нь түр зуурынх бөгөөд, дундажаар 24-36 цагийн дотор арилдаг байна. Эмнэлэг мэдээж acidosis үеийг давах үед нь байнга шээсний шинжилгээ хийж, аюулгүй байдлыг хангана. Мөн өдөрт 2 удаа жүүс юм уу шөл уулгана(өдрийн 250 ккал).

- Acidosis–ийг л давчихвал агуй шиг хоосон гэдэс аажмаар тайвширч ирдэг
гэж биеэр үзсэн хүмүүс хоолой нийлүүлнэ. Acidosis-ийн үед биед хуримтлагдсан хорт бодисууд ялгарах нь ялгарч, задрах нь задардаг ба, түүнээс цааш бие цэвэршиж, тамир тэнхээ нь эргэж сэргэдэг аж. Бие цэвэршсэнээс болдог юм уу, ухаан санаа ч сэргэлэн тунгалаг болдог гэнэ.

Нөгөө Баре гуай ч амжилттай програмаа дуусгалаа. Гэвч тайвширах болоогүй. Хоол сойсны дараах замбараагүй идэх нь эмчилгээний үр дүнг бүрэн унтрааж, аюул даллах шалтгаан ч болдог. Хоолноос хөндийрсөн биеийг буцааж хоолонд дасгах нь нэн чухал үе шат бөгөөд, маш нарийн дэглэм дор явагдах ёстой.

Анхны хоол сойлтоор Баре гуайн элэгний хэмжээ ердийн төвшинд очиж, цусны шинжилгээний хариу ч хэвийн болжээ. Тэрээр биеэ тогтмол цэвэрлэхийн тулд жил болгон ирдэг болсон гэнэ.
– Мацаг барих нь бидний төсөөлдөгөөс чанх эсрэг эд байдаг юм байна. Хүний тамир тэнхээг барах биш, харин ч ариутган цэвэршсэн мэт мэдрэмж төрдөг.
Хоолгүй үед хүний бие өөрийнхөө уургийг идэж эхэлдэг. Тэрхүү уураг гол төлөв хүний булчингаас ялгарах бөгөөд, зүрх ч бас булчин тул, уурагныхаа талыг барахад л үхэлд хүргэдэг. Тэгэхээр энэ механизмыг жаахан өнгийж үзье.

Хүнийг тэтгэдэг энергийн гол ундрага нь глюкоз, өөх, уураг гурав юм. Глюкоз бол хамгийн гол энергийн ундрага боловч дороо шавхагддаг. Ганц өдөр хоосон явахад л картын бараа шиг ховордох ба, ходоод хонхолзож бензинээ нэхнэ. Энэ үед бие уурагнаас глюкозыг гаргаж ашиглана. Үүнд бие өөрийн уурагаа зарцуулна. Зэрэгцээд өөхнөөс ч бас глюкозыг орлуулах Кетон гээчийг гаргаж авна. Кетон биет нь өөх задлагч үйлдвэр болох элгэн дотор үйлдвэрлэгдэх бөгөөд, голцуу тархийг тэжээлээр хангана.

Хоолоо сойсноор хүний биед амин чухал уураг маань багасах нь маргаангүй боловч, өөх ч бас зарцуулагддагийг анхаар. Тэгвэл энэ хоёрын зарцуулагдах баланс нь ямархуу байдаг бол?

Үүн дээр бидэнд туслахаар гарч ирэх баатар нь өмнөд туйлын Хаан буюу Оцон Шувуу юм. Мөсөн дээр мацаг барьдаг хачирхалтай шувууд..


Эмэгчин оцон шувуу өндөглөсөний дараа, эрэгчингүүдэд өндөг дарах даалгавар ноогдоно. Хахир өвлийн бүтэн 4 сар, эрчүүд салтаандаа бас дахин нэг шарик хавчуулж ганхийлгүй гозойно. Ганхийх юм бол эмзэгхэн өндөг хөлдөж орхино.

Гайхамшигтай нь, энэхүү мүглэнгийн 4 сардаа эрчүүд юу ч идэхгүй. Гэхдээ, бодь мөрийн зэрэг хөөж бясалгах гэсэндээ биш л дээ. Ердөө л тэдэнд идье гэсэн ч юу ч байхгүй. Дөнгөж амаржсан хүүхнүүд далай орж хэдэн загас шүүрдчээд буцаж ирэх гэсээр байтал 4 сар өнгөрчихдөг хэрэг.

За тэгээд, энэ хооронд бурханы олон шавь нарын маань бие махбод нь яаж байна вэ гэвэл: мэдээж хэрэг глюкоз аль хэдийн тасарсан. Ингээд уураг өөх хоёрын ээлж. Гэхдээ уураг нь амь насанд илүү чухал тул, аль болох хэмнэлттэйгээр зарцуулагдаж, болж л өгвөл өөхийг хайлуулна. Үнэхээр ч хаан пингвин нь дээд зах нь 100 өдөр зөвхөн өөхөөрөө гол зогоох чадвартай. Гэвч өөхний нөөц 20%-аас доошилбол уургаа хэрэглэхгүй гээд яах билээ. Хөлдөөд үхчихгүйн тулд. Гэвч дээр хэлсэнчилэн, уурагныхаа талыг хэрэглэхэд шууд үхэлд хүрнэ. Тэгэхээр 4 сарын үлдсэн 20 хоногт, уураг түрүүлж дуусах уу, хүүхнүүд түрүүлж ирэх үү гэдэг л эрчүүдийн хувь заяаг шийдэх болно. Мэдээж эрчүүд энэхүү дээсэн дөрөөний голцуу наана нь үлдэж ирсэн нь оцон шувууны түүхээс илэрхий.

Оцон шувууны хувьд, мацаг барих хугацаандаа зарцуулсан энергийн эх үүсвэрийн 96% нь өөх, дөнгөж 4% нь уураг байдаг байна. Өөрөөр хэлбэл уурагтаа төдийлөн гар хүрээгүй гэсэн үг. Тэгвэл энэ чадвар зөвхөн хаан оцон шувуунд байдаг эд юм болов уу?

Ингээд эрдэмтэд шалавхан туршилт хийж, нөгөө л хөөрхий хархнуудынхаа үйлийг үзнэ. Тэгтэл хархнууд ч бас пингвинээс дутахгүй чадвартай бололтой.
- Өлсгөлөнгөөс амьд мултрахын төлөөх энэ чадвар, арай бүх амьд амьтдад байдаг нийтлэг шинж юм биш биз?
- Хэрвээ хүн ч гэсэн ийм чадвартай бол??

170 см өндөртэй, 70 кг жинтэй ердийн насанд хүрсэн хүнд, ойролцоогоор 15кг өөх байдаг. Энэ нь эрүүл хүнийг 40 хоног амьд явахад хангалттай хэмжээ гэсэн үг. (Гэвч, онолын шалтгаанаар хүн дээр ийм туршилт хийж болохгүй)

Дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш тоолсон ч, өнөөгийн хүн шиг хоолоор элбэг дэлбэг байгаа нь туйлын ховор тохиолдол юм.
Уул нь бол хүнс тасрах нь, харин ч байх ёстой тулга тойрсон асуудал байдаг бөгөөд, өлсгөлөнг тэсвэрлэж чадаагүй амьтад нь дараагийн төрөлдөө буухиаг дамжуулдаг жамтай.

- Хувьсалын түүхэнд, тухайн зүйл амьтаны устах уу үлдэх үү гэдэг нь, ердөө өлсгөлөнг тэсвэрлэж чадах хоногийн уртаар хэмжигдэж ирсэн гээд хэлсэн ч хилсдэхгүй.

Зөвхөн хүний түүхийг аваад үзсэн ч, "тогтмол цагаар хооллож, хөргөгчөөрөө дүүрэн хүнс нөөцөлдөг өнөө цагийн хүний амьдрал нь" цоо шинэ хэмнэл бөгөөд, дөнгөж саяхнаас шүү дээ. Энэ өнцөгөөс харвал өнөө цагийн хүний бие махбод өлсгөлөнг тэсэх болов уу гэхээсээ, цаг ямагт хивж байдаг цатгалан амьдралын хэмнэлдээ тэсэх болов уу гэдэг нь илүү том асуултын тэмдэг юм.

Гэвч дээр хэлсэнчлэн, хүмүүний түүх урт, хөргөгчний түүх богинохон. Уртаас урт бичлэгтэй "генийн ой санамж"-д маань, өлсгөлөн цагийн дурсамжууд одоо ч хадгалагдсаар бий аж. Харин ухамсар мартаж орхисон тэрхүү ой санамжийг мацаг барилт буцааж сэргээдэг байна.

Гэнэт тэжээлгүй орчинд орсон хүний ген тэр дор нь "Онцгой байдал" зарлана.
Үүнийг нь генийн мэдээ дамжуулагчид болох RNA бүх биед дамжуулна. Тэгэнгүүт зарим хэсгийн үйл ажиллагаа идэвхижиж, зарим газраар хумигдаж, ерөнхий байдлаараа бие махбод маань хамгаалах өрөлт авдаг байна. Энэ нь ёстой нөгөө хуучны дурсамжийг гэнэт санан сэрсэн цочир өөрчлөлт бөгөөд, туйлын талархам арга хэмжээ юм. Одоо ч гэсэн ген нь, өлсгөлөн гэдэг вариантыг марталгүй тооцоолсон хэвээрээ байдаг байна.

Хамгаалалтын дэглэмд шилжсэн биеийн эд эсүүд эгшин зуур гайхалтайгаар хүчирхэгжинэ. Үүнийг хоолыг нь сойсон хулгануудын туршилтаас ажиглаж болно.

Хортой бодисууд дотроо ч нэн хортойд тооцогддог нь Хими эмчилгээний бодис (Chemotherapy agent) бөгөөд, хорт хавдарын эсийг ч чад хийлгэхээр чадалтай эд байдаг.
Энэ айхтар бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-5 дахин агууламжтайгаар хулгануудад шахаж үзэв. Хулгануудын тал нь өдөр болгон тогтмол хооллож ирсэн ба, тал нь сүүлийн 48 цаг юу ч идээгүй хулганууд юм.

Тэгтэл ч үр дүн ус тос шиг ялгараад ирэв. Өлсгөлөн хулганууд бүгд амьд байна. Харин нөгөө групп нь ташраараа үхжээ. Үхсэн группын хулганууд харсаар байтал бие нь эвгүйрхэж, хөдөлгөөнгүй болсоор хялайгаад уначихав. Шалгаад үзтэл тархи нь ч, зүрх нь ч ихээр гэмтжээ. Харин өлсгөлөн хулганууд зүгээр нэг амь тэмцээд үлдсэнгүй. Ёстой нэг тамирын хөнгөнөөрөө давхилдан тойрно. Арьс үс нь ч сортойгоо, бие эрхтэнүүд нь ч гэмтсэн юмгүй аж.

Хүн дээр хийдэг хорт хавдарын эмчилгээнд ч дээрх бодисыг ашигладаг бөгөөд, энэ нь нэг талаар дэндүү болхи арга юм. Тэр бодис нь зөвхөн хорт хавдарын эсийг онож довтлох бус, "огцом өсөлт хийж байгаа" л бол хэн рүү ч хамаагүй довтолж орхидог. Тэгэхээр энэ аргын хамгийн том асуудал нь, "хэрхэн хохирол багатайгаар, хорт хавдарын эсийг даран сөнөөх вэ" гэдэг асуудал.

Энэхүү асуудалд дээрх өлсгөлөн хулганы туршилт нэгэн шинэ найдвар төрүүлнэ. Учир нь, ердөө (гэх нь хаашаа юм) хоёрхон хоногийн хоол сойлтоор, биеийн эрүүл эсүүд хамгаалалтын горимд шилжиж, хорт бодисын довтолгоог хариулж чадлаа шүү дээ.

Тэгвэл хорт хавдарын эсүүд ч ялгаагүй хамгаалалтын горимд шилжээд тэсээд үлдчих биш үү? гэж санагдах боловч, аз болоход, хорт хавдарын эсүүд нь довтлохдоо сайн боловч, хамгаалахдаа тааруу нэгэн бололтой юм. Тэр нь ч аргагүй аж. Хорт хавдарын эс гэдэг нь генийн мутацаас үүсдэг шинэхэн амьтад шүү дээ. Ердийн эсэнд байдаг шиг хуучны дурсамж гэхээр юм тэдэнд байдаггүй байна (яг нарийндаа бол глюкозгүй орчинд тэсвэр муутай шиг байгаа юм).

Ийнхүү хоол сойх арга хорт хавдарын эмчилгээнд хүртэл гэрэл тусгах боловч, эсрэгээрээ эмийн үйлдвэрлэлд сүүдэр тусгана. Энэ арга анхаарлын төвд орвол, орчин үеийн эрүүл мэндийн зах зээлийг бараг монополь эзэгнэж байгаа европ эмийн борлуулалт буурах нь зайлшгүй. Тийм ч учраас эм үйлдвэрлэгчидийн эсэргүүцэл өрнөх нь дамжиггүй.

Тэгсэн ч, зарим хүмүүс хоол сойж үзнэ. Европ эм хэрэглээд болоогүй хүмүүс... Жишээ нь, мөгөөрсөн хоолойн багтраа (бронхийт ч гэдэг) нь нэгэнт архагшвал барууны анагаахаар төгс эмчлэх боломжгүйд тооцогддог (амь аргацаах бол боломжтой). Харин үүнийг 12 хоногийн хоол сойлтоор бүрэн эмчилсэн тохиолдол Орост байдаг гэнэ. Профессор Осинин, бронхийтоор мэргэшсэн 40 жилийн хугацаандаа 10,000 өвчтөнг хоол сойх аргаар эмчилсэн гэнэ. Энэ хугацаанд эмчилгээ амжилтгүй болсон тохиолдол нэг ч үгүй гэх. Түүнээс гадна даралт өндөрсөх, үе мөчний үрэвсэл, астма (саяын бронхийт л доо), арьсны үрэвсэл зэрэг олон өвчнийг эмчилсэн туршилга Орост байдаг байна.

Оросын хоол сойх эмчилгээний төв цэг нь Буриад улс юм гэнэ. Ердийн эмнэлгээр яваад сайжралыг эс олсон хүмүүс сүүлчийн горьлого тээсээр энд хүрч ирдэг. Тэгээд ч Байгаль нуурыг тольдонгоо мацаг барьж хэвтэх муугүй.

– Идэхээс татгалзаж, эрүүл амьдрая.

Ийм шинэлэг амьдралын хэв маягийг таашаах хүмүүс, дэлхийд даяар санаснаас хавьгүй олон байдаг байх нь. Хоолонд бохирдсоны хэрээр, цэвэрлэгээнээс сэтгэл сэргэж, улам амташдаг юм болов уу?

Орчин үеийн шүүмжлэгчид энэ нийгмийг "бохир нийгэм" гэж хэлэх нь бий. Ингэхэд тэдгээр хүмүүсийн бие нь ямар байдаг бол?
Ямар ч том асуудал жижиг асуудлуудын овоолго л байдаг. Ямар ч жижиг асуудал жижиг гэлтгүй л асуудал мөн. Тийм үмх асуудлуудыг шийдээд байхад л, дэлхий маань цэвэрших ч юм билүү, хэн мэдээ билээ..

Жич. Мацаг барих нь нарийн дэглэмтэй, эмчийн заавар дор хийх ёстой эмчилгээ бөгөөд өөрийн дураар буруу хийх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг анхаарна уу.

Эх сурвалж: trends.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 2 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 2 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 3 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 3 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 3 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 3 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 4 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 6 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 6 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 6 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 6 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 7 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 7 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 7 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 8 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 8 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 9 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 10 цагийн өмнө