Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Үндэсний үйлдвэрлэл, монгол брэнд, жижиг, дунд үйлдвэрлэл гэх нэршил бидний амьдралд түгэн дэлгэрээд удаж буй. Хэзээнээсээ гуталнаасаа эхлээд хувцас, гоёл чимэглэлээ урлаад өмсчихдөг байсан манай ард түмэнд өдгөө дээрх үгс ямар нэг харь үг шиг, эсвэл хэн нэгэнд зориулагдаад бусдад нь огтын хамаагүй улс төр мэт ойлгогддог болсон нь нууцгүй үнэн. Охид бүр ээжийгээ дагаж зүү, утас нийлүүлдэг уламжлалт соёл үнэд хүрч, ямар нэг тусгай сан бүрдүүлэх хэмжээний нэр томъёо болсон нь жаахан гунигтай. Гэвч элдэв сангийн зээл хүсэж төрийн нүүр царайчлахгүйгээр жижиг дунд үйлдвэр эрхэлж, монголдоо брэнд бүтээгээд даруухан яваа хүн тийм ч цөөн биш байгаа нь сайхан. Хатгаж мэтгэсэн хаваас шаглаа бүртээ ур ухаан, сэтгэлээ шингээдэг үйлчин бүсгүй Ц.Ундрамын оёдлын урланд уншигч таныг саатан тухлахыг уръя. Түүнтэй цаг болзож "Box Mall" худалдааны төвийг зорилоо.

Түүнтэй цаг болзож "Box Mall" худалдааны төвийг зорилоо.

Экспортын хувцаснаас дутах зүйлгүй загварлаг, өнгө, материалын өргөн сонголттой хувцас, гоёл чимэглэл энэ бүсгүйн гараас амилан гарч, бяцхан хэрэглэгчдийн таашаалд нийцдэг гэж бодохоор эрхгүй бахархал төрлөө. Түүний бүтээц, хийц, хувцас, хэрэглэлийн өнгө яг л хавар шиг юм. Арга ч үгүй биз. "Ука" брэндийг таашаан хэрэглэгчдийн олонх нь зургаан сартай нярайгаас зургаа, долоон настай охид байдаг учраас тэрбээр материалын өнгө, хүний биед эвтэй, элдэв харшил өгөхөөргүй зөөлөн, дулаан, цэвэр даавуугаар хувцсаа урладаг аж. Эх хүний халуун хайраар бяцхан хүүхдүүдийн гоёлыг бэлтгэдэг гэсэн үг. Түүний урланд оёдлын машин хэзээ зогсох нь мэдэгдэхгүй тачигнаад, таваас арван хүн тонголзон ажиллаж байдаг болов уу хэмээн бодож очив.

Гэтэл урлангийн эзэн Ц.Ундрам бүсгүй ганцаараа угтлаа. Зүү утас нийлүүлэх хүндхэн ажлыг ганцаараа нугалдаг, эсэхийг нь лавлатал "Тууштай, чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг хүн олоход бэрх болжээ. Одоогоор ганцаараа ажиллаж байна. Уг нь бол дахиад 3-5 хүн авмаар л санагддаг. Даанч хариуцлагатай, зүтгэлтэй, тууштай ажиллах хамтрагч олдохгүй удаж байна. Одоо ч ганцаараа ажиллаад сурч байна даа. Хэн нэгэнд найдахгүйгээр өөрөө өөртөө итгээд, өөрөөсөө шинэ шинэ бүтээл, санаа төрүүлэх сайхан байдаг" гэж тэр хэлсэн. Өөртөө ажлын байр бий болгож, төрийн хайр хишиг, бодлого чиглэл горьдоод суудаггүй хөдөлмөрч хүн бишгүй олон бий. Гучин насны босго дөнгөж л алхаж яваа Ц.Ундрам яг л ийм тийм өөрийн хүч, бярдаа итгэдэг хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл аж. Ийм л хүмүүсийн нуруун дээр үндэсний соёл гэгч оршиж, ийм л хүмүүсийн гараас бусдад үзүүлэх бахархал "ургаж" байдаг аж. Хэдийгээр ажлын байрны хамтран зүтгэгч олох эрэл мухардсан ч хөдөлмөрийнхөө үр шимийг ганцаараа хүртээд суудаггүй бүсгүй аж. Тэр чаддаг, мэддэгээ олон хүнд зааж, амьдралаа болгох, ажилтай байхад хөтөлж сургадаг нэгэн.
Бид түүний урланд өнгөрөгч өдрийн 12.00 цагт зочилсон юм. Биднийг очиход тэр үйл мэтгэж суусан. Захиалга их, богино хугацаанд бүтээлээ гараас гаргах ёстой учраас алгуурлаж суух цаг гардаггүй аж.
Энэхүү бизнесээ Ц.Ундрам 2017 оноос эхэлжээ. Хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа санаагаа олсон гэнэ. Энэ тухайгаа "Анх гарын доорх материалаар охидын үсний хавчаар хийсэн. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэй бүр амьдралдаа хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн шинэ санаа бодож суудаг. Яг ингэж тархиа гашилгаж байхдаа хорооллын гар урлалын жижиг хэрэглэгдэхүүн борлуулдаг дэлгүүрээс арван ширхэг хавчаарын материал авч, ажлаа эхэлсэн. Хийсэн хавчаараа цахим хуудсаараа дамжуулан зарахад ээжүүд маш их сонирхсон. Арван хавчаараа өдрийн дотор зарж, үүнээсээ урам аваад хорин ширхэгийг хийсэн. Ингэж хийж зарсаар өөрөө хаягийн дагуу хүргэж өгдөг болсон. Ерөөсөө шантраагүй. Нэг ширхэг хавчаарыг ч залхуурахгүй хүргэдэг байлаа. Тухайн үед ашиг олно гэхээсээ илүү хөдөлмөрлөж байгаадаа баярлаж түүнээсээ урам авдаг байсан. Бизнесээ хорин мянган төгрөгөөр л эхлүүлж байлаа гэж ярихаар хүмүүс итгэдэггүй юм. "Ука" гар урлалын дэлгүүрээ нээгээд яг нэг жилийнхээ ойтой золгож байна" гэж дурслаа.

АМЬДРАЛ ХҮН БҮРИЙГ СОРЬДОГ

Бизнесийн гараагаа эхлүүлж байгаа хүн бүрт бэрхшээл тулгардаг. Тэрхүү бэрхшээлийн ард гарч чадсан нь бизнесээ цэцэглүүлдэг бол, шантарч ухарсан нь "шатаж" үлддэг. Ц.Ундрам бүсгүйн хийсэн хавчаар, бусад бүтээгдэхүүнийг нь худалдан авах хүсэлтэй хэрэглэгчийн тоо олширсон ч бэрхшээл, асуудал мундсангүй. Лангуу түрээсэлье гэхээр мөнгөгүй, хүргэлт хийгээд борлуулалтаа сайжруулъя гэхээр нялх хүүхдээ тэврээд хаа хүртэл явах вэ гэх мэт зүрх алдам үеүд байснаа тэрбээр нуугаагүй ээ.
Үйлчлэгчийн захиалга олширсоор, бүтээлээ борлуулах газар зайлшгүй хэрэгтэй болж. Золоор хань нөхөр нь гэлтгүй хадам аав, ээж нь ч бэрийнхээ үйл хэргийг дэмждэг байсан тул охиныхоо бэрхшээлийг хуваалцахаар шийдсэн байна. Нэгэнт Жижиг, дунд үйлдвэр эрхлэлтийн сангаас зээл авна гэдэг мөрөөдөл тул урлангаа нээхийн тулд хадам аавынхаа тэтгэврийн зээлийг нэлээд олон сарын хугацаатайгаар авхуулсан байна. Ингэж л түүний урлан хаалгаа нээжээ. "Би дэлгүүрийн хорго түрээсэлж бараагаа зарж эхэлсэн. Тэгээд худалдагчаа хийхийн хажуугаар захиалгат бараагаа оёдог байв. Амьдрал хүн бүрийг сорьдог гэж би боддог. Сорилыг хэрхэн давсан бэ гэдгээр амжилт хэмжигддэг байх. Мэдээж одоо ч надад бэрхшээл бий. Хөрөнгийн эх үүсвэр дахиад олдвол ажиллах хүч, хүний нөөцөө нэммээр байна. Бусад нь бол болоод байгаа. Оёх, урлах ажил чимхлүүр, дамжлага ихтэй учраас ганцаараа худалдагч, оёдолчин, эсгүүрчин, материалаа татах ажлаа амжуулах хүнд. Ажилчин авна гэсэн зар олон ч газар тавьсан. Харамсалтай нь, тууштай ажил хийх хүн олдохгүй юм. Залуусын сонирхол биднийхээс их өөр юм. Мэндийн зөрүүгүй цалин асуух хүн ч таардаг. 11.00-20.00 цаг хүртэл өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай ажиллах хүн олдохгүй байна. Хүмүүс ажил хийх дургүй болжээ" гэв. Энэ нь ганц түүнд анзаарагдаж ажиглагдаад байгаа зовлон биш, ажил олгогчдын толгойн өвчин болоод буй асуудал. Монголд ажлын байр бий ч ажиллах залуус олдохгүй байгаа нь эмгэнэл гэдгийг ажил олгогчид үгссэн мэт ярьцгааж, асуудал хөнддөг.
Ц.Ундрам бүсгүй цаашид ажиллах хүчээ хэрхэн олох тухайгаа "Ажил хийвэл ам тосдоно гэж сайхан үг бий. Харамсалтай нь бүтээлчээр, чин сэтгэлээсээ ажил хийдэг хүн их ховор болжээ. Гэхдээ нэг гаргалгаа олсон. Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийг төгсөж байгаа гарын дүйтэй хүүхдүүдийг ажлын байраар хангах хүсэлтээ багшид нь гаргасан" гэв. Энэ тухайгаа дэлгэрүүлээд "Би БНСУ-д сурсан. Тэнд байхдаа шөнө нь ажиллаад, өдөр нь хичээлдээ явдаг байв. Хөдөлмөр хүнийг хүн болгоно гэж аав, ээж минь сургадаг байсан. Хүний газар ажил хийж үзсэн хүний хувьд тийм ч хэцүү ажлын санал залууст тавиагүй" хэмээн ярилаа. "Ажлын амтыг мэдрэх үнэхээр сайхан. Одоо би өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон. Манай урлангаар ирсэн хүн бүр сэтгэл хангалуун гардаг. Мөн "Заавал үйлдвэртэй болоорой" хэмээн ерөөдөг" хэмээн ярьж суугаа Ц.Ундрам бүсгүйгээс ажилдаа дуртай, бүтээлч хүн ямар ч нөхцөлд амжилтаа бүтээж чаддагийг харж болохоор аж.
Тэрбээр урлангаа өргөжүүлэхийн хажуугаар ням гараг бүр эмэгтэйчүүдэд гар урлалын сургалт зохион байгуулдаг гэнэ. Түүний энэхүү сургалтын групп нь 600 гаруй гишүүнтэй бөгөөд долоо хоног бүр шинэ содон зүйл сурч мэдэхийг хүссэн эмэгтэйчүүд түүнийг зорин ирж, нэг өдрийг үйл бүтээж, бүтээснээ ярилцаж, шинэ санаа бодлоо уралдуулан өнгөрөөдөг аж. Ц.Ундрам сургалтдаа зориулаад үргэлж шинэ санаа хайж байдаг бөгөөд бусдын хийгээгүйг ээжүүд хийж чадна гэж шавь нараа урамшуулдаг гэнэ. Тэр нэг ч болов айл өрх миний зааж өгсөн технологиор үр хүүхэд, эргэн тойрныхондоо хувцсыг нь төвөггүй хийж өгөөд, өрхийн төсвөө хэмнэчихдэг болоосой гэсэн хүслээр энэ ажлыг хийдэг. Залуухан, эгэл даруухан баялаг бүтээгчийн бодол ийм л уужим байна.

САЙН, БИЕД ЭВТЭЙХЭН МАТЕРИАЛААР ХЯМД ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЭРХЭМЛЭДЭГ

Тэднийх ам бүл дөрвүүлээ. Нөхөр, охин, хүүгийнхээ хамт амьдардаг. Ц.Ундрам урласан хувцас бүрээ охиндоо өмсүүлж туршиж үзэхийг эрмэлздэг гэнэ. Материалын суналт, угаахад өнгө, будаг гарах, эсэх, хүүхдийн биед эвтэйхэн байгаа, үгүйг ингэж шалгадаг аж. Ээжийнхээ гол туслах модель охиныг Аялгуу гэдэг. Хамгийн гол нь хүүхдийн хувцсыг биед нь эвтэй, сайн материалаар хийж хямд зарах нь миний баримталдаг зарчим гэж Ц.Ундрам хэлсэн. Энэ тухайгаа "Надтай ижил бизнес эрхэлдэг зарим хүн над руу залгаж "Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс арай дэндүү хямд зарж, үнэ "унагаад" байна" гэдэг. Харин миний хувьд тодорхой хэмжээний ашиг олж байгаа учраас улайрахыг хүсдэггүй. Заавал хоёр, гурав нугалсан үнээр хэрэглэгчид очих ёсгүй гэж боддог. Үндэсний үйлдвэрлэгч хямд, чанартай бараа зах зээлд гаргаад ирвэл хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ илүү дэмжинэ. Миний хувцасны үнийг сонссон хэн ч хямдыг нь гайхдаг" гэсэ

. Тэрбээр нэг ирсэн хүн дараа нь заавал эргэж ирдэг байхыг хүсдэг аж. Энэ бол бизнесийн алтан зарчим төдийгүй, худалдаа эрхэлж байгаа хүнд байх ёстой ухаан юм. Хэрэглэгчээ бодсон ийм ухааныг дагаж эрэлт үүсдэг нь бизнесийн алтан зарчим билээ.
Ц.Ундрам энэ тухай "Хүүхдэдээ хувцас авахгүй яадаг юм гэсэн байдлаар манай худалдаачид, үйлдвэрлэгчид ханддаг. Та хүүхэдтэй бол анзаардаг байх. Хүүхдийн хувцас тэнгэрт тулсан үнээр борлуулагддаг. Би маркетингийн менежер мэргэжилтэй учраас энэ талын дүрмийг сайн мэднэ. Оёж, урлах нь миний сонирхол байсан учраас сонирхлоо дагасан. Цаашид охиныхоо нэрээр нэрлэсэн өөрийн брэндтэй болохыг мөрөөддөг. Ирэх жил "Ука урлан" салбар дэлгүүрээ заавал нээнэ гэсэн зорилготой хуримтлал үүсгэж байгаа" гэлээ. "Ука урлан"-гаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүр сэтгэл хангалуун дараагийнхаа захиалгыг өгдөг гэв. Энэ л бидний хайгаад байдаг ЖДҮ аж. Ийм ЖДҮ өрх бүрт амилдаг бол Монгол үйлдвэрлэгч орон болоход ойрхон доо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 44 минутын өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 1 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 1 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 3 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 4 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 4 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 5 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 5 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 5 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 20 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 20 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 20 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 20 цагийн өмнө