Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Янз бүрийн юм яриад байвал Амгаланбаатарыг хүн алсан хэрэгт холбоно гэж дарамталдаг байсан


Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн хэргээр шалгагдаж, Улсын ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шалгаж, ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон билээ. 

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан. 

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт хамаарах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 13-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан ч хойшилж, 28-ны өдрийн 10:00 цагт хийхээр болсон. Товчхондоо, Б.Хурц нарын асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэзээ хамгийн сүүлд уулзав, ямар байдалтай байна вэ?

 -Хамгийн сүүлд есдүгээр сарын 10-нд уулзсан. 45 хоногт нэг удаа түр уулзалт хийх боломжтой байдаг юм. Эмнэлэгт хэвтээд зүс царай нь нэлээд сайжирсан байна лээ. Хар дарсан зүүд шиг энэ аймшигт байдлаас ямар ч байсан бага хэмжээгээр ч болов ангижирч, нөхцөл байдал сайжирч байгаад баярлаж байна.

 -Эхнэрийн тань сэтгэл санаа мэдээж хүнд байгаа. Гэхдээ бас ч гэж найдвар төрж, таны хэлсэнчлэн хар дарсан зүүднээс сэрэх цаг удахгүй ирнэ гэх итгэл төрсөн байх гэж бодож байна?

 -Өөрөө бол сэтгэл санаагаар маш их унасан. Гэхдээ Б.Хурц нарыг буруутай гэж үзсэн шүүх хурлаас хойш, шүүх хурал ийм нөхцөл байдалд болдог юм байна, үнэн илэрнэ гэдэгт итгэж эхэлсэн. Өмнөх гурван шатны шүүх хурал бол зүгээр л алх цохиод л явчихсан. Үг хэлэх ямар ч боломж байгаагүй гэж хэлдэг. 

-С.Зоригийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь Монголоос халиад олон улсын анхаарлын төвд орчихлоо. Нөгөөтэйгүүр энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүдэг бусармаг явдлыг таслан зогсоох зорилгоор УИХ-д Түр хороо байгуулагдсан. Түр хорооныхонтой холбоотой л байгаа байх. Чихэнд чимэгтэй, нааштай мэдээ мэдээлэл сонсогдож байна уу?

 -Би холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзаж яваагүй ээ. Мэдээж хувь хүнийхээ зүгээс түр хорооныхонд их баярлаж явдаг. Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар, ард түмнээ гэсэн сэтгэл, үнэн шударгын төлөөлөл болж, өөрсдийгөө янз бүрийн гүтгэлэг, доромжлолд оруулан байж энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн өмнөөс дуугарч, учир зүйг нь олох гэж хөдөлсөн. Үнэхээр их баярладаг. Энэ хэлмэгдүүлэлт зөвхөн ганц нэг хүнд зовлон учруулсан юм биш. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, үр хүүхдийг нь хамарсан хар бараан үүл болчихоод байна. Миний бодлоор энэ бол сэтгэлзүйн дайн. Хэдийгээр тэр хоёр хүн тэнд хоригдож байгаа ч энд байгаа ар гэрийнхнийх нь хувьд өдөр, цаг тутамд сэтгэл санааны дарамтад байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намайг тагнаж, чагнасан. Үр дүнд нь миний ард хүн хурдан алхахад ч цочиж сандардаг, айдастай болсон. Гээд яахав дээ, үхтэл үр харам гэдэг. Өөрийгөө зөнд нь орхисон ч, үр хүүхдээ ахиад алдчих вий гэх эмзэглэл салдаггүй, надаас. 

-Танай бага одоо хэдэн настай юм бэ? 

-Миний бага хүү 22 нас хүрчихлээ.

-Мэдээж энэ бүх явдлын хамгийн хүнд цохилт томчуудаас илүү хүүхдэд туссан байх? -Одоо бас ч гэж дээрдсэн. Хоёр гурван жилийн өмнө бол их хэцүү, нэг тийм шокын байдалд орчихсон байсан. Найзуудтайгаа уулзаж байгаа гээд бодоод орохоор уйлчихсан сууж байх үе ч олон. Найз нөхөдтэйгөө ярьж, хөөрдөг л байсан биз. Эмзэглэх болов уу гэж айгаад мэдээгүй царайлаад өнгөрсөн нь олон доо. Манай бага хүү ээжтэйгээ илүү айдаг байсан болоод ч тэр үү хүнд ээ хүнд.

 -Ингэхэд одоо хоригдож байгаа Содномдаржаатай яг ямар холбоотой байсан юм бэ? 

-Ямар ч холбоо байхгүй ээ. Намайг цэрэгт явж байхад усны тэрэг түрсэн жаахан хүүхэд гүйж явсан. Манайхтай биш, манай ах дүү нарынхтай нэг гудамж. Амгаланбаатарынхтай зэргэлдээ хашаанд амьдардаг байсан. Бие биенийхээ зүс царайг л мэднэ. Жаагий л гэдэг байсан. Энэ хэлмэгдүүлэлтээс хойш л бүтэн нэрийг нь мэдсэн дээ. 

-Мессежээр их дарамт ирдэг байсан гэдэг. Танд бас мессеж ирсэн удаа бий юу?

 -Надад дарамт ирж байгаагүй ээ. Манай гэр бүлийн хүнд л 2013 оноос эхэлж ирдэг болсон. Шоронгоос ирж байгаа болохоор Эрдэнэтийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга Мөнхзул гэдэг хүнд зураг болгож угаалгаад өгсөн. Тэр алга болсон л доо. 

-Алга болсон гэхээр эд мөрийн баримт устгагдсан гэсэн үг үү? 

-Тэгсэн, тэр хүнд өгөөд л Тагнуулынхан ч авсан юм уу алга болчихоод, сүүлд гарч ирсэн. Надад бол сүүлийн хэдэн мессеж нь байдаг юм. Эхнэрээ хоригдсоны дараа би хот руу орж ирчихээд садангынхандаа уншуулж байлаа. Тухайн үед надад ч манай хадмынхны гэрт ч чагнах төхөөрөмж тавьчихсан байсан юм билээ. Тэр үед би микронд цүнхтэй хувцсаа тавьчихаад, бие засчихаад ирэх хооронд миний цүнх алга болчихсон. Тэр үед өнөөх утас маань алга болчихсон доо.

 -Яг одоо та сэтгэлзүйн хувьд ямар байдалтай байна вэ. Гурван шатны шүүхээр ороод ял аваад явчих үеэс арай өөр байгаа болов уу?

 -Энэ бол хийгээгүй хэрэг. Би үнэн ялна гэдэгт анхнаасаа л итгэж байсан. Шүүхийн шийдвэрийг сонсоод за цаг хугацаа л их орох нь гэж бодсоноос ялна гэсэн итгэлээ нэг ч өдөр гээж байгаагүй ээ. Хэзээ ч ял аваад, энэ чигээрээ хоригдоно гэж боддоггүй. Үнэн хэзээ нэгэн цагт ялна гэсэн итгэлээр өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ах нь амьдын хагацал гэдгийг биеэрээ үзэж яваа хүн. Хүн л юм чинь их л юм бодох юм. Миний ханьд хилс хэрэг тохсон хүмүүст эцэг, эх, хань ижил, үр хүүхэд байгаа л байх. Эхэн үедээ энэ том хэргийг миний хүү, миний хань илрүүлчихлээ гэж бахархаж байсан байж магадгүй. Гэтэл одоо бүх зүйл ил болж, энэ жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг Монголын ард түмэн мэдчихээд байхад яагаад тэдний ар гэрийнхэн нь ахдаа, аавдаа, ханьдаа одоо болиоч, энэ жигшүүрт хэлмэгдүүлэлтээ зогсоогооч гэж хэлдэггүй юм бэ. Яасан ч сэтгэлгүй улс вэ гэж гомдож л суух юм. Өнгөрсөн дөрвөн жилийн турш би зовлонгоо бусдад нялзаахгүй, өөрөө л үүрч гарлаа. Өнгөрсөн хугацаанд хүний сайн мууг таньж мэдэрлээ. Надад одоо бусдад итгэх итгэл бараг л үлдсэнгүй. Ах дүүс, цөөн хэдэн найз нөхөд маань, тэр тусмаа хар багын найзууд сэтгэлийн дэм өгсний хүчинд би амьдралаа авч явна. Би уг нь их нийтэч, найзархуу хүн. Үнэнч сайн найзууддаа үнэхээр их баярлаж явна.

 -Та одоо хотод амьдарч байна уу. Хэдийд нутгаасаа гарав? 

-2015 оны наймдугаар сарын 31-нд эхнэрийг маань баривчилсны дараа буюу есдүгээр сарын 2-нд талийгаач охинтойгоо хотод орж ирсэн. Нууцгүй хэлэхэд, анх баривчлагдахад нь ах нь баярлаж байсан

-Яагаад?

 -Амгаланбаатарын дарамттай мессежүүдийг нэг мөр шийдэх нь л гэж бодсон. Тэгсэн 14 хоногийн дараа яллагдагчаар татсан. Шүүх хорих хугацааг сар болгон сунгадаг. Сар болгоны 30-31-нд гарчих болов уу гэж горьдож явсан. Анхандаа Монголын шүүх үнэн худлыг ялгаад өгнө гээд хүлээлттэй байсан ч худал болсон. Эсрэгээрээ эргэсэн. Би байнга дуудагдаж, байцаалт өгдөг байсан даа. Тэгээд л энэ хэрэг зүгээр өнгөрөхгүй нь зохион байгуулалттай ажил явагдаад байна гэдгийг ойлгосон. Тэнэг надад л ойлгомжтой болоод ирсэн. Хурал болоогүй байхад л ялласан маягаар ханддаг байсан.

 -Хэрэг үйлдсэн гэгдээд байх цаг үед танай хүн нялх хүүхэдтэй байсан гэдэг. Гэтэл хэрэг үйлдэх үеэр хотод ирээд, буудалд байрлаад, хэд хоносон гэж яригдаад байдаг? 

-Тийм юм байхгүй ээ. Бид хоёр цуг л байсан. Анх надаас гэрчийн мэдүүлэг авахад нь би, 18 жилийн өмнө хаана байснаа мэдэхгүй. Ямар ч байсан Дорноговьд хадмынд эсвэл Эрдэнэтэд гэр орондоо л байж таарна гэж мэдүүлэг өгсөн юм. Дараа нь шүүх хурал болох үед би хэлсэн. Анх мэдүүлэг өгөхдөө санаагүй ч хожим нь санасан. 1998 онд манай дунд охин Дорноговийн Сайншандад нэгдүгээр ангид орж байсан. Тэр нь сургуулийн архивт байдаг. Арваннэгдүгээр сарын эхээр бага, дунд хоёр охин маань Эрдэнэт рүү шилжсэн баримт бий. Эх хувь нь ч байгаа, эхний мэдүүлгээ өөрчилж болно биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ гээд байцаагч уурласан. Тэр ч бүү хэл чамайг янз бүрийн юм яриад байх юм бол Амгаланбаатарыг анх хүн алж байсан хэрэгтээ холбоно шүү, үр хүүхэд чинь байгааг мэднэ гэж дарамталсан.

 -Т.Чимгээгийн байцаагч н.Бямбажав гэж хүн байсан. Надаас мэдүүлэг авсан нь н.Болд гэдэг хүн байсан.-Одоо тэр хүн хаана ажиллаж байгаа бол?

-Мэдэхгүй ээ.

 -Хотод орж ирээд дөрвөн жил болж байгаа юм байна. Одоо та яг хаана, хэнтэйгээ амьдардаг юм бэ?

 -Миний ээж 86 настай хөгшин бий. Ээж, дунд охин бас талийгаач охины хүүхэд, бага хүү минь эхнэр хүүхэдтэйгээ гээд долуулаа амьдарч байна. Орж ирээд л түрээсийн байраар гэр хийсэн. Настай ээж, нялх хүүхдүүдтэй гэр хороололд амьдрахад хүнд. Болохгүй юм байхгүй ч хэцүү юм билээ. Тэглээ гээд яахав, хүний өмнөөс амьдарч байгаа биш. Гагцхүү энэ хэрэг зөвөөр шийдэгдэж, нэг цаг, ганц минутын өмнө ч болтугай эхнэрээ гараад ирээсэй гэж бодохоос өөр хүсэх юмгүй л амьдарч байна.

 -Гэнэтийн энэ хагацал, цаг хугацаа ч бас хүнийг цөхрөөдөг байх даа?

 -Цөхөрлөө гээд хаяж болохгүй асуудал байдаг юм. Ер нь тэгээд зовлон үзсэн хүн л зовлонг ойлгодог юм билээ. Үхэл хагацал тохиолдоод, хань ижлээ алдчихсан бол хоногийн тоогоор мартагнадаг юм гэнэ лээ. Би төрсөн ахаа, төрүүлсэн охиноо алдлаа.Амьдын хагацал гэдэг чинь... Хийгээгүй хэргийнхээ төлөө... Санаад хоног тоолоод, очоод уулздаг. Амьд мэнд байгааг нь хараад, сайхан болдог. Буцаад гараад явахад бэрх ээ бэрх. 407-д хийсэн хэргийнхээ ялыг үүрээд явж байгаа хүмүүстэй уулзсан. Хэрэг хийсэн хүн чинь үйлийн үрээ эдлэж байна гэж гэмшээд хувь тавилантайгаа эвлэрч үүрэх ёстой ялаа үүрч байна гэдэг бол хэлмэгдээд орсон хүн яах вэ. Хэцүү л дээ. Манай хүн чинь тусдаа хоригддог. Өрөөндөө ч ганцаар, хоолонд орохдоо ч ганцаараа. Бүр тусгаарлачихсан байсан. Эхнэрээ, би гарна гэсэн бодолтойдоо л тэсч байгаа байх гэж боддог. Бас нэг юм нэмж хэлэхэд, ард түмэн агуу л байдаг юм билээ. Намайг, манай гэр бүлийнхнийг, ойлгож, тэсээрэй үнэн ялна гээд сэтгэгдэл бичихэд ч би баярлаж, эрч хүч авдаг. Хүмүүс намайг ярилцлага өгдөггүй гэдэг л юм. Би гурвын гурван удаа нууцын зэрэглэл гэдэг юман дээр гарын үсэг зурчихсан хүн, яаж ярилцлага өгөх вэ дээ. Өнөөхдөө саад тээг болчих вий, зовлон дарамт нэмчих вий гэж айна. Би УИХ-д байгуулагдсан Түр хорооныхонд үнэхээр их баярлаж явдаг. Эрсдлийг хайхрахгүй, үнэний төлөө түүчээлсэн улс. Б.Хурцын шүүх хурал хойшлоод л байх юм. Хурдан нэг тийшээ болчихоосой гэсэн хүлээлттэй сууж байна. Бас энэ муухай хэлмэгдүүлэлт манай болон Содномдаржаагийн гэр бүлээр дуусаасай. Энэ бол аймшигт үзэгдэл, зохион байгуулалттай явдал гэдгийг бие сэтгэлээрээ ойлгосон хүн шүү, ах нь.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 15 минутын өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 38 минутын өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 1 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 1 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 2 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 2 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 2 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 2 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 3 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 4 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 4 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 7 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 22 цагийн өмнө