Боловсролын яам, ХААН Банк, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй "Багийн бага сургууль" санаачилгын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт шинэ бага сургууль барихаар болж, хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн онд ХААН Банкны санхүүжилтээр дөрвөн багт бага сургууль байгуулснаар алслагдсан бүсийн 300 гаруй хүүхэд гэртээ ойр, аюулгүй орчинд суралцах боломжтой болсон байна.
Шинээр баригдах сургуулиуд нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй бөгөөд дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. Мөн олон улсын стандартад нийцсэн сургалтын танхим, бүрэн тоноглогдсон цахим анги байгуулж, сурагчдыг шаардлагатай хичээлийн хэрэгслээр бүрэн хангахаар төлөвлөжээ.
ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд энэ онд нийт зургаан байршилд бага сургууль байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, соёл, спорт зэрэг салбарын 540 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна