Э.Энхсувд: Тусгай үүргийн онгоц ослын буулт хийж, бид онгоцондоо долоон цаг суусан


Энэ хугацаанд нэг сэндвич, 250 грамм ус л өгчээ

ОМ302 дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц долдугаар сарын 2-ны 13:23 цагт Бээжин хотод ослын буулт хийжээ. Ийн онгоцонд зорчиж явсан 160 гаруй хүн онгоцондоо дараагийн онгоцыг хүлээн, долоон цаг хэртэй байсан байна. Энэ онгоцонд явсан Э.Энхсувдтай юу болсон талаар болон БНСУ-д байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Таны сууж явсан Сөүл-Улаанбаатарын онгоц Бээжин хотод ослын буулт хийсэн гэсэн. Яг юу болсон бэ? 

-Онгоц Сөүлээс 10:11 цагт хөөрөх ёстой байсан ч цаг гаруй зорчигчоо хүлээлгэж, 11:10 цаг гэж ниссэн. Нислэгээр 160 гаруй хүн ирсэн гэж байгаа ч албан ёсны тоо тодорхойгүй. Онгоц хөөрөөд цаг гаруйн дараа Бээжинд газардах болсон. Онгоцны ахмад эхлээд “Техникийн саатал гараад газардахаар боллоо. 20 минутын дараа бууна” гэсэн. Гэтэл дахиад “Техникийн байдлаас болоод онгоцны ачаагаа хөнгөлөхийн тулд Бээжингийн дээгүүр нэг цаг 30 минут нисэж, шатахуунаа шатаах шаардлагатай боллоо. Үүний дараа аюул, осолгүй газардана. Та бүхэн тэвчээртэй, хүлээцтэй, тайван байгаарай” гэж хэлсэн. Гэтэл онгоцонд сууж явсан нэг ах байсхийгээд л бүхээг рүү орж, гарч ирээд биднийг тайвшруулах гээд “Манай онгоц ослын буулт хийх гэж байна. Манай онгоцны ахмад олон жил ажилласан, туршлагатай нисгэгч. 

Та бүхэн битгий сандраарай. Сандарч, тэвдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн. Харин ч бид эсрэгээрээ хямраад эхэлсэн юм. Ингээд 14:00 цагийн үед онгоц Бээжингийн онгоцны буудал дээр газардсан. Газардсаны дараа хиншүү үнэртэх шиг болсон. Зорчигчид “Энэ техникийн буулт биш, ослын буулт байсан. Онгоцны нэг талын хөдөлгүүр  агаарт эвдэрсэн. Хойгуур сууж явсан хүмүүст илүү мэдэгдсэн” гэж байна лээ. Бид маш их эрсдэлтэй буултыг амжилттай хийсэн онгоцны  багийнханд талархал илэрхийлж, алга ташсан. Гэтэл надаас хоёр сандлын урд сууж явсан жирэмсэн эмэгтэй ухаан алдаад унасан юм. Бид онгоцонд эмч, мэргэжлийн хяналтын хүн явж байгаа гэж бодсон. Гэтэл тийм биш, анхан шатны тусламж үзүүлэх хайрцаг ч байгаагүй.

Эмэгтэйг сэрээхийн тулд зорчигч нараас үнэртүүлэгч хайж, зорчигчоор явж байсан нэг эгч эмч гээд анхан шатны тусламж үзүүлж, сэргээсэн. Ингээд эмэгтэй сэргэтэл онгоцны багийнхан Бээжингийн нисэх онгоцны буудлын эмчийн баг бүрэлдэхүүнийг дуудаж, тэд эмэгтэйг үзээд, зүрхний бичлэг хийж, анхан шатны бүх тусламж, үйлчилгээ үзүүлж, “Цааш нисэх юм бол эрсдэлтэй. Авч бууна” гэсэн. Нөгөө бүсгүй “Би та нартай явахгүй, би зүгээр” гээд буулгүй үлдсэн юм. Эмч нар “Цааш нисэх явцад ямар нэгэн эрсдэл гарвал бид хариуцахгүй” гэж гарын үсэг зуруулж авсан. 

ОНГОЦНЫ ХААЛГЫГ ОНГОЙЛГОЖ, АГААР АМЬСГАЛУУЛСАН

-Бээжинд газардахдаа та бүхнийг хаана байрлуулсан бэ? -

Бид долоон цаг хэртэй онгоцондоо суусан. Энэ хугацаанд нэг сэндвич, 250 грамм ус л өгсөн. Тусгай үүргийн онгоц учраас онгоцон дотор юм идэхгүй гэсэн заалттай. Гэтэл бид өлсөөд, цүнх саваа уудалж, байсан зүйлсээ хувааж идэцгээсэн. Мөн жирэмсэн эмэгтэй ухаан алдаж унасан учраас онгоцны үйлчлэгч нар онгоцныхоо хоёр талын хаалгыг онгойлгож, агаар амьсгалуулсан. Дараагийн онгоц ирж, буух зөвшөөрөл энэ тэрээ авах гэсээр бид 20:30 цагт Бээжингээс хөөрч, 22:12 цагт Улаанбаатарт ирсэн. Сөүлээс сэлбэг авчирч байж, нисэх боломжтой гээд ахмад, экипаж үлдсэн.

Цагийн зөрүүг оруулбал, бид онгоцонд 13-14 цаг байсан гэсэн үг. Улаанбаатарт газардахад мэргэжлийн хяналтынхан орж ирээд, нөгөө л асуултаа асууж, нөгөө л зүйлээ бөглүүлсэн. Ингээд эмнэлгийн шаардлагатай хүмүүсээ эхлээд буулгаж, би 01:00 цаг өнгөрч байхад онгоцноос бууж, “Амар” зочид буудалд 40 гаруй хүний хамт хүргүүлсэн юм. Гэтэл бид оройны нислэгээр ирсэн хүмүүстэй давхацсан. Хүмүүсийг тав таваар нь оруулж, дараалал үүссэн. Гадаа хүйтэн, дээрээс нь оройны нислэгийнхэн харьцангуй залуу хүмүүс байсан учраас жирэмсэн эмэгтэйчүүдээ эхлээд оруулъя гэдэг санал гарлаа. Ингээд жирэмсэн хүмүүсээ оруулж байтал хоёр онгоцныхон маргалдаж, 02:00 цаг гэхэд би өрөөндөө орсон. Өрөөнд халуун хоол байх болов уу гэтэл байгаагүй. Мөн өрөө маш бохир, ямар ч цэвэрлэгээ хийгээгүй байсан. 04:00 цагийн үед будаатай хуурга өгсөн. Маргааш өглөө нь шинжилгээ авч байж хоол өгнө гээд 15:00 цагийн үед хоол өгсөн. 

УОК, ЭМЯ, МИАТ ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Бидэнтэй хамт сар гаруйтай нярай хүүхэд хүртэл ирсэн. Өвчтэй, жирэмсэн хүн олон байлаа. МИАТ ийм эрсдэлтэй хүмүүсийг тээвэрлэж байж эмчтэй явах ёстой. Гэтэл хүмүүс “Аваад ирсэнд таларх” гээд загнаж байна. Үнэндээ, энэ чинь олон хүний эрүүл мэндийн асуудал. Бид үнэгүй ирээгүй. Энгийн үеэс хоёр дахин үнэтэй төлбөр төлж ирж байгаа. 

Мөн арай гэж тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн тоонд ортол шууд мөнгөөр дарамталж эхэлдэг. “Яг олдоо мөнгөө төл, тэгэхгүй бол нэрийг нь хаслаа” гэдэг. Хүний нутагт удчихсан хүмүүс мөнгөний асуудалтай байгаа шүү дээ. Хүмүүс Солонгост байгаа юм чинь ажил хийчихнэ гэж бодоод байгаа. Гэтэл ажил өдөр болгон олдохгүй, хэрэглээ бас ямар өндөр билээ. Би л гэхэд Солонгост очоод жирэмсэн болсноо мэдээд, хяналтад орсон. Сар бүр 200-300 мянган вон төлж эмнэлэгт үзүүлдэг. Амьхандаа тийзнийхээ мөнгийг хураах гэж хичээсэн. Сүүлдээ аав, ээжээсээ мөнгө авсан. 

Манай онгоцоор ирсэн хүмүүсийн 70 хувь нь жирэмсэн, хүүхэдтэй, өндөр настай, өвчтэй хүмүүс, үлдсэн нь асран хамгаалагч нар нь байсан. Яагаад эрсдэлээ тооцож, эмчтэй нисэж болохгүй байгаа юм бэ. Эмнэлгийн тусламж шаардлагатай ийм олон хүн тээвэрлэж байж, ямар ч хариуцлага байхгүй. УОК, ЭМЯ, МИАТ руу залгаад хэлэхээр хүлээж авдаггүй. Жишээ нь, “МИАТ-ын тийзний үнэ өндөр байна” гэхээр “МИАТ үнээ өөрөө шийднэ. УОК үнэ мэдэхгүй” гэнэ. Шинжилгээг өгөхийн тулд заавал эмнэлэг орно. Ингэх явцдаа халдвар авбал яах вэ гэдгийг бодолцдоггүй. УОК-т мэддэг зүйл байхгүй. Эсвэл энэ мэднэ, тэр мэднэ гээд дандаа өөрсдөөсөө бултуулдаг. Биднийг буудалд тав таваар нь оруулаад удаад байхаар нь хартал хоёр охин 300 гаруй хүний нэрс биччихсэн цаас шүүж байсан.

Ганц компьютер, нөүтбүүк тавьчихаж болно оо доо. Ийм шаардлага тавихаар “Цаанаас ийм заавар өгсөн” гэдэг.  Өрөөнд хориглох зүйлийн жагсаалт, бичиг ч байхгүй. Сүүлд манай давхрыг хариуцсан охин гараар бичсэн цаас оруулж өгч байх жишээтэй. Биднээс шаардах зүйлээ шаарддаг хэрнээ өөрсдөд нь шаардлага тавихаар хүлээж авдаггүй. 11:00 цагийн мэдээлэл үзэж байхад дандаа ерөнхий мэдээлэл өгнө. Тэгээд улс орнуудын болж бүтэхгүй байгааг ярина. Болж байгааг нь ярьдаггүй. Туршлагыг нь хэлдэггүй. Манай орон ядуу, хүнд хэцүү байна гээд байдаг. Гэтэл манайд гаднын тусламж, дэмжлэг маш их ирж байгаа. Гэсэн хэрнээ хүмүүст ямар нэгэн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт байхгүй байна. “Мөнгөтэй бол ир, үгүй бол битгий ир” гэж байна. Солонгост тийзнийхээ мөнгөө төлж чадахгүй, уйлаад үлдэж байгаа хүн олон байна. 

Би гурван хүүхэдтэй, дөрөв дэхээ тээж байна. Амьдралын боломж тийм ч өндөр биш шүү дээ. Байгаагаа шавхаад өглөө гэхэд дараа нь хэрхэн амьдрах вэ. ГХЯ-ны Мөнхтүшиг “Санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон хүмүүст тусгай арга хэмжээ авч байгаа” гэсэн ч энэ талаар асуухаар “Бидэнд ийм заавар ирээгүй. Мэдэхгүй” гэдэг. Санхүүгийн боломжгүйгээс ирэх хүмүүсийн тоонд орсон ч нэрээ татаж байгаа олон хүн байна. Би тийзээ төлж чадахгүй дээрээ тулаад УОК-оос “Дараагийн онгоцонд сууж болох уу” гэтэл “Нөхцөл шаардлага гараад онгоцондоо сууж чадаагүй хүмүүсийн нэрийг дахиж оруулахгүй” гэсэн. 

Тусгай үүргийн онгоц тусгай байх хэрэгтэй. Хэдэн тэрбум төгрөгөөр усан оргилуур барьдаг хэрнээ гадаадаас ирж байгаа монголчууддаа дарамт учруулдаг. Тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлмээр байна. Бид баяндаа гадаад яваагүй. Коронавирус гээд амьдрал зогсчихгүй, цаашид ч үргэлжилнэ. Цаашдын амьдрах чадварыг бодолцож, иргэдийнхээ санхүүг дэмжих хэрэгтэй байна. Шаардлага тавихаар “Боломж нь ийм, чадаж байгаа нь энэ. Улс чинь ийм байхад та нар туслах ёстой” гэдэг. Үүнд үнэхээр бухимдалтай байна. Улсыг бид хүнд, хэцүү нөхцөлд оруулаагүй шүү дээ. Гэтэл одоо наадам хийнэ гэж байна. Гадаадад онгоцныхоо билетийг ч авч чадахгүй байгаа хүмүүстээ туслах хэрэгтэй. Хүнээ бодсон шийдвэр гаргаач. 

-Онгоцонд суухад шинжилгээ өгсөн эсэхийг шалгаж байсан уу?

 -Шалгасан. Би анх тавдугаар сарын 14-нд өргөдлөө өгөөд, зургадугаар сарын нислэгт багтах болов уу гэтэл багтаагүй. Ингээд зургадугаар сард  БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон тус яамны Консулын газар, Улсын онцгой комисс руу залган "Явахгүй бол болохгүй нь. Төрөх хугацаа дөхлөө” гэдгээ хэлтэл Консулын газраас “Хүмүүс олон дахин өргөдлөө өгч, ахин дахин утасдаж байж явж байна. Тиймээс өргөдөл, хүсэлтээ ахин дахин өг” гэсэн. Уг нь нэг л удаа өргөдөл өгөхөд хангалттай баймаар. Хоёрдугаарт, мэдээлэл бүрэн өгдөггүй.

Анх өргөдөл хэрхэн бичих талаар Консулын газраас асуутал “Өөрийн гараар энд ирсэн зорилго болон өргөдлөө бичээд явуулчих” гэсэн. Гэтэл дараа нь өргөдөлд “Ийм зүйлүүд байх ёстой” гэсэн мэйл ирсэн. Тэгээд би дахиад өргөдөл бичсэн. Анхнаасаа өргөдөлд юу тусгасан байх ёстойгоо тодорхой хэлсэн бол ахин дахин ажил удахгүй. Зургадугаар сард ахин өргөдөл бичиж, зураг явуулсан. Гэтэл надад ямар нэгэн хариу өгөөгүй. Би юмыг яаж мэдэх вэ  гээд, хүмүүс БНСУ дахь МИАТ руу залган асууж байна гэхээр нь залгаж, овог, нэрээ шүүлгэтэл миний нэр долдугаар сарын 2-ны нислэгт багтсан байсан. Надад “Таны нислэгийн тийзний үнэ 1334200 төгрөг. Үүнийгээ яг одоо төл. Үгүй бол таны нэр хасагдах гээд байна” гэсэн. Надад яг тэр үед бэлэн мөнгө байгаагүй.

Учраа хэлтэл “Чадахгүй бол дараагийн хүнийг нь авна” гэсэн. Надад арга байгаагүй учраас тэгээд орхичихсон юм. Хоёр хоногийн дараа мөнгөө олчихоод, залгаад “Тийзээ авах гэсэн юм” гэтэл “Тэг тэг” гэсэн. Мөн “Шинжилгээг заавал өг, өгөхгүй бол онгоцонд суулгахгүй” гэж хэлсэн. Цаг нь тулчихсан, шинжилгээний хариу 48 цагийн дараа гардаг гэсэн учраас өөрт ойрхон эмнэлгүүдээ судалж, өглөө эрт өгвөл үдээс хойш, үдээс хойш шинжилгээ өгвөл маргааш нь гардаг эмнэлэгтэй холбогдож, шинжилгээгээ долдугаар сарын 1-нд өглөө. Шинжилгээний мэйлээр авсан хариугаа өгье гэтэл заавал бичгээр байх ёстой гэж МИАТ-аас хэлсэн. Надад хугацаа байгаагүй учраас мэйлээр авсан.

Онгоцны тийзээ авсан байх, шинжилгээ өгсөн байх, тусгаарлалтын мөнгөө заавал төлсөн байх гэсэн гурван шаардлага тавьсан юм. Аль нэг нь үгүй бол онгоцонд суулгахгүй гэсэн. Би тусгаарлах байрны мөнгө төлөөгүй байсан учраас “Би нэгэнт тийзээ авчихсан шүү дээ” гэтэл “МИАТ буцаагаад мөнгийг чинь өгөх л байлгүй” гэсэн. Солонгос дахь МИАТ-ын оператор харилцааны ямар ч соёлгүй, хүнд сурталтай. Тусгаарлалтын мөнгө надад үнэхээр байгаагүй учраас би азаа туршсан. Би онгоцны буудал дээр долдугаар сарын 1-нд очиж хоноод, өглөө нь онгоцонд суусан юм. Шинжилгээний хариу шалгаад, минийхийг зүгээр авчихсан.

Онгоцноос буухад хүн бүрийн нэрийг овогтой нь дуудаж байхад намайг нэрээр маань дуудсан. Очтол “Таван сартай жирэмсэн үү” гэсэн. Би “Долоон сартай жирэмсэн” гэж хэлсэн. Буудал дээр ирээд нэрээ хэлтэл бас л “Ийм овогтой хүн байхгүй. Ганцхан Энхсувд байна. Та 85 настай ээжтэйгээ яваа юу” гэсэн. Регистрийн дугаар, гэрийн хаяг, овог, нэрээ наснаасаа олон удаа хэлж байна. Онгоц хөөрлөө тухайн хүмүүсийн бүх мэдээлэл ирсэн байх ёстой баймаар. Гэтэл зарим хүний нэр нь ч байхгүй, намайг 85 настай ээжтэйгээ ирж байгаа гээд оруулчихсан байгаа юм. Энэ бол ямар ч харилцаа, холбоо, уялдаагүй ажиллаж байгаагийн илрэл. 

ВИРУСТЭЙ ХҮН ЯВЖ БАЙСАН БОЛ БИД АЛЬ ХЭДИЙН ХАЛДВАР АВСАН

-Онгоцонд хүн хоорондын зайг хэрхэн баримталж, амны хаалт зэргийг яаж сольж, халдвар гарахаас сэргийлж байсан бэ?

 -Онгоцонд суухад МИАТ-ын ажилчид гараа ариутгаарай гээд, нэг удаагийн ганц амны хаалт өгч байсан. Хоёр цаг тутам амны хаалт авчирч өгөөд солиулсан зүйл байхгүй.  Хүмүүс өөрсдөө солих нь солиод, солихгүй нь солихгүй ирсэн. Хүн хоорондын зайг бүр ярилтгүй. Онгоц маш давчуу суудалтай байсан. Вирустэй хүн явж байсан бол бид аль хэдийн халдвар авсан. Мөн энд ирээд ч халдвар авахаар болсон. Учир нь, бүхэл бүтэн гурван цаг буудлын гадаа зогсоочихож байгаа юм. Бараг такси бариад ч гэр рүүгээ явчихвал мэдэхээргүй юм билээ. 

-БНСУ дахь Элчин сайдын яамны хүнд суртал ямар байна вэ? 

-Маш их хүнд сурталтай. Элчин сайдын яамтай холбогдохоор “Ингэхгүй юү, тэгэхгүй юү. Манайх өргөдлийг чинь аваад Монгол руу л явуулж байна. Бидэнд өөр мэдэх зүйл байхгүй” гэдэг. Зарим нь хүнтэй ярьж байна чинээ тоодоггүй. Тэд бидэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх гэж ажилладаг баймаар. Гэтэл тэр ажил, үүргээ ойлгодоггүй. Маш муухай харилцдаг. 

ҮНЭНДЭЭ, БИ ӨЛСӨЖ БАЙНА

-Тусгаарлах байрны нөхцөл, хоол унд ямар байна вэ?

 -Асуудал олон байна. Гэхдээ ирсэндээ баярлаад л чимээгүй байж байхаас. Анх ирсэн өдөр үнэхээр муу байсан. Бид сайжрах байх гэж найдаж, хүлээж, шаардлага тавьсан. Өдрийн таван хоолтой гэсэн. Өглөө 09:00 цагт цай, нэг боорцог, эсвэл талх  өгдөг. Тэрүүгээрээ өдөр 13:30 цаг хүртэл байгаад,  I, II хоол ирнэ. Нэг удаагийн пластик материалд хоолоо өгдөг болохоор эрүүл ахуй талаасаа шаардлага хангахгүй, хэмжээ нь бас бага. Гэхдээ монгол хүн хоол голдоггүй болохоор идэж байна. Өдөр 16:00 цагт нэг аяга аарц, эсвэл чацарганын шүүс өгдөг. Ингээд 18:00 цаг өнгөрөөд нэг хоолтой. Ингээд л боллоо. Үнэндээ, би өлсөж байна. 

-Та БНСУ руу ямар ажлаар хэзээ явсан бэ?

 -Би 2018 оноос хойш Солонгос, Монголын хооронд байнга ирэн, очин байдаг болсон.  Сүүлд нэгдүгээр сард явсан юм. Бусдын л адил ажил хийдэг. Гурван сар ажил хийчихээд ирье гээд яваад, очсон хойноо жирэмсэн болсноо мэдсэн. Очоод хоёр, гурван сар хэртэй ажил хийж, тэрүүгээрээ болгосон. Байр, хоол унд, эмнэлгийн төлбөр гээд асуудал мундахгүй. Мөн хүүхдүүд рүүгээ мөнгө явуулна, лизингээ төлнө. Ганцаараа байсан бол үнэхээр зутрах байлаа. Нөхөр маань байсан тулдаа л энэ хугацааг давлаа. Нөхрийнхөө бүх мөнгийг шавхаад ирсэн. Уг нь хамт ирэх байсан ч чадаагүй. Манай хүн зардлаа олно гээд үлдсэн. 

-Солонгост байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ. Нааашаа ирэх хүсэлтэй хүн хэр олон байна вэ?

 -Тавьсан таван шаардлагад тэнцэж байгаа хүмүүс л өргөдлөө өгч байгаа. Нэг ах эхнэр хүүхэдтэйгээ Солонгост очоод, тэднийгээ явуулахын тулд 10 сая гаруй төгрөгийн өрөнд орчихлоо гэж байсан. Таван шаардлагад нь нийцээгүй хэрнээ явах хүсэлтэй маш олон хүн байгаа. БНСУ-д ажлын байр хомсодчихсон, дотооддоо эдийн засгаа сэргээх гээд ажиллаж байгаа. Солонгост гадаад иргэдийг тусгаарлахдаа оршин суугаа хаягтай бол тэнд нь хүргэж, тухайн хорооных нь ажилчид долоо, долоо хоногоор хүнсийг нь аваачиж өгдөг.

Оршин суух хаяггүй хүнийг Инчеоний ойролцоо тусгаарлах байранд өдрийн 100 мянган воноор 14 хоног тусгаарладаг. Хүнээ маш сайн боддог. Зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 12 хүртэл бүх том дэлгүүр, худалдааны төв, зах нь 80 хувь хүртэл хямдрал зарласан. Энэ нь бичил бизнес эрхлэгчдээ эдийн засгийн хүндрэлээс гаргах зорилготой. Мөн Солонгост албан ёсоор амьдрах эрхтэй гадаадын иргэдэд мөнгөн тусламж үзүүлж эхэлж байгаа юм билээ. Гэхдээ дүүрэг бүрээр ялгаатай. Зарим нь өгч байхад зарим нь өгөхгүй. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 43 минутын өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 51 минутын өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 1 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 1 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 2 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 3 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 5 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 5 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 5 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 7 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 7 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 7 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 21 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 21 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 23 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 23 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 23 цагийн өмнө