Сэтгүүлчдийн байр суурь: Сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээх нь зөв үү?


Ч.ЛОДОЙСАМБУУ: СЭТГҮҮЛЗҮЙН ЗАРЧИМ ДЭЭРЭЭ ХАТУУ ЗОГСДОГ БОЛЧИХ ЮМ БОЛ БИД БУСДААС ШААРДАХ ЭРХТЭЙ, ХҮЧТЭЙ БОЛНО

Сэтгүүлчийн ажил хэн нэгнийг ямар нэг аргаар дарж авахад биш нийгмийг энэ төрлийн гажуудлаас гаргахад чиглэх ёстой. Худлаа мэдээлэл, гүтгэлэг, доромжлолуудыг ангилж ялгаж салгаж ойлгуулахын тулд л сэтгүүлзүй байгаа биз дээ? Гэтэл одоо “Хүнийг гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэхээр ундууцаад байгаа сэтгүүлчдийг ойлгохгүй байна. Юу хийж, ямар ажил хийж, ямар үүрэг хүлээж, юуг зорьж ажилладагаа мэдэхгүй байна гэсэн үг биз дээ.

“Нэр хугарахаар яс хугар” гэж зүгээр нэг согтуу монгол нэрэлхэхдээ хэлчихсэн юм биш шүү дээ. Хүний нэр төр бол хүн төрөхдөө л тээж ирдэг хамгийн үнэт капитал нь шүү дээ. Түүн рүү нь халдаж үгүй хийнэ гэдэг бол эд хөрөнгө, амь насыг нь хулгайлахаас ч хүнд гэмт хэрэг. Бид хулгайчийг хэдэн жил шоронд хорьдог билээ? Хулгайлагдсан эдийг нөхөж болно. Сэвтсэн нэр, хохирсон сэтгэл санааг юугаар ч нөхөх боломжгүй. Оюун ухаант хүмүүсийн хувьд хохирлын хэмжээ хязгааргүй. Ийм хүнд гэмт үйлдэл хийсэн хүн сэтгүүлч байна уу, хэн байх нь хамаагүй маш хатуу шийтгэх ёстой.

Гол нь нэг л зүйл байна. Өнөөдөр Монголын ямар ч сэтгүүлч шүүх засаглалд итгэхгүй. Шүүх нь ч итгэл төрүүлэхээсээ өнгөрчихсөн яваа. Ийм байхад хувь заяагаа итгэлгүй шүүхэд өгөх нь яг өнөөдөр бол маш том аюул. Дуугардаг сэтгүүлчгүй болвол яах вэ? Нийгэм гар чийдэнгүй хаачих вэ? Тэгэхээр ялгаж ойлгох хэрэгтэй. Сэтгүүлч гэж хүний тусгай төрөл байхгүй тул мэргэжлийн онцлог үл хамааран бусадтайгаа ижил хуулийн хариуцлага хүлээнэ. Хүн гүтгэвэл маш хатуу хариуцлага хүлээхэд бэлэн. Гол нь яг өнөөдөр шийдэх асуудал энэ биш. Шүүх чинь бэлэн биш байна. Тиймээс Эрүүгийн хуулийн энэ нэмэлтийг биш нэмэлт оруулах цаг хугацааг эсэргүүцэж байна.

Сэтгүүлчиддээ хандаж дахин уриалъя. Улаам цайм хүнийг гүтгэж доромжилдог редакц, сэтгүүлчдийг бид өөрсдөө үнэндээ гадарлана. Тэд нартаа шаардлага хүргүүлье. Угаасаа хүн гүтгэж доромжилдог сэтгүүлчдийг тогоо шанага ярьж өмгөөлдгөө больё. Бусдаас шаарддаг шударга ёсоо өөрсдөөсөө эхлэе. Дотроосоо задалъя. Тэгэж чадаад бүгд сэтгүүлзүйн зарчим дээрээ хатуу зогсдог болчих юм бол бид бусдаас шаардах эрхтэй, хүчтэй болно. Тэр цагт ийм хуулийн өөрчлөлт ярих нь жижиг хэрэг шүү дээ. Гүтгэхээ л больчихъё!

Г.УРАНТӨГС: ХҮНИЙ ЭРХЭЭ ХАНГАЖ ЧАДААГҮЙ УЛСАД Л ИЙМ ХУУЛЬ МӨРДӨГДДӨГ

Сэтгүүлчид  гүтгэж, олон нийтэд худал мэдээлэл тарааж болохгүй гэдэг нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ энэ эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй улстөрчид  өөрсдийнхөө зорилгод урвуулан ашиглаж, цензурдах хэрэгсэл болгож болно гэсэн үг огт биш. Өнгөрсөн 3 жилийн  турш нийгмийн  тэгш боломжийг хааж, хүний эрхийг уландаа гишгэсэн улстөрчдийн ичгүүр сонжуургүй олон үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л хамгийн түрүүнд олон нийтэд мэдээллэсэн.

Улстөрчдийн улсад учруулсан хохирол их наядаар тоологдож байгаа бол сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллийн үр дүнд учирч болзошгүй байсан  улстөрчдийн үйлдлүүдэд олон нийт хяналтаа тогтоож чадсан гэж бодож байна.  Харин одоо буцаад эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг яллахаар болж байна. Өмнөх рүүгээ буцсан,  ухарсан, хэвлэлийн эрх чөлөөний индексээ хойш нь татсан  шийдвэр гэж харж байна. Хэвлэн нийтлэх, тэр дундаа олон нийтийн мэдэх эрхэнд хуулиар халхавчлан  халдсан улстөрчдийн ээлжит үйлдэл. Хэдий гүтгэх, доромжлох хэргийн субьект нь дан ганц сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан биш ч гэсэн  олон нийтийн нүд чих болсон манай салбарынханы амыг барих, зоригийг мохоох шийдвэр боллоо. Эрхзүйн байдал ч дордож байна.  Хэвлэл мэдээллийн редакциудад  хүчирхийлсэн үзлэг шалгалт хийхээс эхлээд, эрх ашиг нь хөндөгдсөн албан тушаалтнуудын захиалгаар сэтгүүлч эрүүгийн хэрэгтэн болохыг үгүйсгэхгүй . Хүний эрхээ хангаж чадаагүй улсад л ийм хууль мөрдөгддөг.

 Г.МӨНХТУУЛ: БИД ЧИМЭЭГҮЙ ХҮЛЦСЭЭР БАЙХ УУ, ҮЗЭГ НЭГТНҮҮД МИНЬ

Сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар торгодог байсныг эрүүгийн хуулиар шийтгэдэг болж байгаатай эвлэрмээргүй байна аа. Олон нийтийн мэдэх эрхийн төлөө өөрийгөө золиосолж ажилладаг сэтгүүлчдийг нүүрээ нуусан хөлсний троллчидтой адилхан авч үзэх болсон нь харамсалтай. Тэгээд ч эрх зүйн байдлыг нь дордуулахгүй гэдэг зарчим сэтгүүлчдийг яллах энэ зүйл дээр алдагдаж байгааг эрхэм хуульчид мэдмээрсэн дээ. Зөрчлийн хуулиар торгуулж байхад Хэвлэлийн хагас эрх чөлөөт орны тоонд багтаж байсан Монгол улс одоо эрүүгийн хуулиар яллах болсноор Хэвлэлийн эрх чөлөөгүй орон болж хувирч байна. Бид чимээгүй хүлцсээр байх уу, үзэг нэгтнүүд минь ?!!

У.Болортуяа Өрөг.mn сайтын Ерөнхий Редактор

СЭТГҮҮЛЧИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ

1-рт Монгол авилгажсан орон.. Авилгын индексээр 180 орноос 93-рт бичигддэг. Авилгаас үүдсэн хохирол нь жилийн улсын төсвөөсөө ч их. Хүн амын 30 хувь нь ядуу. Ийм үед сэтгүүлчид амь нас, аюулгүй байдлаараа дэнчин тавьж үнэнийг дэлгэж, авилгачдыг илчлэхээс өөр юу хийх юм бэ? Гэтэл булайгаа дэлгүүлдэг гол этгээдүүд сэтгүүлчдийг урьдчилан цензурдэх, айлгах, хашраах гэж ЭРҮҮГИЙН хуулиар далайлгаж  байна. Баримт дэлгээд улс төрчийн хууль бус үйлдлийг илчиллээ гэхэд нэр нөлөө бүхий улс төрч сэтгүүлчийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР “гавлах” хаалга нээгдэж байна гэсэн үг.Өнөөдөр үнэнийг илчилж буй цөөн сэтгүүлчид шоронд орохгүй ч шоронд орсноос өөрцгүй НАСААРАА ялтан нэр зүүх нь байна.

2-рт сэтгүүлчид хүн гүтгэхээ больчих, та нар муу гэх байх. Монгол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс. 70-р байранд байгаа. Боловсролын үзүүлэлтээр ч 101-р байранд жагсдаг. Сэтгүүлчид муу байгаа нь том зургаар харвал боловсролын систем муу байгаагийн л толь. Туршлага багатай, шинэхэн сэтгүүлч санаандгүй алдаа гаргалаа гэхэд уучлалт гуйгаад залруулаад, торгуулж болохын оронд ЯЛТАН нэр зүүлгэх гээд байна.

Сэтгүүлч хүн гүтгэж болохгүй. Эрх чөлөө ярьдаг шигээ үүргээ биелүүлдэг байх ёстой. Гэхдээ гүтгэвэл хариуцлага хүлээдэг хуулийн санкц байсаар байхад заавал эрүүгийн хуулиар ЯЛТАН болгох гээд улайрч байгаа нь улс төрчид өөрсдийнхөө мөнгө идэх, хэнээр ч хянуулахгүй байх замыг засаж байгаа хэрэг л гэж харж байна. Сэтгүүлч айдасгүй, эрх чөлөөтэй ажиллах нь АРДЧИЛЛЫН суурь шүү дээ.

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ TRENDS.MN ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЭРХЛЭГЧ 

Сүүлийн хэдхэн жилийн дотор ардчилал, эрх чөлөөг сонгосон монголчуудын сонголт, тэр сонголтынхоо төлөө хийсэн асар их золиос, хичээл зүтгэлийн үр дүнг тэглэх,  буцаж ухрах шинж маш хүчтэй илрэх боллоо. Энэ бол аюул. Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөгөө Үндсэн хуулиараа тунхагласан монгол хүн гэдэг бол мянга мянган жилийн түүхээс бүтэж бий болсон гайхамшигт ололт. Эндээс ухрах гэж оролдсон улстөрчдийг өөрсдийг нь толгой дараалан улстөрөөс арчих хэрэгтэй.

Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам:  ХУВЬ СЭТГҮҮЛЧ “ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН” ГЭХ НАМТАРТАЙ БОЛОХ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ

Зөрчлийн тухай  хуулийн 6.21. Гүтгэх 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн тухай хуулийн 13.14 дүгээр зүйл.Гүтгэх 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Зөрчлийн тухайн хуулийн 6.21-р заалтаар “гүтгэх” үйлдлийг зохицуулдаг байсныг Эрүүгийн тухай хууль руу оруулж, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хасах зэргээр шийтгэврийг хүндрүүлсэн нь хэвлэл мэдээллийн байгууллага болоод хувь сэтгүүлчид хүндрэлтэй тусна гэж харж байгаа. Нийтийн эрх ашиг ашиг зөрчсөн, хэн нэг албан тушаалтан илтэд давуу эрх эдэлсэн зэрэг үйлдлүүдийг эрэн сурвалжилж бичээд, эцсийн байдлаар нотлогдохгүй л бол шүүх дээр уначихдаг. Энэ тохиолдолд сэтгүүлч шууд байдлаар эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа нь харамсалтай. Зөрчлийн тухай хуулин дахь 2 сая төгрөгийн торгууль нь сэтгүүлчдэд маш хүнд тусч, тодорхой сэдвүүдийг бичихээс айдаг хэлбэр лүү хэдийнэ оруулчихсан.

Одоо Эрүүгийн тухай хуульд гүтгэх зүйлчлэлийг багтаачихаар хэвлэлийн хардах, эрэн сурвалжлах, нийтийн эрх ашиг зөрчигдөж буй сэдвүүд рүү анхаарах сэдлүүд улам айдаст автаж, эрсдлээс айх нөхцөл бий болгож байна. Цаашлаад сэтгүүлчээр ажиллаж буй хэн бүхэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх намтартай болохыг хүсэхгүй. Ийм хаалтууд нь эргээд нийгмийн чанартай олон сэдвүүд дээр хэвлэлийн ажиллах орчинг айдасжуулж байгаа юм. Нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг тараахгүй байх үүргээ хэвлэлийн байгууллагууд өндөр түвшинд хүлээж ажиллах бодит шаардлага байгаа юу гэвэл байгаа. Мэргэжлийн редакцитай байгууллагууд энэ тал дээр харьцангуй сайн мэргэшиж ажилладаг. Сэтгүүлзүйн салбарынхан дотооддоо эрүүлжиж, мэргэжлийн ба мэргэжлийн бус ашиг хонжооны төлөөх нэгдлүүлээрээ ялгарах хэрэгтэй байгаа нь үнэн билээ.

С.ЭРДЭНЭБАЯР: ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ДАЛАЙЛГАН СЭТГҮҮЛЧДИЙГ АГНАХ, АМЫГ НЬ ҮДЭХ ХЭРЭГЛҮҮР БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Зөрчлийн хууль дахь гүтгэх, доромжлох заалтыг эрүүгийн хууль руу оруулах замаар сэтгүүлчдийн хэвлэн мэдээлэх үйл ажиллагааг хязгаарлахыг оролдсон нь олон улсын хэмжээнд хүний эрхийг дордуулаад зогсохгүй, сэтгүүлчдийг хуулиар далайлган сүрдүүлж буй явдал. НҮБ-аас Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлыг дээшлүүлэх чиглэлээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой найман зүйлийн зөвлөмж өгсөн. Үүнд Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэжээ.

Гэвч хууль тогтоогчид асуудлыг зөрчлийн хуулиар шийдэх шийдлээсээ ухралт хийж орхилоо. Энэ шийдвэр цаашдаа Эрүүгийн хуулиар далайлган сэтгүүлчдийг агнах, амыг нь үдэх хэрэглүүр болох эрсдэлтэй. Энэ зүйл заалтыг анхнаасаа Зөрчлийн тухай хуульд бичсэн нь ч алдаа болсон. Зөрчил шалгагч нь энгийн нэг хорооны цагдаа дүгнэж шүүгээд шийдчих нөхцөл бий. Цаашилбал зөрчил гаргагч нь буруугүй гэдгээ нотлох үүргийг өөрөө хүлээх болно. Тиймээс энэ асуудлыг иргэний хуулиар шийдэх замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдалгүй шийдэх боломж байна.

ТВ9 телевиз, "Монгол коммент" нэвтрүүлгийн сэтгүүлч М.Батбилэг: Углуургаараа бол иргэдийн мэдэх эрхийг хааж байгаа нийгмийн дарамт юм 

“Сэтгүүлчдийг шийтгэдэг хууль чангарлаа” гэх нь наагуураа сэтгүүлчид руу чиглэсэн мэт боловч углуургаараа иргэдийг мэдээллээр боомилж байгаа хүчирхийлэл мөн. Хэвлэн нийтлэх орчинд үүсч байгаа энэ эрхзүйн дарамт нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж буй нийгмийн дарамт юм. Учир нь сэтгүүлч өөртөө зориулж нэг ширхэг ч мэдээ бэлтгэдэггүй, бүгд олон нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Өнгөрсөн онд л гэхэд сэтгүүлчдийг торгосон мөнгө 200 сая төгрөгт хүрчээ. Торгууль төлсөн сэтгүүлч бүхэн өмнөх шигээ зоригтой дуугарч чаддаггүй. Нөгөө талаас, эрх мэдэлтнүүд өөрсдөө хуулийн зөрчилгүй, нэр цэвэр бол сэтгүүлчдийн “амыг барих” гэж ингэтлээ улайрахгүй л байсан даа.

Н.ӨНӨРЦЭЦЭГ: СЭТГҮҮЛЧДИЙН ЗОРИГИЙГ МОХООХ ГЭСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН САНААГ Х.МАНДАХБАЯР АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Төсвийн мөнгийг хулгайлсан дарга  нар хэзээ буруугаа хүлээдэг байсан юм бэ? Бүгд л буруугүй монгол шүү дээ. Сэтгүүлчид, сайд, УИХ-ын гишүүн, агентлагийн дарга нарын булхайг гаргаж тавьдаг. Тэд бүгд л өөрсдийгөө үхэн хатан өмөөрдөг. Шүүмжлэлд өртсөн албан тушаалтнууд өөрийнхөө буруутайг мэдсээр байж, сэтгүүлчдийн зоригийг мохоох гэж зориудаар хуулийн байгууллагад бүгд өргөдөл гаргадаг.  Өнөөдрийн нөхцөлд сайдын суудалтай, алтны уурхайтай, тэрбумтнуудтай өмгөөлөгч ч авах чадалгүй сэтгүүлч ганцаараа  нүцгэн гараар л үзэлцдэг. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нэр төрөө үхэн хатан хамгаалахдаа цагдаа, прокурор,  шүүгч нарт нөлөөлөл үзүүлдэг нь нууц биш. Тиймээс эрүүгийн хуулиар бид шийтгүүлбэл бүгд ялтай сэтгүүлчид  болж хувирна. Сэтгүүлчид ч энэ бүхнээс залхаад, аргацаах төдий л ажиллаад эхэлнэ.  Энэ бол сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар айлгаж зоригийг нь мохоох гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн явуургүй арга.  

Ажлаа хийж яваад эрүүгийн хэрэгтэн болох үүдийг МАН-ын бага хурлын гишүүн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр амжилттай  нээж өглөө. Гомдолтой байна. Эрүүлжүүлэгдсэн, зодоон хийсэн, эвгүй  үнэртэй  тасалгаанд бид хэрэг хийгээгүй мөртлөө нэг дор  дугаарлаж байгаад байцаалт өгдөг.  Хуулийн байгууллагаар явахад маш хүндрэлтэй. Өмнө нь цагдаа дээр очоод баримтаа өгөөд байцаагддаг байсан бол  бол одоо прокурор, шүүхийн хаалгыг бас татах болчихоод байна.

 Н.БААСАНДАМБА

Эрүүгийн хууль дахь гүтгэхтэй холбоотой заалт нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай зохицуулалт гэж манай салбарынхан ч тэр олон нийт ч тэр ойлгоод байх шиг. Эрүүгийн хуульд ийм зохицуулалт оруулсан нь эрх мэдэлтнүүдэд сэтгүүлчдийг "хазаарлах" боломж олгохоос гадна олон нийтийн ялангуяа шүүмжлэлт дуу хоолой бүдэгрэх эрсдэл дагуулна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 7 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 8 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 8 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 8 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 8 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 9 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 10 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 10 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 10 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 10 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 11 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 12 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 13 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 14 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 14 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 14 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 15 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 15 цагийн өмнө